УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны салбар ангиудад 2023 оны гуравдугаар сарын 18 буюу Монгол цэргийн өдрөөс хойш ажилд орсон ачаа хамгаалагч, суурин харуул болон гал сөнөөгч нийт 68 ажилтан тангаргаа өргөлөө. Тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд Удирдах газрын гаднах талбайд болж, Замын I орлогч дарга О.А.Казаков, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга К.В.Асланов, ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат тэргүүтэй удирдлагууд оролцов. Замын I орлогч дарга О.А.Казаков бүгдэд нь цэргийн баярын мэнд хүргээд “Тангараг өргөж буй алба хаагчид маань үүрэг даалгавраа сайн биелүүлээрэй. Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтынхан төмөр замаар тээвэрлэж буй ачаа, зорчигчдыг хамгаалах, гадны халдлагаас урьдчилан сэргийлж ажилладаг онцлогтой. Ийм онцгой байгууллагад ажилд орж, тангараг өргөж буй залуус та бүхэн ажилдаа маш хурдан жигдэрч, илүү сайн ажиллаарай” гэв. Мөн ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат нийт бие бүрэлдэхүүндээ Зэвсэгт хүчний 103 жилийн ойн мэнд хүргээд “Манай албанд эдгээр залуус ажилд орох хүсэлтээ өгч, туршилтын гурван сард ажиллахдаа төмөр замын хууль дүрэм, журам, үйл ажиллагаанд суралцан дадлагажиж, ажил төрлөө нэр төртэй гүйцэтгэж байна. Шинээр томилогдож буй ажилчдадаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа, объектын бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдлыг хангах үйлсэд бие сэтгэлээ зориулан тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний мөр цагаан, үйлс гэгээн, нэр ариун байх болтугай” гэсэн юм.

            Ийнхүү тангараг өргөх ёслолыг Амгалан цэрэгжүүлсэн хамгаалах ангийн харуулын дарга Д.Ганболд удирдаж, нийт бие бүрэлдэхүүн тангараг өргөн гарын үсгээ зурж, төрийн далбаанд хүндэтгэл илэрхийллээ. Үүний зэрэгцээ ЦХОБА-ныхан галын зарим машин техник, хамгаалах хувцас, багаж хэрэгслээ Замын удирдлагуудад танилцуулав. Машин техникийн хувьд зарим нь хуучирсан тул шинэчлэх шаардлагатайг ч албаны дарга дуулгалаа. Төмөр замын ачаа тээвэр тэр чигтээ үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тиймээс өнөөгийн нийгмийн эмх замбараагүй байдал, дэг журамтай холбоотойгоор онцгой байдал болон харуул хамгаалалтынхаа тусгай бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, анхан, дунд шатны мэдлэгийг олгох, чадавхжуулах сургалтыг ч өнгөрсөн онд бүх ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд зохион байгуулснаа дурдав. Төмөр замын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлэхийн тулд алба хаагчдын мэдлэг чадвар, дадлага туршлага сайн байх ёстой учир хүний нөөцийн бодлогын бичиг баримтдаа өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, шинээр авах албан хаагчдын нас, мэдлэг чадвар, мэргэшлийг тодорхой тусгаж, онцгой байдал, харуул хамгаалалт гэсэн хоёр үндсэн чиг үүрэгтээ 100 хувь мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзжээ.

Ийнхүү тангараг өргөх ёслолын үеэр алба хаагчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

           

Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалах ангийн гал сөнөөгч О.Сумъяабазар:

 

-Би өнгөрсөн жилийн гуравдугаар сард ажилд орсон. Өмнө нь, Хилийн цэргийн ангид хугацаат болон гэрээт цэргээр гурван жил ажилласан. Гэрээ дуусангуут нь УБТЗ-ын ЦХОБА-д ажиллах хүсэлтээ өгч, тэнцээд орсон. Хилийн цэрэгт ажиллах сайхан байсан ч гэрээс хол болохоор төв бараадсан юм. Цэргийн алба хааж, цэргийн ангид ажиллаж байсан учир цэрэгжүүлсэн хамгаалах ангид ажиллахад хүндрэлтэй зүйл алга. Харин гал сөнөөгчдийн хэрэглэдэг багаж тоног төхөөрөмж, машин техникийн хувьд жаахан дутагдалтай. Цаашид шинэчлэн сайжруулах талд удирдлагууд тодорхой арга хэмжээ авч байгаа болов уу гэж бодож байна.

 

            Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалах ангийн гал сөнөөгч Б.Нямцогт:

 

-Би Үндэсний Батлан хамгаалах их сургуульд дөрвөн жил сурч төгссөн. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Аврах гал унтраах XI ангид долоон жил ажилласан. Тэр үедээ төмөр замын гал унтраах ангийнхантай тэмцээн уралдаан, гал унтраах ажиллагаа зэрэг үйл явдал дээр тааралддаг байсан. Онцгой байдлын ангид гал сөнөөгч нар цолтой байдаг бол энэ ангид цолгүйгээрээ ялгаатай. Ажилд ороод хоёр сар боллоо. Дадлага сургуулилт, гал унтраах бэлтгэлийг үргэлж хийж байгаа. Энэ өдөр хамт тангараг өргөсөн нийт алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.

 

Зүүнхараа дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн суурин харуул У.Мөнх-Эрдэнэ:

 

-Би өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард ажилд орсон. 2017-2018 онд Үндэсний Батлах хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж, 2018-2022 оны наймдугаар сарын 28 хүртэл Зэвсэгт хүчний тусгай хүчний батальон 084 дүгээр ангид ахлагч цолтой ажилласан. Би Зүүнхараагийнх л даа. Тиймээс нутагтаа очиж ажиллахаар шийдэж Зүүнхараа дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангид ажилд орсон. Цэрэгжүүлсэн гэдэг утгаараа жагсаалын болон цэргийн бэлтгэл бага зэрэг хийдэг. Ер нь, цэргийн анги бол цэрэгжүүлсэн байдал нь өндөр шүү дээ. Тиймээс энэ ангид ажиллахад асуудал алга. Тангараг өргөх ёслол нь их өөр болдог юм байна. Мөн алхаж гишгэх, дарга нар ажил удирдах нь ч өөр байдаг. Энэ нь олон жил тогтсон дотоод соёл нь юм байна гэж ойлгосон.

           

Ийнхүү ЦХОБА-нд 68 алба хаагч тангараг өргөж, үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэхээ Замын удирдлагуудыг өмнө амлав. Өнөөгийн байдлаар Замын хэмжээнд Цэрэгжүүлсэн хамгаалалтын 10 анги, гурван салаа үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ангид нийт 486 алба хаагч үүрэг гүйцэтгэж буйн 70 хувь нь 35 хүртэлх насны залуус байна.

 

М.Наранболд