Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны дотоодын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед 100 хувь импортоос хамааралтай хэвээр байна. Хэдий тийм боловч дотооддоо тариалах чиглэлд ч тодорхой ажил хийгдсээр буй.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд импортын цагаан будааны үнийн дүн эрс өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2022 онд 33.7 сая ам.долларын үнийн  дүн бүхий цагаан будаа импортолсон нь өмнөх оныхоос 16.2 хувиар, 2019 оныхоос 42.7 хувиар өссөн үзүүлэлт болж байгааг ГЕГ-ын тооноос харж болно. Энэ нь 2022 оны Монгол Улсын махны экспортын дүнтэй бараг дүйцэж байна. Тухайлбал: өнгөрсөн онд 36 сая ам.доллароор 11 мянган тонн мах экспортолсныг  МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мэдээлж байв. 

2023 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ. Үүний дийлэнх буюу 77 хувийг БНХАУ-аас, 13 хувийг Вьетнам улсаас авсан байна.

Цагаан будааны гол экспортлогч орнууд дотооддоо нөөц бүрдүүлж, нийлүүлэлтээ танаж эхэлсэн нь үнэ өсөхөд шууд нөлөөлж байна. Азийн цагаан будааны жишиг үнэ наймдугаар сарын 10-ны байдлаар нэг тонн нь 648 ам.доллар буюу сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрснийг Тайландын цагаан будаа экспортлогчдын холбоо мэдээлж байв.

Үүнээс гадна дотоодод цагаан будаа тариалах туршилтыг “Gimex” ХХК сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд  хийжээ. Энэ жилээс туршилтаа зогсоож, Ховд аймагт тариалалт хийх газраа бэлдэж байгаа бөгөөд 2024 оноос цагаан будаагаа тариалж эхлэхээр төлөвлөснийг тус компанийн Ерөнхий захирал Ж.Ганхуяг мэдээллээ.