Хүүхдийн секторын харьяа урд бүсийн цэцэрлэгүүд зарим нь Замын хөрөнгө оруулалтаар хийх томоохон засвар үйлчилгээг эс тооцвол бүгд өвөлд сайн бэлтгэжээ. Тухайлбал, Сайншанд дахь “Хараацай” цэцэрлэг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 229 хүүхэд, 29 ажилтантай ажиллаж байна. Улсын хэмжээнд багшийн үнэлгээнд 89.5 хувь буюу II түвшнээр шалгагдаж, Дорноговь аймагтаа эхний гуравт эрэмбэлэгдсэн амжилтаар Замын даргын үзлэгийг угтлаа. Тус цэцэрлэг өнгөрсөн аравдугаар сарын 23-наас эхлэн Агьсүмбэт зөрлөгийн салбар цэцэрлэгээ нээн ажиллуулжээ. Р.Бадамханд эрхлэгч хүүхэд бүрийнхээ хөгжлийг цогцоор нь дэмжсэн, эрүүл таатай орчныг бүрдүүлэн ажиллаж буйгаа танилцууллаа. Мөн “Сансар” цэцэрлэг БШУ-ны сайдын А-164 тоот тушаалын дагуу 2-5 настай хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан цэгээр наадъя, эрт уншуулах арга зүй, төсөлт тоглоом, тоглоомын арга зүй, хөгжмийн сургалт арга зүйг ашиглан хичээлээ хийж буйгаа танилцуулав. Түүнчлэн, хүүхдүүдэд Улаан загалмайн долоон зарчмыг таниулан ахлах, бэлтгэл бүлгийн 72 хүүхдийг өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсүүлэн үнэмлэх, тууз гардуулж, цэцэрлэгтээ улаан загалмайн булан тохижуулсан байна. Тус цэцэрлэгт ороход л үүднээсээ цэвэр цэмцгэр агаад хана туурганы засварын өнгө шийдлийг маш зөв сонгосныг комиссынхон сайшаав. Тэд Хүүхдийн секторын хөрөнгө оруулалтаар БАҮ-ний III ангиар нэг давхрын үүдний хэсгийг хулсан хавтангаар доторлосон байлаа. Энэ мэтчилэн цэцэрлэгүүд засвар үйлчилгээгээ хийхийн зэрэгцээ гаднаа мод, бут, цэцэг тарьж, хашаа, талбайгаа тохижуулжээ.