Замын удирдлагаас Төмөр замын удирдах газарт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад зориуд анхаарал тавьж байгаа юм байна. Энэ зөв хэрэг. Төмөр замын байгууллагууд, төмөр замчид Удирдах газар руугаа л харна шүү дээ. Тэнд зөв бодлого боловсруулагдаж, түүнийхээ хэрэгжилтийг чанд зохион байгуулж Удирдах ажилтнууд гүйцэтгэлд нь хяналт тавьж байх учиртай. Амьдрал л юм болохоор хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өглөө хүргэж өгч, орой авахаас эхлүүлээд хүндрэл байлгүй л яахав. Тэгэхдээ зохицуулж л таарна. Төмөр зам чинь өөрөө графикт үйлдвэрлэл шүү дээ. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг нь хоногийн 1440 минутыг яаж үр ашигтай ашиглах вэ гэдэг ертөнц болоод нийгмийн шаардлага, зайлшгүйн зарчим дээр тулгуурлан зурагддаг. Бид чинь цагийн сахилгад XX дугаар зуунд л орцгоосон улс шүү дээ. Энд төмөр замын тээврийн цагийн өндөр зохион байгуулалт улсын хөгжилд томоор бичигдэх том хувьсгалыг авчирсан юм. Түүнээс өмнө нарны баримжаагаар л мал ахуйгаа адгуулж хариулж, өсгөж үржүүлж ирсэн үндэстэн шүү дээ бид чинь. Өглөөний нар мандах, унийн дунд орох, нар ханы элэгт хүрэх, газар буух, бага үд, жин үд, үдээс хойш гэх мэтчилэнгээр л ярьж түүнд зохицуулж амьдрал ахуйгаа авч шүү дээ. Тээр жил Кубын Коминист намын Тээврийн хэлтсийн төлөөлөгчдийг Д.Моломжамц дарга хүлээж авах үед баруунд бол секундэчку, Зөвлөлтөд минутчкү, манайд бол маргааш гэдэг гэж хошигнон ярьж байж билээ. Манай замын I орлогч даргаар ажиллаж байсан В.И.Цвирко 1998 оны билүүдээ “Ган зам” сонины нэгэн дугаарт бид “маргаашаа” цөөлж чадвал хөгжил урагшилна гэж бичиж үлдээсэн нь санаанаас ер гардаггүй юм. Ингээд бодохоор ер нь бидний хоцрогдол чинь цаг барьдаггүй, ажлаа муу төлөвлөдөгтэй л шууд холбоотой гэлтэй. Энийг л Замын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга маань хэлээд байна гэж ойлгож байна. Дэмжицгээе.
Ахмад төмөр замчин Р.Раш
