Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн яам 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа. /2023.01.11/ Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдаж байсан. Засгийн газраас тодорхой бодлого барьж ажилласнаар мөн оныхоо төгсгөлд төсвийн тэнцэл сайжирч, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 3 хувиар буурлаа. Төсвийн алдагдал буурахад орлого давж биелж, хэмнэлт сайн хийж чадсаны үр дүн юм. Мөн төсвийн тэнцэл сайжирахад эдийн засгийн өсөлт нөлөөллөө. 2022 онд эдийн засгийн өсөлт 2.6-3.0 хувийн хооронд байна гэсэн таамаглал байсан бол 4.0 хувьд хүрсэн. 2020 онд улсын төсвийн алдагдал 12 хувьд хүрч байсан бол 2021, 2022 онуудад шат дараатай бууруулснаар дээрх үр дүнд хүрсэн. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдлээ.
Цааш нь, экспорт дотроо нүүрсний экспорт том хувь эзэлнэ. Бид төсвийг тавдугаар сард тодотгохдоо нүүрсний экспортыг 2022 оны төгсгөлд 18 сая тоннд хүргэнэ гэж тооцож байсан бол 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд 31.7 сая тоннд хүргэснээр төсвийн орлогоо өсгөж, валютын нөөцөө нэмэгдүүлж чадлаа.
Төсвийн орлогынхоо гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар харуулахад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.2 их наяд болж, 1.2 их наядаар давж биелэсэн гэлээ. АМНАТ 910 тэрбумаар, ААНОАТ 703 тэрбумаар, НӨАТ 438.1 тэрбумаар тус, тус давж биелэсэн. НДШ –ийн орлого мөн нэмэгдсэн. Ажлын байрыг хадгалж, цалин нэмэгдсэн. Гаалийн албан татвар, ОАТ –ын орлого ч нэмэгдсэн. Импортын хувьд үнийн өсөлт шалтгаалж байгаа. Гэхдээ хилээр нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.
Бид 9 тэрбумын экспорт хийнэ гэж байсан бол 3 тэрбумаар давуулж, 12.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан.
Газрын тосны экспорт хагас жилд 0 зааж байсан ч сүүлийн хагас жилд нь сайжирсан үзүүлэлт гарсан. Зэс, нүүрсийн үнэ өссөнөөр тааламжтай байдал үүссэн гэлээ.
Нүүрсний экспортыг дөрвөн боомтоор хийдэг. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд урд хөршөөс тавьсан хорио цээрийн дэглэмийг нарийн мөрдөж , сахилга баттай хамтарч ажиллаж чадсаны дүнд экспортоо нэмэгдүүлж чадсан. Мөн 2022 оны I, II улиралд хилээр өдөрт 285 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол III улирлаас хойш өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гардаг болсон. Одоо тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1247-д хүрсэн.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их наядын санхүүжилт хийсэн. Нийтдээ 117 сургууль, 150 цэцэрлэг, 43 дотуур байр, эмнэлгийн 81 барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Нийт 1180 аж ахуй нэгж шууд болон туслан гүйцэтгэгчээр оролцсон. 37.9 мянган ажлын байрыг төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хадгалж чадсан.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг тавдугаар сард батлагдсанаар үр дүнгээ сайн өглөө. Нийтдээ 189.1 тэрбумыг урсгал зардлаар хэмнэсэн бол Тендерийн хуулиар 29.5 тэрбумыг хэмнэсэн. Ингэснээр нийт хэмнэлтийн зардал 218.6 тэрбум болсон, орон нутгийн төсөв 218,4 тэрбумын ашигтай нийгмийн даатгалын сангийн төсөв 91,5 тэрбумын давсан орлоготой гарлаа. Харин ЭМД-ын сан 250 тэрбумын алдагдалтай гарсан хэмээн мэдээлэл хийлээ.