УБТЗ галт тэрэгний тасалбарыг 2017 оноос цахим хэлбэрээр худалдаалж эхэлсэн билээ. Түүнээс хойш цахим тасалбар худалдан авах иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр өнөөдрийн байдлаар нийт 1473324 цахим тасалбарыг e-ticket УБТЗ-ын сайтаар худалдаалаад байна.Тэгвэл Зорчигч үйлчилгээний төв өнөөдөр цахим тасалбар худалдаалалтыг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион байгууллаа. Цахим тасалбарыг зорчигчид E-ticket вейб сайт,1900-1949 тусгай дугаар,Тапатрип, Киоск,Тасалбар апллейкешн гэсэн таван төрлөөс сонгон худалдан авч байгаа юм. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт тасалбарын 63.4 хувийг цахимаар худалдаж авсан байна. Зорчигч үйлчилгээний төвөөс цаашид тасалбарын цахим худалдаалалтыг 70 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээнд тасалбар худалдаалах киоск машинуудыг хотын төвийн томоохон худалдааны төвүүдэд байршуулж, үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахаар зорьж буйгаа тус төвийн дарга Д.Оюунзул танилцуулсан юм. Мөн энэ сарын 1-ний өдрөөс Зорчигч үйлчилгээний төв төлбөр төлөлтийн шинэ үйлчилгээ QPAY-ийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь зорчигчдын таашаалд нийцэж буйг дурдлаа.Дашрамд дурдахад зорчигчид хүсвэл Look TV-гээр галт тэргэнд кино үзээд тав тухтай явах боломжтой болжээ. Цахим тасалбар худалдаалалтыг сурталчилах өдөрлөгийн үеэр E-ticket цахим хэрэглэгчдийн дунд азтай зорчигч шалгаруулж, унтлагын вагонд аялах эрхээр шагнасан байна.