Нүүр Ярилцлага Ц.Алтанхуяг: Аливаа юманд өрсөлдөгч байх нь чухал
Ярилцлага

Ц.Алтанхуяг: Аливаа юманд өрсөлдөгч байх нь чухал

G.Press 1 жилийн өмнө 132 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Манай сонины энэ удаагийн зочноор УБТЗ-ын 2024 оны “Шилдэг дарга”, Зүүнхараа зангилааны дарга Цэдэнгийн Алтанхуяг уригдлаа.

 

-Шилдэг дарга болсон Танд баяр хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

 

-За баярлалаа. Би Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Аав ээж хоёр маань хоёулаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул.  Би Төмөр замын техникум төгсөөд Баруунхараа өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлснээс хойш УБТЗ-д 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд өртөөний жижүүрээс Бэрх зөрлөгийн дарга, Зүүнхараа хэсэглэлд холбогч, найруулагч, пүүлэгч, техникч, өртөөний орлогч дарга гээд олон ажлыг хийж явсаар 2018 оноос Зүүнхараа өртөөний даргаар томилогдоод одоо хүртэл ажиллаж байна.

 

-Та төмөр замчин мэргэжлийг яаж сонгов?

 

Манайханд төмөр замын мэргэжилтэй хүн байгаагүй. Би 1985 онд наймдугаар анги төгсөхдөө Төмөр замын техникумын хуваарь авснаар л төмөр замтай ажил, амьдралаа холбосон. Одоо эхнэр маань ч бас төмөр замын өртөөнд кассир хийдэг. Хүүхдүүд маань ч төмөр замд ажиллаж байна. Ингээд бодохоор манайхан удам дамжсан төмөр замчин болцгоож байна.

 

-Өртөөний жижүүрээр ажилд орж байхад ямар санагдаж байв? Анхны үүрэг даалгавар юу байв?

 

-Би 1988 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 онд халагдаж ирээд Зүүнхараа өртөөнд тушаалаар томилогдож ирсэн. Зүүнхараа өртөөний дарга Нацагдорж гэдэг хүн намайг хүлээж аваад “Хаана ажилламаар байна вэ? Гэр бүлтэй юу?” гэж ойр зуурын юм асууж байгаад Баруунхараад өртөөний жижүүрээр ажиллуулахаар томилсон. Тэр үед би  төмөр замын талаар ойлголт муутай, үнэндээ галт тэрэг, вагон хоёроо л ялгах хэмжээний ерөнхий төсөөлөлтэй байсан. Намайг Баруунхараа өртөөнд очиход өртөөний дарга Улаанхүү эгч сайхан хүлээж авч, манай ахмадууд зааж сургаж зөвлөөд өртөөний жижүүр хэмээх эрхэм сайхан албанд оруулж байлаа. Эхний гурван сар дагалдан хийж байгаад жинхэлж байсан.

 

-Өртөөний жижүүрийн гол онцлог юу байх юм?

 

-Өртөөний жижүүр бол галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, диспетчерээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, галт тэрэг хүлээн авч, явуулах маш хариуцлагатай ажил байдаг. УБТЗ-д 73 өртөө байдаг. Өртөөний жижүүр ээлжээр ажилладаг. Ээлжинд гарсан  12 цагийн хугацааг нүдээ цавчих, унтах эрхгүй өнгөрөөх ёстой. Хэрэв нэг л удаа алдаа гаргавал галт тэрэг зогсох, мөргөлдөх гэх мэт гологдол, осол гарах эрсдэлтэй учраас 12 цагийн турш маш хариуцлагатайгаар серверт сууж ажилладаг чухал албан тушаал юм. Бие засахаас өгсүүлээд хоол унд идэхдээ хүртэл диспетчерээсээ заавал зөвшөөрөл авах ёстой. Манай төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай учраас дээд тушаалын дарга нар орж ирэхэд босож илтгэл өгөх үүрэгтэй. Төмөр замчин хүн холбогдох дүрэм, журмыг заавал уншиж судлан, ягштал баримталдаг байх ёстой. Би гэхэд л Төмөр замын техник ашиглалтын журам, дохиоллын журам гээд олон журмыг бараг 34 жилийн турш уншиж, судалж, хэрэгжүүлж явна. Насан туршдаа л дүрэм, журмыг цээжилж, уншиж, ойлгож явсаар өдий хүрч байна даа.

 

-Эдгээр дүрэм, журам ер нь хэр их өөрчлөгддөг вэ?

 

 -Барагтай бол өөрчлөгдөхгүй. Харин саяхнаас нэлээн өөрчлөлт оруулмаар дуулдсан. Энэ нь ч аргагүй юм. Анх оросын дүрэм, журмыг орчуулж, хуулаад тавьчихсан учраас техникийн хэллэг ихтэй, зарим хүмүүст ойлгогдохооргүй байгаа. Ялангуяа залуучуудад шууд хөнгөн ойлгогдохоор өөрчлөн найруулж, янз бүрийн илүү, дутуу зүйлийг нэмж, хасаад  шинэчлэн сайжруулах  шаардлага байгаа. Нөгөө талаас олон хэвшлийн шинэ төмөр замууд байгуулагдсан учраас тэдний хоорондын уялдаа холбоог хангаж, техник, технологийн өөрчлөлттэй нь холбогдуулж төр, засгийн зүгээс дүрэм журмыг шинэчлэн батлан гаргах шаардлагатай гэж би боддог.

 

-Таны хувьд ажил, албан тушаалын өгсөх зарчмаар явж иржээ. Ер нь хэд, хэдэн жилээр албан тушаал ахиж байсан бэ?

 

- Баруунхараагийн өртөөний жижүүрээр хоёр жил, Бэрх зөрлөгийн даргаар гурван жил ажилласан. Ингэж нэгээс нөгөө албан тушаалд 2-4 жилийн зайтай  шат дамжлагаар өгсөж ажилласан. Би томилогдсон албан тушаал болгон дээрээ алдаа дутагдалгүй, хариуцлагатай байх зарчим баримталж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн.

 

- Ер нь алдаа эндэгдэлгүй зүйл гэж юу байх вэ? Таны ажил, амьдралд сургамж болсон зүйл юу байна вэ?

 

- Миний хувьд яг тийм том дутагдал, доголдол гаргаж байсангүй. Намайг төмөр замчин болохоос өмнө 1985 онд Үнэгт Зүүнхараагийн хооронд машинч унтаж том осол гаргаж байсан гэдэг. Мөн Хангай Чулуутын хооронд хоёр галт тэрэг мөргөлдөж, маш том сүйрэл гарч байсан гэдэг. Харин Зүүнхараа хэсэглэлийн хувьд ноцтой осол аваар гарч байгаагүй. Ер нь төмөр замын дүрэм журмыг мөрдөхгүйгээс янз бүрийн гологдол, дутагдал гардаг. Төмөр замын дүрэм журам цусаар бичигдсэн гэж ярьдаг. Энэ дүрэм, журам бол бодит амьдралаас урган гарсан юм шүү гэдгийг хуучны дарга, сургагч, байцаагч нар маань байнга хэлж, сургадаг байсан. Үүнийгээ л мөрдөж байвал аюул осолгүй ажиллана шүү захидаг байлаа.

 

-Та олон жил удирдах ажил хийлээ. Таны удирдлагын арга барил, онцлог юу вэ?

 

- Ер нь байгууллага удирдаж байгаа хүн гурван асуудал дээр л анхаарах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээр, ажлын байрны нөхцөлийг байнга сайжруулдаг байх. Хоёрдугаарт ажилчдынхаа санал хүсэлтийг байнга сонсдог байх. Гуравдугаарт, нийтийг хамарсан спорт, урлагийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байвал хамт олны эв нэгдэл, уур амьсгал сайжирч, ажлын урам зориг дээшилж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг.

Үүний тулд ажилчдын цалин хөлс, урамшуулал, илүү цагийн мөнгийг цаг хугацаанд нь бүрэн тавьж олгодог. Ажилчидтайгаа сар болгон уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь шуурхай шийдвэрлэдэг. Спорт, урлагийн арга хэмжээг улирал тутамд, гадаад дотоод аяллыг жил тутам хамтраад зохион байгуулдаг. Ингэснээр манай хамт олон ажлын байран дээрээ уур бухимдалгүй байж, аливаа асуудалд хүлээцтэй хандаж, учирлаж ойлгож, засаж залруулахын төлөө хичээн ажилладаг. Би ажилчдаа загнаж зандрахаас илүү уулзаж ярилцахыг эрмэлздэг. Үүний үр дүнд манай хамт олон сүүлийн таван жил гологдол, осолгүй маш сайхан ажиллалаа.

Ер нь төмөр замаас өгч байгаа үүрэг даалгаврыг уншаад ойлгуулах, уншиж ойлгуулаад гарын үсэг зуруулахаасаа илүү энэ боловсон утга учрыг нэлээн сайн ойлгуулаад гаргадаг байх хэрэгтэй. Үүнд л манай ажилчдын сайн ажиллаад байгаагийн нууц оршдог гэж би боддог.

 

-Та одоо нэг талдаа ахмад хүн боллоо, нөгөө талдаа эцэг хүний хувьд залуучууддаа юуг гол болгож сургадаг вэ?

 

- Би залуучууддаа үнэнч шударга, хариуцлагатай бай л гэж захидаг. Үр хүүхдүүддээ ч гэсэн ажил хийсэн ч, гэр орондоо байсан ч шударга, хариуцлагатай байж,  манлайлагч байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Би өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд хийхийг шаардаж, гүйцэтгэлийг нь тогтмол шалгадаг. Ингэж тогтмол шалгаснаар ажлын хариуцлага, үр дүн, чанар нь сайжирч, санаачилга нэмэгдээд ирдэг.

Би өөрөө хаана ч явж байсан очсон байгууллагуудынхаа төмөр замчдын хийсэн бүтээсэн зүйлсийг сонирхон судалж, өөрийнхөө зангилаа, хамт олонд яаж хэрэгжүүлэх вэ гэж эрэл хайгуул хийж явдаг хүн. Туршлага болгочихмоор шинэ сайн зүйлсийн зураг хөргийг нь аваад, өөрийнхөө хэмжээгээр монголчлоод хэрэгжүүлэхийг зорьдог. Зардал мөнгө яах вэ, яаж ийж байгаад хэрэгжүүлэх нь чухал. Аливаа юманд өрсөлдөгч байх нь чухал. Бусад хүмүүс ингээд хийчихсэн байхад бид юугаараа дутдаг юм, яагаад хоцроод байгаа юм, адилхан хэмжээнд хийцгээе л дээ гэх хүсэл, тэмүүллийг нь бадрааж  санаа сэдлийг нь дэмжихийг хичээн ажилладаг.

 

-Зүүнхараа зангилаа бусад зангилаадаас юугаараа онцлогтой вэ?

 

- Зүүнхараа зангилаа бол УБТЗ-ын томоохон хэмжээний нэг зангилаа юм. Манай зангилаанд УБТЗ-ын бусад хэсэгт байхгүй Мод боловсруулах үйлдвэр гээд 141 ажилтантай том аж ахуй байна. Ачааны вагон засварын депо гээд 350-иад ажилтантай маш том аж ахуй байна. Түүнээс гадна манай зангилаа оршдог Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол Улсын хамгийн анхны, хамгийн том Спиртийн үйлдвэр байна.

Зүүнхараа зангилаанд 1135 төмөр замчин Зүүнхараа зангилаанд бүртгэлтэй байдаг. Хуучин 1900 гаруй хүн ажиллаж байсан гэдэг. УБТЗ анх үүсэн байгуулагдаж байхад 1940-өөд оны сүүлчээс 1950-иад оны дунд хүртэл УБТЗ-ын Удирдах газар манай Зүүнхараад байрлаж байсан түүхтэй.  доо энэ зангилааны ирээдүйн дүр төрх ер нь яаж харагдаж байна вэ?

- Манай ирээдүйн дүр төрх өнгөлөг харагдаж байна. Олон төмөр зам байгуулагдаж, шинэ салбар замууд барьж, уул уурхай бүтээгдэхүүнээ зөөе гэж байна. Энд бага оврын бензин тосны үйлдвэр баригдаж, бид салбар замаа засаж, янзлаад хэвийн болгож байгаа. Орос Хятадыг холбосон хийн хоолойн шугам Зүүнхараагаар дамжихаар болж, эхний гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдаж, Мод боловсруулах үйлдвэр дээр бараа материалаа татан авчирч буулгах тухай асуудал яригдаж байна.  Ойрын 5-6 жилийн хугацаанд нэлээн том ажил өрнөх шинжтэй байна. Манай гол харилцагч Спирт бал бурмын үйлдвэр маань ачаа бараагаа машинаар татдаг байснаа болиод төмөр замаар татахаар шийдвэрлэж, өдөрт гурван вагон ачиж байна. Баруунхараа өртөөнд Тэжээлийн маш том үйлдвэр ажиллаж, гадаад дотоод ачилтаа төмөр замаар хийж байна.  Ингэж ойрын үед ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёр ч сэлгээний зүтгүүр шаардлагатай болох нь.

 

-Танай зангилаанд боловсон хүчний хүрэлцээ, нөөц ямар байна вэ?

 

- Сүүлийн үед яригдаад байгаа боловсон хүчний хомсдлын асуудал манайд харьцангуй гайгүй өнгөрсөн. Энэ нь бүс нутгийн онцлогоос хамаарсан байх. Бид 2023 онд Мандал сумын II сургууль дээр төмөр замын чиглэлээр сонгон суралцах анги нээсэн. Үүнийг Замын захиргаанаас маш сайн дэмжиж, бид анги танхимыг нь тохижуулж, шифийн харилцаа тогтоон ажиллаж байгаа. Энэ хавар гурав дахь төгсөлтөө хийнэ. Өмнөх төгсөгчдөөс Москва, Санкт Петербург, Эрхүү хотуудад төмөр замын чиглэлээр нийт 35 хүүхэд суралцаж байна. Тэд төгсөөд ирэхэд  манай Зүүнхараа зангилааны  боловсон хүчин хангалттай чанаржина гэж бодож байна. Гэхдээ боловсон хүчнийг тогтвор, суурьшилтай ажиллуулахад нийгмийн асуудлыг шийдэх нь хамгийн чухал. Хамгийн наад талын хэрэгцээ болох орон сууцаас өгсүүлээд шийдэх асуудал нэлээд байдаг. Би 2016 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллахдаа  төмөр замчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд юуны өмнө орон сууц барих газрын асуудлыг сумын Иргэдийн хурлаар шийдвэрлүүлсэн. УБТЗ-ын захиргаанаас 1 тэрбум 300 сая төгрөгөөр дэд бүтцийн холболтыг хийж өгснөөр маш хямдхан үнэтэй, 40 айлын орон сууцыг нэг ам дөрвөлжин метр нь 1 сая 960 мянган төгрөгийн өртөгөөр барьж, 2024 оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан. Дараагийн  40 айлын орон сууцыг энэ сард ашиглалтад оруулах гэж байна.  Үүнд Зүүнхараа зангилааны төмөр замчид маш их баяртай байгаа. Одоо дараагийн таван жилд орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлээд хэрэгжүүлэх зорилготой байна. Бид орон сууц барих газар, дэд бүтэцийн асуудлаар орон нутгийн удирдлага, Замын дарга нартай ярилцаж байгаа.  Ер нь залуучууд амьдрах орчинг их голдог болжээ. Гэтэл манай өртөө зөрлөгүүдийн байшин сав их хуучирч, мууджээ. Дөнгөж сургуулиа төгссөн жаахан залуучууд,охидууд гал, хөсөө түлж чадахгүй түүртэх юм, хөөрхий.  Иймд эхний ээлжинд өртөө зөрлөгийн галладаг байшингуудыг шалны халаалттай болгож, цахилгааны төлбөрийг нь хөнгөлөх нөхцөлийг судалж шийдвэрлэмээр санагддаг. 

 

-Таныг 2024 оны Замын “Шилдэг дарга-аар шалгаруулсан гол үзүүлэлт юу байсан бэ?

 

- Юуны өмнө Замын хэмжээнд тавигдсан зорилтыг амжилттай биелүүлж, сүүлийн гурван жилийн хугацаанд гологдол, осолгүй ажилласныг маань үнэлсэн байх. Нөгөө талдаа нийгмийн тал дээр хийж хэрэгжүүлсэн өртөө зөрлөгүүдийнхээ өнгө үзэмжийг сайжруулах тохижилтын ажил, ажлын байрны тав тухыг хангах талаар  хийсэн ажлыг үнэлсэн байх. Бид  Зүүнхараа өртөөний вокзалд засвар хийж, 40 айлын хоёр орон сууц барьсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 100 жилийн ойг тохиолдуулан Замын захиргаагаар ачааны вагоны таван арал шийдвэрлүүлж Хараа гол дээгүүр явган хүний гүүр шинээр барьсан. Энэ мэтчилэн миний УБТЗ-д тасралтгүй 34 жил ажилласан ажлыг үр дүнг маань бүхэлд нь харж “Шилдэг дарга”-аар шалгаруулсан болов уу гэж бодож байна.

Намайг үргэлж дэмжиж хамтран ажилладаг Зүүнхараа зангилааны хамт олон УБТЗ-ын удирдлагуудад талархал илэрхийлье. Манай нийт төмөр замчид дүрэм журмаа сайн мөрдөж явбал амжилтад хүрч болно шүү  гэдгийг захиж хэлье ээ. Хариуцлагатай байгаарай. Үнэнч байгаарай. Шударга хөдөлмөрлөөрэй.

 

-За баярлалаа. Танд сайн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Г.Энхбаатар 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.