УБТЗ-ын ахмадууд ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Одон тэмдгээ зүүж, гоёлоо өмссөн ахмадууд цаанаа л жавхаатай. Ахмадын өргөөний үүдэнд цэцэг шаараар гоёж, “Ахмадууддаа баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээтэй ганган автобусууд “дүүхэлзэн” зогсоно. Энэ өдөр УБТЗ ХНН ийн Толгойт өртөөний ахмадууд төрөлх өртөөндөө уригдан ийнхүү цугларчээ. Бие биенээ харан баярлаж, дуу шуугиантай уулзалдсан ахмадууд хоёр автобусанд хуваагдан сууж Толгойт өртөө рүү хөдөллөө. Эгээ л төрсөн гэр рүүгээ яарах хүүхдүүд шиг инээлдэж, ажиллаж байсан идэр насаа дурсан хөхрөлдсөөр явлаа.
Замдаа Толгойт өртөөнд 35 жил ажиллаад гавьяандаа гарсан ахмад төмөр замчин Ц.Сугартай зурвасхан хөөрөлдлөө. Тэрбээр, 1984 онд Төмөр замын техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөөд Толгойт өртөөнд хуваарилагдан дагалдан пүүлэгч, агент, пүүлэгч, мэдээлэгч, туслах жижүүрээр ажилласаар 2019 онд тэтгэвэртээ гарсан аж. Түүний аав ээж ч төмөр замд ажиллаж байжээ. Зөвхөн Толгойт өртөөндөө 35 жил ажилласныг нь сонсоод “Танай ажил гэр хоёр ойр болохоор тэр үү” хэмээн асуухад “Үгүй ээ, манайх Амгаланд байдаг. Хотын зүүн захаас баруун зах руу, өдөр бүр ирж очих асуудал байсангүй ээ. Ажилчдын унаа явдаг байлаа. Ажилдаа дуртай, хамт олондоо хайртай учир өөр тийш явах тухай нэг ч удаа бодож байгаагүй. Манай хамт олон маш сайхан хүмүүс. Уулзах бүрдээ бие биенээсээ сайхан цэнэг авдаг” хэмээн хуучиллаа. Энэ онд Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд төмөр замчин ахмадууд ч өнөө жил баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний нэгэн жишээ бол Толгойт өртөө, Ахмадын зөвлөлтэйгөө хамтран ахмад, дунд, залуу үеийнхнээ хамруулсан “Гурван үеийн уулзалт”-ыг зохион байгуулж буй нь энэ билээ.
Дээр нь Толгойт өртөөний 75 жилийн ой ч өнөө жил тохиож байна. Өртөөний удирдлага, хамт олон ахмадуудаа гүн хүндэтгэлтэй хүлээн авч Төрийн дууллаа эгшиглүүлэн, байгууллагын болон төрийн далбаагаа өргөх ёслол боллоо. Төрийн далбааныхаа өмнө хамтдаа дурсгалын зураг татуулснаар дараагийн үйл ажиллагаа руугаа шуурхайллаа. Өдрийн үйл ажиллагаа ерөнхийдөө гурван хэсгээс бүрдэх аж. Толгойт өртөөний дарга Т.Үржин өртөөнийхөө түүх уламжлал, хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсээ танилцуулж, байгууллагынхаа хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн ахмадууддаа баярлаж талархаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр, “Тэртээ 1951 онд байгуулагдсан Толгойт өртөө өнөөдөр 75 нас хүрлээ. Энэ урт он жилүүдэд төмөр замын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн төмөр замчдадаа, ахмадууддаа баярын мэнд хүргэе. Хөдөлмөрийн хамт олноо манлайлж байсан олон сайхан ахмадууд өнөөгийн энэ түүхийг бичилцсэн. Тухайлбал, Дашням, Дугуй, Амгаланбаатар, Ёндон-Ойдов, Ойдов, Дооров зэрэг олон сайчуудыг нэрлэж болно. Мөн хөдөлмөрийн хамт олноо удирдсан УБТЗ-ын анхны монгол дарга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Р.Раш, Замын орлогч даргаар ажиллаж байсан Галсанпүрэв, Ч.Мижиддорж, МУГТ Ц.Бямбадорж болон Ц.Зул Ч.Ядамсүрэн нарын шижигнэсэн удирдагч нарынхаа хөдөлмөр зүтгэлийг онцлон дурдах нь зүйтэй. Өртөөнийхөө хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулсаар гавьяаны амралтаа авсан ахмад та бүхэн манай байгууллагын үнэт их өв юм” хэмээн онцоллоо. УБТЗ-ын Ахмадын холбооноос Ахмадын тухай хууль, Замын удирдлагаас ахмадуудад чиглэсэн бодлого, өөрсдийн хэрэгжүүлж хийж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Төмөр замын ахмадуудын тоо сүүлийн үед нэлээд нэмэгдэж, өдгөө 9150 гаруй болж, тэр хэрээр ахмадад чиглэсэн үйл ажиллагааны цар хүрээ ч тэлжээ. Ахмадын холбоо зангилаа, өртөө зөрлөгүүдийн 37 хороо, зөвлөлөөрөө дамжин ахмадууддаа хүрч ажилладаг аж. Мөн ахмадын баярын өмнөхөн Замын даргын 01 тоот албан даалгавар гарснаар Замын захиргаа, Ахмадын холбооны хамтран ажиллах гэрээ Ахмадын тухай хууль утгаараа хэрэгжиж байгаад ахмадууд маш их баярлаж буйгаа илэрхийллээ. УБТЗ-ын аж ахуйн нэгж байгууллагын дарга нар ч сэтгэл гарган дэмжин ажиллаж байгаад Ахмадын холбооны зүгээс талархаж байгаагаа дуулгалаа.
ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ ГЭЖ ҮГҮЙ
Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр: -Жил бүр Замын хэмжээнд байгууллагууд “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Үүнд УБТЗ-ын Залуучуудын байгууллага, ҮЭ-ийн холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын байгууллага, алба, хэлтсийн удирдлага, аж ахуйн нэгжүүд бүрэн хамрагдаж, оролцдог. Мөн жил бүрийн цагаан сар, ахмадын баяр болон бусад тэмдэглэлт өдөр, мэргэжлийн баяраар төмөр замчид ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. ”Гурван үеийн уулзалт” гэдэг ахмадын арга, туршлага өв уламжлалыг түгээж, төмөр замын сахилга хариуцлага, төмөр замчныг төлөвшүүлэхэд чухал уулзалт болдог. Насаараа ажилласан байгууллагынхаа хөгжилд ахмадууд санаа бодлоо чилээж, сайн явбал баярлаж сэтгэл зүрхээрээ нэгдэж байдаг. УБТЗ-д тэтгэврийн насанд хүрсэн ч ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж буй 80 гаруй ахмад байгаа нь сайшаалтай хэрэг бөгөөд, бас ололт юм. Ахмад болгон гарын шавиа бэлтгэдэг. Энэ гинжин хэлхээ тасрахгүй байж төмөр замын соёл хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаад талархъя. 1997 онд би Толгойт өртөөнд улсын ахлах байцаагчаар томилогдон ирж байсан. Тэр үеэс та нартайгаа хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр олон жил хамтран ажилласан. Манай ахмадууд залуу насандаа ирсэн мэт өнгө, жавхаатай сайхан харагдаж байна. Толгойт өртөөний залуус та бүхний ажлын замналыг өнгөтэй сайхан авч явааг ч тодхон харж байна. Толгойт өртөөний Ахмадын зөвлөлийн дарга М.Уранбилэг: -Толгойт өртөөний Ахмадын зөвлөлд 96 ахмад байгаагаас өнөөдрийн уулзалтад 60 гаруй ахмад хүрэлцэн ирлээ. Манайх төвийн хэсгийн тавдугаар бүсэд харьяалагддаг. Ахмадын холбооноосоо зохион байгуулдаг бүхий л ажилд манайхан идэвхийлэн оролцдог. Дөрөвдүгээр сард болсон олон улсын шугаман бүжгийн тэмцээнд манай ахмад Сугармаа, Эрдэнэцэцэг нар оролцсон. Ер нь, урлаг спортын арга хэмжээнд манайхан манлайлан оролцдог уламжлалтай. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго бол ахмад үеийнхэндээ урам зориг өгч, залуус ахмадуудаасаа үлгэр дуурайлал авч, хийж бүтээснээ танилцуулна.
АХМАДУУД“ТҮҮХЭН АЛДРЫН ТАНХИМ”-ЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Энэ өдрийн онцлох нэгэн ёслол бол УБТЗ-д 40 жил, Толгойт өртөөнд 26 жил ажилласан өртөөний дарга асан Ч.Ядамсүрэнгийн нэрэмжит “Алдрын танхим”-ыг нээсэн явдал байлаа. Нээлтийн ёслолд УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, Толгойт өртөөний дарга Т.Үржин, Тээвэр зохион байгуулалтын албаны Техник хэлтсийн дарга Ч.Отгонбат, өртөөний Ахмадын зөвлөлийн дарга М.Уранбилэг ҮЭ-ийн хорооны дарга О.Батдорж болон ахмадууд, албан хаагчид оролцлоо. Ч.Ядамсүрэн нь Толгойт өртөөнөөс холбогч найруулагч, жижүүр, диспетчер гэхчлэн шат шатанд нь ажилласаар тус өртөөний орлогч дарга, үндсэн даргаар ажиллан гавьяаны амралтдаа гарсан юм. Тэрбээр, өдгөө ч УБТЗ-ын Ахмадын холбоондоо зохион байгуулагч, менежерээр ажиллаж байна. Түүхэн алдрын танхимыг түүний нэрэмжит болгосон нь тус өртөөний үе үеийн түүх, байгууллагын дурсамж, санах ойг гурван үедээ тамгалсан хэрэг төдийгүй хамт олных нь хүсэл зориг, санаачилгаар байгуулагдсан нь бахархам хүндэтгэлтэй хэрэг юм. Толгойт өртөөний 75 жилийн ойд зориулсан Ч.Ядамсүрэнгийн нэрэмжит Алдрын танхимыг өртөө болон ахмадын холбооны дарга нар холбогдох хүмүүс тууз хайчлан нээж хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичин гарын үсэг зурлаа. Мөн Ч.Ядамсүрэнд Монголын Ахмадын холбооны дээд шагнал “Хүндэт ахмад” тэмдгийг Ахмадын холбооны дарга Ч.Цогтбаяр гардууллаа.
УУЛЗАЛТ БҮР БИДЭНД НАС НЭМДЭГ
Ахмадуудын маань сэтгэл нь хөдөлж өртөөний байр, өрөө тасалгаагаар орж өмнөхөөсөө тохитой тухтай болсныг дуу алдан гайхсаар явлаа. Ахмад ажилтан болгоны амнаас “Төмөр замын буян их ээ, энэ байгууллагад ажиллаж байснаараа цаг ямагт бахархдаг. Үр хүүхдийг минь өсгөж, амьдралыг минь дэвжээсэн буянтай сайхан газар” гэх гайхалтай сайхан хандлага анзаарагдав. Чухамхүү энэ л хандлага төмөр замын ахмад, дунд, залуу гурван үеийг холбосон хамгийн онцгой үзэл санаа юмуу даа хэмээн бодогдсоныг нуух юун. УБТЗ-ын анхны эмэгтэй кассир 90 настай ахмад төмөр замчин Дугуй гуай 30 настай зурагныхаа өмнө зургаа даруулж зогсоо нь бахархам болоод хайрламаар хөөрхөн байлаа. Өртөөнийхөө ойд ирэхдээ ахмадууд зүгээр суусангүй, хийсэн урласан бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ үзэсгэлэн худалдаа гаргажээ. Ажилтнууд ч тэднийг дэмжиж цагаан идээ, ааруул, өрөм, даршилсан болон шинэхэн ногоо зэргийг худалдан авч байлаа. Өртөөний ажилтнууд ахмадууддаа хүндэтгэлийн зоог барьж, бэлэг гардуулан, ая дууны эгшгэн хадаг өргөж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уулзах бүрд нас нэмдэг хэмээсэн нь оргүй үг биш ажээ. Аргагүй л ухамсарт амьдралынхаа ихэнх оныг хамт туулж өнгөрүүлсэн хамт олон, халуун бүл нь хуран цугларсан сайхан өдөр байлаа. Дараагийн уулзалтаар эсэн мэнд эргэн уулзалдахын ерөөл өргөе өө, ахмадууддаа.
А.Энхсайхан
