Нүүр Ахмад үе Ч.Цогтбаяр: Ахмадуудад жилд хоёр удаа олгодог нэмэгдэл тэтгэлгийг шинэчилсэн
Ахмад үе

Ч.Цогтбаяр: Ахмадуудад жилд хоёр удаа олгодог нэмэгдэл тэтгэлгийг шинэчилсэн

G.Press 8 сарын өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. “Ахмадын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлын сонгуульт ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Та ажлаа авсны дараа шугам замаар тойрч, ахмадуудынхаа аж амьдрал, салбар хороодын үйл ажиллагаатай танилцсан. Замын даргын хаврын үзлэгээр ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа  танилцуулж, тодорхой хэмжээнд шийдвэрлүүлсэн байх?

 

-Нийт төмөр замчид, үе үеийн ахмадууд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, удахгүй болох “Олон улсын ахмадын өдөр”-ийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлаад 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулаад миний бие УБТЗ-ын “Ахмадын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан даруйдаа шугам зам дагуу “Ахмадаа сонсъё” уулзалтыг зохион байгуулж ахмадуудад тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо. Мөн Замын даргын үзлэгээр явахдаа удирдлагуудад танилцуулж, зарим нэг асуудлыг шийдсэн. Ер нь шугам замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудад тулгамддаг зүйлийн нэг нь орон сууцны асуудал байдаг. Замын захиргаатайгаа ярилцаж зөвлөлдөөд эхний ээлжинд Багахангайд 40, Замын-Үүдэд 54, Сайншандад 180 айлын орон сууц барьж байгаатай холбогдуулан ахмад төмөр замчдыг ипотекийн зээлд үр хүүхэдтэйгээ нийлж хамрагдах, эсвэл өөрсдөө байр захиалах нөхцөл боломжийг шийдэж өгсөн. Тиймээс ахмадууд хүсэлтээ өгч байртай болох боломж бүрдсэн. Ер нь ахмадууд хаанаас ч очоод орж болох боломжийг Замын захиргаанаас нээлттэй зарласан. Зөвхөн Багахангай, Сайншанд, Замын-Үүдийн харьяат иргэн гэхгүйгээр энэ орон сууц баригдаж байгаа газруудад байр аваад амьдрах боломжтой. Албан тушаалын байруудад тэтгэвэртээ гарчихсан ахмадууд амьдарч, байраа чөлөөлж өгөөгүй явдал байсаар байна. Үүнээс үүдэж тэнд ажиллахаар очсон залуучуудад орон байр ч хүрэлцэхгүй байна. Энэ нөхцөл байдлыг төмөр замын захиргаа мэдэж байгаа учраас цаашдаа ч энэ чиглэлээр арга хэмжээ авах эрэл хайгуулыг хийж байгаа. Хэрвээ одоо баригдаж байгаа орон сууцнаас худалдаж авах хүсэлтийг ахмадууд гаргавал хүлээн авч шийдвэрлэнэ. Замын даргын тушаал шийдвэр гарч, шугам зам, аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдсэн байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид хороо, зөвлөлөөрөө дамжуулаад мэдээллийг хүргэсэн.

 

-Ахмадын холбоонд нийт хэчнээн  ахмад настан харьяалагддаг вэ, салбар хороодын үйл ажиллагаа хэр өргөжиж байгаа вэ, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон уу?

 

-Нийт 8900 орчим ахмадтай. Судалгаанаас харахад 60 хүртэлх насны 2485, 61-80 хүртэлх насны 5490, 81-95 хүртэлх насны 790, 96 дээш настай 18 ахмад бий. Сүүлийн жилүүдэд 60 хүртэлх насны ахмадууд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд тэтгэвэртээ гарчихсан хэрнээ эргээд УБТЗ-даа 82 хүн ажиллаж байна. Цаашдаа нэмэгдэх хандлагатай. Ахмадын холбооны хэвшиж заншсан ажлууд тогтмол зохиогдож байна. Жил бүр “Гурван үеийн уулзалт”-ыг зохион байгуулдаг. Энэ уулзалтын нөхцөл байдал, арга хэлбэрийг өөрчлөх талаар яриа хөөрөө бий. Удахгүй Замын даргын намрын үзлэг шугам замд явагдана. Үзлэгээр явж ахмадуудтайгаа уулзаж, санал бодлыг сонсоно оо. Хийсэн ажил, цаашид юу хийх чиглэлээр зөвлөлдөнө.

 

-“Ахмад настны тухай” хууль шинэчлэгдсэнээр ямар зүйл заалт нэмэгдэж хэрэгжиж байгаа вэ?

 

-Тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилсан. Тодруулбал, өндөр настны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нөхөр, эсвэл эхнэрийн тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон. 50 түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжид хоёроос доошгүй хувьд нь ахмад настан авч ажиллуулах.

Өндөр настны тэтгэвэр авах эрх нь үүссэн ахмадыг өөрөө тэтгэвэрт гарахыг хүсээгүй тохиолдолд тэтгэвэрт гарахыг шаардах, хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлахыг хориглосон.

Ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэж үзвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувийг ажилтан, ажил олгогч төлөх шаардлагагүй. Нийгмийн халамжаас олгож байгаа нийт зардлын арваас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулахаар тусгасан. Ахмад настан магадлан итгэмжлэгдсэн 17 орчим рашаан сувилалд 50 хувиар хөнгөлүүлдэг байсан бол шинэ хуулиар  магадлан итгэмжлэгдсэн бүх сувилалд хөнгөлөлттэй сувилуулдаг болсон. Ахмад настны протезийг таван жилд нэг удаа байсныг гурван жилд нэг удаа болгосон. Тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие ахмад настанд түлээ нүүрсний тэтгэмж олгоно гэж заасныг нийгмийн халамжийн туслалцаа зайлшгүй авах шаардлагатай ахмад настанд олгохоор зохицуулж хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Манайд бол энэ нь хүн бүрт өгөхөөр болж байгаа юм. Ахмад настнаа хүндлэх, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, мэдлэг туршлагыг залуу үед хүргэх арга хэмжээг ахмадын өдрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд хүлээж аравдугаар сарын 01-07-ны өдрүүдэд  зохион байгуулж байхаар болсон.

 

-“Ахмад настны тухай” хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад ахмад настны асаргаа сувилгаа, хөнгөлөлт, тэтгэмжид хэр өөрчлөлт орсон бэ? 

 

-Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн шинэ хуультай холбогдуулаад Замын захиргаа Ахмадын байгууллагатайгаа хамтарч, нэлээд асуудлуудыг ярилцаж, цаашдаа хэрхэн ажиллах талаар Замын дарга, Ахмадын холбооны гүйцэтгэх захирал нар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлөвлөсөн ажлууд үргэлжлээд байгаа. Энэ оны долдугаар сарын 01-нээс “Дэд сангийн зарцуулалт, мөрдөх журам”-аа Удирдах зөвлөлөөрөө шинэчлэн батлуулсан. Ингэснээр ахмадын чиглэлээр баримтлах бодлогодоо буцалтгүй тусламжийн хэмжээг бүгдийг нэмсэн. Мөн удаан хугацаанд өвчтэй байгаа хүмүүст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлсэн. Зорилтот бүлгийн ахмадуудад өгдөг мөнгөн тэтгэмж нэмэгдсэн. Тэдэнд жилд хоёр удаа тус бүр 90000 төгрөг олгохоор болсон. 1200000 төгрөгөөс доош тэтгэвэр авдаг ахмадуудад түлш худалдаж авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх нөхцөлийг нэмэгдүүлсэн. Амралт сувилалд амрахад нийгмийн халамж, даатгалаас хөнгөлөлт аваагүй ахмадад хөнгөлөлт үзүүлэх нөхцөлөө шинэчилсэн. Тухайлбал, ахмадууд нэг ор хоногийн тарифыг 40000 төгрөгөөр тооцсон үнийн дүнгээс 35 хувиар, “Хүндэт төмөр замчин” тэмдгийг 2012 оноос өмнө авсан, “Төмөр замчны алдар”-тай төмөр замчдад амралт сувиллын тэтгэлэг дэмжлэгийг зохих ёсоор хуучны адилаар олгож байгаа. Мөн ахмадууд жилд нэг удаа орон нутгийн галт тэргээр ирж, очих тасалбарыг унтлагын вагонд олгох, 2012 оноос өмнөх “Хүндэт төмөр замчин”, “Төмөр замчны алдар” тэмдэгтэй ахмадуудад гэр бүлийнх нь хамтаар тасалгаат вагоноор үйлчлэх нөхцөл хэвээрээ байгаа. Манай ахмадууд өөрсдийн хүч бололцоогоор санхүүжүүлэлтээ зохицуулаад дотоод, гадаадад аялах нөхцөл нь нээлттэй байна. Энэ онд олон газруудаар явж амарцгаасан. Тэргүүлэгчдийнхээ урамшууллыг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс нэмэгдүүлсэн.  Мөн есдүгээр сарын 01-нээс жилд ахмадуудад хоёр удаа төмөр замаас олгодог нэмэгдэл тэтгэлгийг шинэчилсэн. Замын даргын тушаал гарсан. Тодруулбал, ажилласан жил, авсан гавьяа шагналаар нь Ахмадын баяр, Цагаан сараар тус бүр олгодог шагналаа нэмсэн. Бүх хороо газруудаар олгож эхэлсэн байгаа. Үүнд Замын захиргаа нэлээд хөрөнгө мөнгө зарцуулдаг.

 

-Ахмад настны тухай хуульд “цалингийн сангийн гурав хүртэлх хувийг ахмадын санд төвлөрүүлнэ…” гэсэн заалттай  холбогдуулан Замын захиргаанаас  олгож буй хувь хэмжээ нэмэгдсэн үү?

 

-Ахмадын сангийн хувьд гурван хувь хүртэл нэмэгдүүлэх хуулийн заалт бий. Өнөөдөр бололцооны хэмжээгээр нөхцөл байдалдаа уялдуулан нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.  Мэдээж цаашдаа санг хасна гэж байхгүй. Тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлээд явна аа.

 

-Ахмадын холбооны хийх ажлын цар хүрээ өмнөх онтой харьцуулахад хэр өргөжсөн бэ?

 

-Намайг ажил авснаас хойшхи таван сар гаруй хугацаанд ахмадуудын дунд урлаг, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр уралдаан тэмцээн болон бусад ажлуудыг  хороод, зөвлөлийн дарга нартайгаа хамтарч зохион байгуулж байна. Өнөөдөр 8900 ахмадтай болсон. Ахмадууд жилээс жилд нэмэгдсээр байна, энэ нь  дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс 5000 гаруй ахмад Улаанбаатарын хэсэглэлд байдаг. 3000 гаруй нь хөдөө шугам замд амьдарцгааж байна. Үйл ажиллагааг нь удирдаад явж байгаа 37 хороо, зөвлөл бий. Хороо зөвлөлүүдэд хамрагдсан ахмадуудын тоо өөр өөр байгаа. Хамгийн доод тал 50 гаруй хүнтэй зөвлөл байхад дээд тал нь 900 гаруй хүнтэй хороо байна. Зорчигчийн вагон депо, Улаанбаатар татах хэсэг, Замын анги, Удирдах газар гэх мэт хороод 300-гаас дээш хүнтэй байна. Шугам замд зангилаадаараа хуваагддаг. Есөн бүсэд ахмадууд маань хуваагдаж, Ахмадын холбооны үйл ажиллагаа, арга хэмжээндээ хамрагддаг. Цаашдаа ч ийм зохион байгуулалтаар явна.

УБТЗ-ын Ахмадын холбооны 2025 оны аварга шалгаруулах тэмцээнийг Баянбуурал амралтын газар зохион байгуулж, тэмцээнд 200 гаруй ахмад оролцож, амарч  явган аялал, граунд гольф, шугаман бүжиг гэсэн гурван төрлөөр болж өндөрлөлөө.  Бусад уралдаан тэмцээн төлөвлөгөөний дагуу бүс бүсдээ явагдана. Бүсээс шалгарсан баг, тамирчид УБТЗ-ын Ахмадын холбооны аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьдог. Тэмцээн жил бүр уламжлал болон явагдаж ирсэн. Манай ахмадын өргөөний байр 2003 онд ашиглалтад орсон. Засвар үйлчилгээ хийлээ. Энэ зун ёслол хүндэтгэлийн танхимтай болголоо. Мөн спорт, урлагийн танхимтай боллоо. Энэ танхимдаа өглөө бүр бүжиг, дасгал хөдөлгөөн хийдэг. Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийгддэг. Өдөр бүр нийтийн бүжиг, хороо зөвлөлүүд үйл ажиллагаагаа явуулж, ахмадуудаа алдаршуулах, дуун цэнгүүн зэрэг олон нийтийн үйл ажиллагаа тогтмол явуулж байна.

 

-“Булагтай” сувиллыг буцааж Ахмадын холбооны харьяанд шилжүүлэн ажиллуулах, хөдөлгөөнт оношилгооны төвд ахмадуудыг жигд хамруулах зэрэг асуудлууд яригддаг. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?  

 

-“Булагтай” сувиллыг ахмадын сувилал болгохыг хүсдэг. Өмнө нь хоёр жил Ахмадын холбооны харьяалалд байж байгаад одоо Төв эмнэлгийн харьяанд очсон. Гэхдээ бид хуулийнхаа дагуу сувилалд бүхий л хөнгөлөлт, эрхээ эдлэх бүрэн боломжтой. Ахмадуудын эрүүл мэнд, эмнэлгийн талаарх асуудлыг холбогдох удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Шугам замд хуучин явагддаг байсан галт тэрэгний оношилгоот үзлэгт ахмадуудыг хамруулж өгөх хүсэлт их ирдэг. Ер нь төмөр замчдаа жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Ахмадуудын эрүүл мэндийн үзлэг, оношилгоог тогтмол болгох асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Мөн Ахмадын өргөөний эмчийн кабинетыг өргөтгөж 6-7 аппараттай болсон, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж өглөө бүр дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа. Бүх хороо, зөвлөл, зангилаадад явган аялал, алхалтыг тогтмол хийж байна. Эмнэлгийн болон бусад тусламжийн чиглэлээр гадаад дотоодод эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд төмөр замын тэтгэмж тусламжийн комисс гэж байдаг. Тэнд хандаж нөхцөл байдлаа шийдвэрлүүлэх тогтолцоо бий. Холбогдох мэргэжилтнүүд ажиллаад асуудлыг тодорхой нөхцөлөөр тогтоож шийдвэрлээд явдаг.

 

-Ахмад төмөр замчдыг шагнал урамшуулал, тэтгэлэгт хамруулахад ямар шалгуур үзүүлэлт тавьдаг вэ?  

 

-Төмөр замд ажиллаж байгаад өөр салбар руу шилжиж тэтгэвэр гарсан ахмадууд бидэнд хандах тохиолдол гардаг. Манай төмөр замд Тусламжийн комисс гэж бий. Комиссоор орж, ажиллаж байснаа шалгуулж, бичиг  баримтаа цэгцлээд төмөр замаас тэтгэвэрт гарсан бол мэдээж төмөр замд ажиллаж байсан жилээрээ асуудал яригдаж шийдэгдэнэ. Төмөр замд ажиллаж байгаад өөр салбар байгууллагаас тэтгэвэрт гарсан бол тэр харьяаллаараа явна. Төмөр замчдыг ажилласан жилээр нь  тэтгэвэр, тусламж, хөнгөлөлтийг шинэчилж тогтоож, Цагаан сар, Ахмадын баяраар тодорхой хэмжээгээр олгодог. Ингэж жилдээ хоёр удаа нэмэгдэл тэтгэлэг олгодог байгууллага одоо хаана ч байхгүй. Монгол Улсын иргэнийхээ хувьд өөрсдийн харьяа хороо, дүүрэг, нийслэлдээ “Ахмад настны тухай” хуулийн дагуу бүх үйл ажиллагаа, тэтгэвэр тэтгэмждээ хамрагдах эрхтэй. Ахмадууд маань харьяалалтай, харьяалалгүй гэж хоёр янз байдаг. Манайхаас тэтгэвэрт гарсан 8900 орчим ахмад төмөр замдаа харьяалалтай, харьяаллын дагуу хороо нэгждээ иргэнийхээ хувьд бүх халамж үйлчилгээг авах, хамрагдах, арга хэмжээнд оролцох эрхтэй. Мөн шагналтай холбоотой асуудал их яригддаг. Үүнийг хоёрт талтай авч үзэх хэрэгтэй. Ер нь шагнал гэдгийг одоогийн тавигдаж буй зарчим шаардлагаар тухайн хүн ажиллаж байхдаа шагнал, урамшууллыг авах ёстой. Гэхдээ Замын захиргаа энэ асуудалд уян хатан хандаж, жилдээ Цагаан сар, Ахмадын баяраар шагнал урамшууллыг олгож байгаа. Удахгүй болох Ахмадын баярыг тохиолдуулан УБТЗ, ЗТЯ-нд шагнуулах ахмадуудынхаа нэрсийг хүргүүлсэн. Үүнийг шийдвэрлэсэн.   

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.