УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Ц.Ариунбаттай уулзаж ярилцлаа.
-Танай албаны гол үүрэг, бүтцийн талаар танилцуулна уу?
- Манай ЦХОБ-ын алба нь харуул хамгаалалт онцгой байдлын чиглэлээр хоёр үндсэн үүргийг нийт 513 хүний бүтэц орон тоотойгоор, 13 анги, салааны салбар нэгжтэй гүйцэтгэж байна. Үндсэн үүргийнхээ хүрээнд төмөр замын ААН байгууллагуудын объектын аюулгүй байдал, харуул хамгаалалт, ачаа вагоны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ онцгой байдлын чиглэлээр гал түймэртэй тэмцэх таван анги үйл ажиллагаа явуулдаг. Галын ангиуд маань төмөр замын ААН байгууллагууд болон айл өрх ойр орчмын иргэдэд байгалийн осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг таслан зогсоох, унтраах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
Түүнчлэн тус алба нь ГТХАБ-ыг хангах, аюултай бүсийн дэглэм сахиулах гэсэн үндсэн үүрэг гүйцэтгэдэг учраас төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой албанд харьяалагддаг.
-Албаны үйл ажиллагааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа гол ажил юу байв?
-Би энэ албанд томилогдож ирээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Анх энэ ажлыг аваад хамгийн түрүүнд албан хаагчдынхаа ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах үүднээс форм, дүрэмт хувцас нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээд, дүрэмт хувцасны журмаа шинэчлэн батлуулж, ажил үүрэг гүйцэтгэхэд зовуурьгүй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар шийдвэрлэж, Замын дарга, удирдлагуудад танилцуулан тушаал гаргуулж, дүрэмт хувцсыг 100 хувь шинэчилж, нэр төрлийг нэмж, олшруулсан.
Дараагийн ээлжинд алба хаагчид ажил үүрэг гүйцэтгэхдээ эрүүл аюулгүй орчинд шаардлага хангасан орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж байж ажлын бүтээмж дээшилж, үр дүн гарах учиртай гэж үзээд 2022-2023 оноос ангиудад иж бүрэн засварын ажлыг эхлүүлсэн. Зөвхөн ангийн төв байрыг засаад зогсохгүй харуулын үүрэг гүйцэтгэж байгаа харуулын байрнуудад эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан аятай таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьсон. Ингээд 2023 онд Зүүнхараа, 2024 онд Улаанбаатар, 2025 онд Чойрын ангиудад их засварын ажлыг хийсэн бол, энэ онд Замын-Үүдын ангиудад их засвар хийнэ. Мөн Сайншандын цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн барилгыг шинээр барихаар холбогдох шийдвэрийг гаргуулж, төсөв нь тавигдаад одоо тендер шалгаруулалтын шатанд явж байна.
Ингэж их засвар, барилгын ажлыг хийхдээ менежментийн нэгдсэн тогтолцоог удирдлага болгож, нэг загвараар хаанаас нь ч харсан ЦХОБ-ны албаны объект байна гэдэг нь тодорхой танигдахаар хийж байгаа. Одоо гурван ангид их засвар хийгээд дууссан. Нэг ангид их засварт дунджаар 350-450 сая төгрөгийн зардал гарсан. Манай төмөр замын байшин барилгууд их хуучирсан учраас цахилгаан, сантехникийн бүх шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай болж байна.
Саяхан Замын-Үүдийн ангид энэ сарын 01-нээс их засварын ажил эхлээд явж байна. Монгол Улсын хилээр орж ирэхэд гадаад дотоодын зорчигчдын нүдэнд хамгийн анх нүдэнд тусдаг барилга байгууламжийн нэг нь ЦХОБ-ны барилга байдаг. Иймд энэ барилга бол нэгдүгээрт улс орны нэр төрийн асуудал, хоёрдугаарт УБТЗ-ын асуудал, гуравдугаарт манай өөрийн албаны нэр хүндийн асуудал байдаг учраас бид энэ их засварын ажилд маш их ач холбогдол өгч байгаа.
Бид албан хаагчдынхаа ажлын хувцсыг шинэчлэх, ажлын байр, орчныг сайжруулсны дараа тэднийхээ ашиглаж байгаа техник хэрэгслийг нь өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Өмнө нь манай албан хаагчдын ихэнх нь бүртгэл журнал хөтөлсөн гар ажиллагаа ихтэй ажиллаж байсан бол одоо энэ ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсны үр дүнд өнөөдөр манай алба компьютероор бүрэн хангагдаад зогсохгүй түүнийг дагалдах техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Ингэснээр албан хаагчдын орчин цагийн дэвшилтэт техник хэрэгслийг ашиглах ур чадвар дээшилж, бичиг хэргийн ажлын үйлчилгээ түргэн шуурхай, оновчтой болж, материаллаг зардлыг эрс бууруулж чадсан.
Манай албанд галын зориулалттай арав гаруй машин байдаг.Ер нь км-ийн тэг заалттай шинэ машин авч байсан тохиолдол байдаггүй юм билээ. Иймд Замын удирдлагуудад асуудлыг танилцуулж шийдвэрлүүлснээр өнгөрсөн онд Улаанбаатарын ангидаа тэг км-ийн заалттай галын автомашин шинээр авлаа. Галын техник, тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн техник хэрэгслүүдээр солих ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэхдээ мөн харуул хамгаалалтынхаа тусгай хэрэгслүүдийг давхар шийдэж байгаа. Жишээлбэл, объектод хүн нэвтрүүлэхдээ индикатор гэдэг багажаар үлээлгэдэг байсан бол одоо тандагч багажаар, зайнаас хүний согтуурлын зэргийг тогтоож, шалгадаг боллоо. Камерын хяналтыг сайжруулах зорилгоор “Цахим харуул” хөтөлбөрийг боловсруулж, Замын удирдлагад танилцуулахад бэлэн болоод байна. Энэ хөтөлбөрийг найман жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Ингэснээр урьд нь манай үйлчилгээ зөвхөн явганаар буюу биетээр хийгддэг байсан бол одоо орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж камерын системээр 24 цагийн турш тасралтгүй 100 хувь хянадаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл обьектыг дөрвөн талаас нь камерын хяналтад оруулснаар аливаа хөдөлгөөнийг шууд мэдэрч, богино хугацаанд очиж таслан зогсоох, аливаа халдлагаас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
Судалгаа хийгээд үзэхэд УБТЗ-ын харьяа 80 гаруй ААН байгууллагаас 57 байгууллага нь гаднын харуул хамгаалалт авдаг юм байна. Тэдгээрийн зардалд жилдээ 2.3 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл УБТЗ өөрөө мэргэжлийн ЦХОБ-ын албатай байж яахаараа гаднаас харуул хамгаалалт авч гадагшаа мөнгөө урсгадаг юм бэ? Ийм үргүй зардлыг таслан зогсооё, өөрт байгаа орон тоо, бүтэц дээр тулгуурлан техникийн дэвшлийг ашиглаж 100 хувь хамгаалалтаа өөрсдөө хийе гэсэн зорилт тавьж байгаа юм.
Хөдөлгөөнт суурин эргүүлээр маш богино хугацаанд төвийн хяналтаас дамжуулах системээр буюу машинтайгаар очиж таслан зогсоох эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажил маань богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эхний удаад техник, тоног төхөөрөмж, камерын асуудлыг шийдэх шаардлагатай. Зөвхөн Замын-Үүд дэх 10 гаруй ААН-ийг бүтэн цахим хамгаалалтад авахад 1.7 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа. Анх сонсоход их мөнгө боловч хүний хүчээр хамгаалах зардлыг хэмнэснээр хоёр жилийн дотор өртөгөө нөхөхөөр тооцоо гарсан. Ингэснээр харуул хамгаалалтын хүний хүчин зүйлийн хамаарал багасаж, техникийн дэвшил рүү шилжиж, ажлын чанар, бүтээмж сайжирч, үр дүн нэмэгдэн орон тоо, багасаж, хүний нөөцийн чадавх дээшлэх нөхцөл бүрдэх юм. Бид ойрын найман жилийн хугацаанд УБТЗ-ыг бүрэн цахим хамгаалалтын хяналтад оруулах зорилт тавьж байна.
-Танай боловсон хүчин, албан хаагчдын хүрэлцээ хангамж тогтвор суурьшил ер нь ямаршуу байна вэ?
-Ер нь хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, тогтвор суурьшил хангалтгүй байсан үе бий. Гэхдээ албаны өнгө үзэмж сайжирч, албандаа итгэх итгэл дээшилж, ажиллах орчин нөхцөл аятай, тухтай болсноор хүний ажилдаа тэмүүлэх хүсэл оргилж, хүний нөөцийн тогтвор суурьшилд эерэгээр нөлөөлдөг юм байна. Иймд бид хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж шалгуур үзүүлэлтээ батлуулсан. Урьд нь харуул хамгаалалт, онцгой байдлын албанд орьё гэсэн хүнийг 10 дугаар анги төгссөн л бол шууд авчихдаг байсан бол одоо харуул хамгаалалтын дамжаа төгссөн мэргэшсэн хүнийг харуул хамгаалалтаар авдаг болсон. Ингэснээр зүгээр нэг ажилд түр зуур ороод гаръя гэсэн хүн ирэхээ больсон. Тодорхой дамжаанд тодорхой зардал гаргаад сурсан хүн энэ байгууллагад орж ажиллах итгэл үнэмшил нь арай өөр, тогтвор суурьшил нь илүү байдаг. Өнөөдрийн байдлаар манайд гал сөнөөгчөөр 100 хувь мэргэжлийн курс дамжаа төгссөн хүмүүс үүрэг гүйцэтгэж байна.
-Ачаа барааг хамгаалахад гарч байгаа зөрчил хэр байна вэ?
-Харьцангуй багассан. Албаны удирдлага инженер техникийн ажилтнуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үзлэгийг аливаа зөрчлийг гарсных нь дараа араас нь хөөх биш урдаас нь хааж, гаргахгүй байх тал дээр чиглүүлж ажиллаж байгаагийн үр дүн юм. Өнөөдөр манайд гол бүртгэгдэж байгаа зөрчил гэвэл аюултай бүс дэх галт тэрэгний түр зогсолтын асуудал байна. Энэ нь нэг талаас төмөр замын хориг хашаа саад стандарт хэмжээнд байна уу, үгүй юу? Нөгөө талаас аюултай бүс маань гадны хүн, малаас найдвартай хамгаалагдаж байна уу гэдгээс хамаарч байна.
УБТЗ-ын зүгээс аюултай бүсийн хориг хашаа саадны хамгаалалтыг сайжруулахын тулд өөрсдийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан жил бүр тодорхой ажил хийж байна. Гэхдээ өнөөдөр 100 хувь сайн болчихсон гэж хэлж чадахгүй. Ажил явагдаж байна. Бид хамтарч гологдол, дутагдал гаргахгүйн төлөө зорилго тавиад ажиллаж байна.
Ачаа вагоноос бараа бүтээгдэхүүн алдах, аюултай хамгаалалттай бүс дээр дэглэм зөрчигдөх, дутагдал, үл тохирол бүртгүүлэхгүй байх талаар тодорхой ажил зохиосны үр дүнд зөрчил, дутагдал багассан. Гэхдээ сайны хажуугаар бас саар юм гэж байлгүй яахав. Өнгөрсөн жил Ерөөгийн гүүрэн дээр манай вагоны урдуур тугал орж дайруулсан гологдол гарсан. Үүнд бид дүгнэлт хийгээд хамгаалалтын нийт 57 постыг бүрэн камержуулсан. Энэ нь үүрэг гүйцэтгэлтийн чанар үр дүнг дээшлүүлэх зорилготой.
Бид зөвхөн гадна объектыг камержуулахаас гадна дотор ажиллаж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хөдөө хээр, гүүрэн дээр ганцаараа үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны байранд камер суулгасан. Манай ажилтнууд шөнө орой томхон хангамжийн постууд дээр үүрэг гүйцэтгэдэг. Тэдний аюулгүй байдал, ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор камерын хяналт тавьсан.
Ер нь камерын хяналт нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, тухайн ажилтан ажил үүргээ дүрэм журамд заасны дагуу зөв гүйцэтгэж байна уу? Хоёрдугаарт, хөдөлмөрийн цаг ашиглалтыг хянаж, бүртгэх зорилготой. Манай харуул, харуулын дарга нар ажлын найман цагийн нормтой. Гэтэл энэ хүмүүс өглөө 8.00 цагт ирээд орой 19.00 цагт жижүүрээ хүлээлцдэг. Ингэхээр тэдэнд илүү цагийн асуудал гараад байсан. Иймд журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж, цахим харуулаар дараагийн ээлжийн харуулыг иртэл үүрэг гүйцэтгүүлж, хүлээлцдэг болсон. Ялангуяа оройн цагаар болон баяр, амралтын өдрүүдээр цахимаар харуулыг хүлээлцэж байгаа. Энэ бол хөдөлмөрийн цагийг баримтлах, илүү цагийг бууруулахад зөв оновчтой шийдэл болсон. Үүнийг улам боловсронгуй болгож бүх харуулын постыг камерын хяналттай болгосон.
Ингэснээр шат шатны дарга нар постууддаа хяналт тавих боломжтой болно. Камерын хяналтыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байгаа боловч үүнд бид дасан зохицох ёстой. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа үед бол та чанартай, үр дүнтэй, сайн ажиллах ёстой. Тэгж байж та хөдөлмөрийн хөлсөө авна, мөн төмөр замын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэг шаардлага тавьж байгаа юм.
Зарим ажилтнууд камержуулалт нь бидний эрхэд халдаж байна гэж эсэргүүцдэг. Албаны удирдлагын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ариун цэврийн болон амралтын өрөөнд камер тавьсан хэрэг биш. Харуулын пост бол онцгой объект, та энд дүрэмд заасны дагуу цэх сууж, ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ бол таны эрхэд халдаад байгаа асуудал биш гэж би хэлдэг. Хувь хүн би эхнэр хүүхэдтэйгээ утсаар ярих асуудал гарахаар та нар чагнаад байна гэж ярьдаг. Тэгвэл та алхаад камерынхаа гадна гараад эхнэртэйгээ утсаар ярьж болно шүү дээ, энэ бол нээлттэй. Шийдэл янз бүр байж болно. Тэрнээс биш хүнээ хэт барих, хэт хяналтад авах гэсэн асуудал биш юм аа. Энэ бол үндсэн үүргийнхээ хүрээнд бидний хийх ёстой ажил юм.
-Хамгаалж байгаа объектод хууль бус хориотой ачаа бараа тээвэрлэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй зөрчил, дутагдал хэр илэрдэг вэ. Ер нь төмөр замын цагдаагийн байгууллагатай яаж хамтарч ажилладаг вэ?
-Би өөрөө өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас Төмөр замын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад дөхөмтэй байдаг. Төмөр замын болон бусад бүх нийтээрээ амардаг баярын өдрүүдэд төмөр замын эргүүл шалгалт хийх, цэрэгжүүлсэн хамгаалалтын харуулын туслалцаа үзүүлэх, аюултай бүс дээр гарч байгаа гэмт хэрэг, хэв журмын шинжтэй зөрчил дутагдлыг арилгуулах, уг асуудлыг шийдвэрлэхэд цагдаагийн байгууллагынхаа тусламжийг авч шийдвэрлүүлэх, шалгуулах ажлууд дээр хамтарч ажилладаг.
Бид Сайншанд, Замын-Үүд, Толгойт өртөөн дээр хууль бусаар торны хаалт давж, ховор ан амьтны арьс, түүхий эдийг хилээр гаргах тохиолдлуудыг илрүүлэх, тогтоож, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах ажлуудыг хамтран зохион байгуулж байсан.
-Албан хаагчдынхаа бие бялдрыг чадавхжуулахын тулд ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
- Онцгой ажил үүрэг гүйцэтгэж байгаа цэрэгжсэн байгууллагын албан хаагчид бие бялдрын хувьд шаардлага, шалгуур хангасан байх ёстой. Бид албан хаагчдадаа, “Та цэрэгжүүлэлт, сургалт, онцгой байдлын албанд ажиллаж байгаа нөхцөлд цэргийн байгууллагын хүн үү, энгийн нэг байгууллагын сахиул уу гэдгээ сайн ойлгох ёстой” гэж хэлдэг. Иймд жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэлх хугацааг бие бялдраа хөгжүүлэх улирал гэж үзэж дасгал сургуулилт тогтмол хийдэг болсон. Өглөө болгон манай бүх ангийн албан хаагчид эхлээд гурван км-т гүйж, дараа нь биеийн тамирын дасгал хийдэг болсноор гурван жил болж байна. Бид аравдугаар сарын 15-нд бүх албан хаагчдаа бие бялдрын шалгалтад оруулж, бүх хэмжээсийг бүртгэж авч дүгнэлт гаргадаг. Анх дөрөвдүгээр сарын 15-нд дасгал сургуулилт эхлэхэд хэдэн килограмм жинтэй байв? Гар дээрээ хэд суниадаг байв? 100 метрт хэдэн секунд гүйдэг байсан бэ? Одоо эдгээр үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгээр нь үнэлдэг. Ингэснээр байгууллагын ажилтнуудын өвчлөл эхний жилд 60 хувиар буурсан бол өнгөрсөн жил 80 хувь буурсан. Албан хаагчдын маань бие бялдар сайжирч, ханиад томуу тусах нь эрс багассан. Тийм ч учраас манай байгууллагыг эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгаруулсан.
Одоо манайхан их сайхан болсон. Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Зүүнхараагийн ангид хөл бөмбөгийн талбай байгуулсан. Энэ жил Замын-Үүд, Чойрын ангид ийм талбай байгуулна. Одоо цэргийн байгууллагад ч ийм талбай ховор доо.
-Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Та уншигчдадаа хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж байгаа нийт үе үе ахмадууд одоо ажиллаж байгаа ажилчид мөн цэргийн алба хаасан болон хаагаагүй төмөр замынхаа эрчүүддээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг хүргэж, та бүхэндээ сайн сайхныг хүсье ээ.
Г.Энхбаатар
