Нүүр Ярилцлага Ц.Бат-Өлзий: “2Загал” зүтгүүрийн макетыг хамгийн их захиалдаг
Ярилцлага

Ц.Бат-Өлзий: “2Загал” зүтгүүрийн макетыг хамгийн их захиалдаг

G.Press 5 сарын өмнө 188 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Туслах машинч Ц.Бат-Өлзий чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийн дур сонирхлоо дагах энгийн хүсэлтэй нэгэн. Гэвч тэрхүү хобби нь цаг хугацааны явцад уйгагүй хөдөлмөр, тасралтгүй суралцах хүсэл, өөрийгөө хөгжүүлэх тууштай байдлын ачаар мэргэжил мэт болж төлөвшжээ. Галт тэрэгний ертөнцийг сэтгэлдээ тээж, төмөр замын түүх, хөдөлгөөний гоо сайхныг уран сэтгэмж, гарын уртай хослуулан сувинер болгон амилуулж чаддаг нь түүний онцгой давуу тал юм. Жижигхэн деталь бүрийн цаана нарийн хийц, судалгаа, тэвчээр, чин сэтгэл шингэсэн байдгаараа түүний бүтээлүүд жинхэнэ үнэ цэнтэй байдаг. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 

-Та өөрийгөө товч танилцуулна уу. Ажил, амьдралын замнал тань хэрхэн эхэлсэн бэ?

 

-Намайг Цэвэлжавын Бат-Өлзий гэдэг. Баянхонгор аймагт төрсөн. 2014 онд Төмөр замын МСҮТ-ийг туслах машинч мэргэжлээр төгсөж, Улаанбаатар татах хэсэгт 2015 оноос ашиглалтын цехэд сумчин-найруулагчаар ажилласан. 2018 оноос туслах ашиглалтын VIII цуваанд туслах машинч улмаар VII цуваа уруу шилжиж, депогийн сэлгээний туслах машинч болсон. Өнгөрсөн аравдугаар сараас МТЗ ТӨХК-д туслах машинчаар ажиллаж байна.

 

-Зүтгүүрийн макет хийх хобби тань хэрхэн эхэлсэн бэ?

 

-Намайг анх ажилд ороход Улаанбаатар татах хэсгийн үүдэнд зүтгүүрийн макетууд байдаг байлаа. Тэрийг хараад “Гэртээ нэгийг хийе” гэж бодсон. Хэмжээг нь багасгаад нэг жижиг макет хийж үзсэн. Дараа нь хамт ажилладаг хүмүүстээ үзүүлэхэд тэд  захиалга өгч эхэлснээр 2016 оноос тогтмол хийх болсон.

 

-Одоогоор хэдэн макет хийсэн бэ. Өмнө нь гар урлал, сийлбэр хийдэг байсан уу?

 

-Нарийн тоолж амжаагүй ч багцаагаар 1000 гаруй ширхэг болсон. Дөрвөн жилийн өмнө “Хоббитой зүтгүүрчин групп”-д элсэх үед 700 орчмыг хийсэн байсан. Одоо бол ажилласан өдөр, хийсэн тоогоо тэмдэглээд явдаг. Хүүхэд байхдаа зураг зурдаг байсан. Хөдөө байхдаа гэрийн тооно цоохорлож буддаг. Гэхдээ айхтар гүн оролдоод байсангүй. Ер нь, гараар урлалд сонирхолтой байсан. Тэр нь сүүлдээ зүтгүүрийн макет хийх хобби болж хөгжсөн.

 

-Та хэдэн төрлийн макет хийж байна вэ?

 

-Уурын тэргүүдээс эхлээд бүх төрлийн зүтгүүрийн макет хийсэн. Сонирхуулахад, саяхан Тавантолгойн төмөр замд орж ирсэн Америкийн шинэ зүтгүүрийг хийж байна. Мөн Хятадад горим нь өөрчлөгдөн, дээд хэсэг нь шинэчлэгдсэн Оросын “2ТЭ116УМ” загварын шинэ хабрид зүтгүүрийг хүртэл хийсэн. Уурын тэрэгний 4-5 загвар хийсэн. УБТЗ-д зүтгүүрийн 17-18 төрөл байгаа. Гурван жилийн өмнө ОХУ-аас “ТИП70” гээд суудалд зориулсан нэг зүтгүүр орж ирээд жил хүрэхгүй хугацаанд буцаасан. Тэрний макетыг хийж аваад үлдэж, нэгийг л хийсэн.

 

-Эдгээрийг хийхэд ямар материал ашигладаг вэ?

 

-Макетын гол их биеийг гурван мм-ийн металл хавтан эсвэл PVC хавтангаар хийдэг. Хэмжээгээ зүсээд, нааж, замаскдаж, дахин зүлгээд, дараа нь дэлгэрэнгүй эд ангиудыг наадаг. Хулдаас зүсэж шат, бариул зэргийг хийнэ. Харин сүүлийн үед макетын материал зардаг дэлгүүрүүдээс зориулалтын жижиг эд ангиуд авч ашигладаг болсон.

 

-Анхны хийсэн макет тань юу байсан бэ?

 

-Анх гэртээ тавья гэж “2Загал” зүтгүүр хийсэн. Түүний хэмжээг авч загварчлал хийсэн. Тэрнээс хойш бүх төрлийн зүтгүүрийг хоёр төрлийн хэмжээгээр буюу хоёр секцтэй жижиг хэмжээ, томруулсан нэг секцтэй гэсэн хоёр янзаар хийдэг болсон.

 

-Танд макетын захиалга хэр орж ирдэг вэ. Сард дунджаар хэдийг хийж амжиж байна?

 

-Ажлынхаа хажуугаар өдөр бүр сууж хийдэг ч гүйцэтгэхэд тун шахуу. Нэг макет хийхэд дунджаар 3-4 хоног зарцуулдаг. Харин загвар нь “гарт орсон”, олон давтамжаар хийсэн төрлүүдээ бол 5-6-г зэрэг бариад хийчихнэ. Тийм болохоор ажлын хажуугаар сард ойролцоогоор 30 орчим ширхгийг хийж амждаг. Энэ намар Тавантолгойд ажиллах үедээ тэдний шинэ загварын зүтгүүрээс 15 ширхгийг хийхээр авсан юм. Анхны таван ширхгийг хийхэд нэлээд удсан. Бүх хэмжээс, хийцийн онцлогийг нь гаргахаар их цаг ордог. Харин хэмжээгээ нэг тогтоочихоор дараагийнх нь арай хурдан гараас гардаг.

 

-Макет хийдэг хүн Монголд олон бий юу?

 

-Төмөр замд гурван хүн л байдаг. Анх намайг эхлэх үед нэг залуу хийдэг байсан. Бид хоёр хамтарч хийцээ сайжруулъя ярьж явсан ч тэр маань өнгөрсөн намар өөд болсон. Мөн Улаанбаатар татах хэсгийн засварчин Баттүвшин гэж залуу бий, одоо тусдаа хийдэг. Ингээд бодоход энэ ажлыг хийдэг нь цөөхөн.

 

-Танд ирдэг захиалга олон янз уу. Одоо хэд орчим хүлээгдэж байна вэ?

 

-Шинэ жил дөхөхөөр захиалга эрс нэмэгддэг. 11 дүгээр сарын дунд үеэс эхэлж, хүмүүс урьдчилж захиална. Энэ жил гэхэд л 60 гаруй макетийн захиалга оноос өмнө амжуулах шаардлагатай байгаа. Бүгд яаруу, баяр ёслолын бэлэгт зориулагдсан гэсэн. Гэхдээ би ээлжийн ажилтай болохоор заримыг нь дараа онд шилжүүлж, байгууллагынхаа захиалгыг түрүүлж хийж байна.

 

-Нэг макетын өртөг, үнэ ямар байдаг вэ?

 

-Одоогийн байдлаар нэг ширхгийг 200 мянган төгрөгөөр борлуулдаг. Хосоор нь авах тохиолдол ч бий. Хайрцаг саваа хүртэл би өөрөө хийдэг. Том хавтгай материалаа зүсээд, халуун индүүдлэг дээр нугалж, талыг нь наагаад бүрэн сав болгоно. Деталь болгоныг дандаа гараар хийдэг. Зүтгүүрт зориулсан бэлэн бэлдэц гэж байхгүй. Жижигхэн нэг цэнхэр товч, жижиг нугалаас ч гэсэн бүгд гараар суугдаж наагддаг. Их бие нь амархан ч чимхлүүр нарийн деталь хамгийн их хугацаа авдаг.

 

-Та хамгийн урт, хамгийн их хөдөлмөр орсон бүтээлээ дурдвал?

 

-МТЗ ТӨХК-ийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэглэсэн нэг бүтээл бий. Хоёр секцтэй, ард нь таван вагонтой, бараг 1.6 метр урт макет. МТЗ ТӨХК-аас захиалж хийлгэсэн юм. Мөн Оросын төмөр замын арга хэмжээнд зориулж “2ТЭ25КМ” зүтгүүрийг 1.2 метрийн урттай томруулсан хувилбараар хийж явуулж байсан.

 

-Цуваа, ачаатай вагонуудын багц хийх бодол байдаг уу?

 

-Хүмүүс олон вагон захиалаад байдаггүй. Харин би өөртөө нэг том багц цуваа хийх бодолтой. Зуслангийнхаа байшингийн хананд тавих зорилготой. Гэхдээ захиалга тасрахгүй болохоор “Загасчны морь усгүй” гэдэг л болоод байна.

 

-Энэ бүхнийг ажлынхаа хажуугаар хийхэд их завгүй байдаг байх?

 

-Тийм ээ, бараг гадуур явж амрах зав ч гардаггүй. Ээлжээ дуусаад 20:00 цагт тараад гэртээ очиж, хоолоо идчихээд шууд “ажил” уруугаа орно. Манай гэрийнхэн шөнө дунд унтаж байхдаа хүртэл над уруу залгаж “Битгий оройтоорой” гэж хэлдэг. Гэхдээ би улайраад өглөө болтол суучих тохиолдол ч бий. Цагийн менежмент хамгийн чухал. Өглөө хэдэн цагт босох, өдөр хэдийд суух, яг хэдэн цагийн дотор хэдэн деталь хийх зэргээр бүхнийг тооцоолно.

 

-Гэр бүлийнхэн тань дэмждэг үү. Танай хүүхдүүд таны хоббиг сонирхдог уу?

 

-Маш их дэмждэг. Эхнэрийг маань Г.Алтанзул гэдэг. Хүү Буянжаргал, охин Сондор. Хоёулаа 30 дугаар сургуульд сурдаг. Хүү сагсны шигшээд, охин бүжгийн клубт явдаг. Шинэ жилийн ачаалал багасахаар зуны улиралд гэр бүлийнхэндээ цагийг гаргадаг. Хүү маань сонирхдоггүй, оролцдог ч үгүй. Харин охин байнга зурна, “Том болоод аавдаа тусалдаг хүн болно” гэж ярьдаг. Хүү хаа нэг зураг зурна, зурахдаа нэлээд сайн. Гэхдээ макет дээр ажиллах тал дээр онц сонирхолгүй.

 

-Анх макет хийхдээ та бэлэн байсан нэг загвар дээр үндэслэж эхэлсэн гэж хэлсэн. Энэ процесс хэрхэн сайжирсан бэ?

 

-Хамгийн эхэнд би нэг хүний хийж байсан макетаас жишээ авч, түүний хэмжээг багцаалж хэмжиж, гаднах төрхийг нь тааруулж хийгээд эхэлсэн. Дотор нь яг юу ордог, ямар хийцтэй байсныг мэдэхгүй ч зөвхөн гаднаас нь хараад л хийдэг байсан. Дараа нь тэр хүнтэй танилцаад хамтран хийх болсноор бүх зүйл их сайжирсан. “Энийг ингэж болдог, тийм материалыг тэндээс авдаг юм байна” гээд олон зүйл заалгаж, туршлага солилцох тусам бид хоёрын хийц улам төгөлдөр болсон.

 

-Хэмжээ загвараа та өөрөө өөрчилж сайжруулсан уу?

 

-Тийм ээ. Анхных нь арай том, хүнд загвар байсан. Тэгээд би өөрөө хэмжээг нь хэдэн сантиметрээр багасгаж туршиж үзсэн. Ингэхэд хоёр секцтэйгээр эвхэж өгөхөд барихад эвтэйхэн, харахад ч гоё болж, яг хэрэглэгчдэд тохирох хэмжээ гарсан. Энэ бол миний өөрийн гаргаж ирсэн хэмжээ, шийдэл.

 

-Шинэ загвар хийгээд үзээч гэх захиалга олон ирдэг үү. Та хийж үзээгүй загварт яаж ханддаг вэ?

 

-Надад янз бүрийн захиалга ирдэг. Калмар, мотовоз гэх мэт огт хийж байгаагүй төмөр замын техник захиалагдахад ч би “хийж үзээгүй” гэж татгалздаггүй. Зургийг нь бүх талаас сайн авахуулаад, харьцаа хэмжээг нь өөрийн хийсэн зүтгүүртэйгээ тулгаж байгаад, хэмжээсийг нь тооцоод л хийчихдэг. Ер нь зурагтай л бол ямар ч зүйлийг оролдож үздэг.

 

-Таны макетын зарим нь ОХУ руу ч бэлэг болж явсан гэсэн?

 

-Тиймээ. Орос уруу нэг том ажил явсан. Миний бүтээлүүд УИХ-ын гишүүд, байгууллагын нээлт, баярын үеэр олон хүнд бэлэг болон очдог. Төмөр замын вокзалын нээлт дээр хүртэл олон гишүүнд миний хийсэн загварыг бэлэглэж байсан.

 

-Гадаадын загваруудыг судалж, шинэ санаа авдаг уу?

 

-Тийм ээ. Дэлхийн зүтгүүрүүдийн хийцлэл, өнгөний шийдлийг бичлэг, зурагнаас байнга харж судалдаг. Ялангуяа, Америкийн зүтгүүрүүд өнгө, хийц нь үнэхээр гоё. Зарж борлуулахгүй байсан ч гэртээ зориулж өөрийн дуртай загвараа хийх бодолтой явдаг.

 

-Сүүлийн үед хүмүүсийн хамгийн их захиалдаг загвар аль нь вэ?

 

Хамгийн их нь “2Загал”. Би нийтдээ 1000 гаруй макет хийсэн гэж боддог. Түүний 40-50 хувь зөвхөн “2Загал” зүтгүүр. Мөн сүүлийн үед “2ТЭ25КМ” зүтгүүрийг их захиалдаг болсон. Сэлэнгэ, Сайншанд, Улаанбаатар хот гэх мэт газар бүр өөр өөр загвар зонхилно. Сэлэнгийнхэн дан сэлгээгийн тэрэг, Сайншандад “2Загал”, сэлгээний тэрэг, Улаанбаатарынхан “2Загал”-ыг хамгийн түгээмэл захиална.

 

-Нэг дор хамгийн олон ширхгээр нь ямар захиалга авч байсан бэ?

 

-Нэг газраас 90 хүртэл ширхгийн захиалга л авсан тохиолдол бий. Саяхан Сайншандаас 50 ширхгийн багц хийх санал ирсэн. Жижиг хэмжээтэй, урт нь 10 см орчим вагонуудын захиалга өгсөн ч оны өмнө амжихгүй болохоор оны дараа хугацаагаа тохирохоор болсон.

 

-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.