ТЗДС-ийн “Жигүүртэн” баг өнгөрсөн онд Оюутны лигийн хоёрдугаар дивизонд гал гарсан тоглолт үзүүлж, дэд байрт шалгарсан билээ. Ийнхүү нэгдүгээр дивизонд тоглох эрхээ авсан залуус өнөө жилийн улирлын тоглолтод мөн адил “цахиур хагалж” байна. Тус багийн ахлагч Б.Хурцбаатартай уулзлаа.
-2022-2023 онд манай бага бүсээсээ 11, 6 гэсэн амжилттайгаар хэсгээсээ зургаагаар гарсан. Ингээд хэсгээсээ гурваар гарсан АШУИС-ийн багтай тоглоод 2:1-ийн харьцаатайгаар play off-ын эхний шатаа даваад хоёрдугаар шатандаа ШУТИС-ийн “Sharks”багтай тоглосон. Тус багийг мөн 2:1-ийн харьцаатайгаар ялж шилдэг дөрөвт шалгараад байна. Бид есдүгээр сараас эхэлсэн энэ тэмцээнд нийтдээ 23 тоглолт хийлээ.
-Одоо тоглох багуудаас хамгийн хүчтэй нь аль баг вэ?
-Өнөөдөр бидний тоглох “Этүгэн”-ний шигшээ баг үнэхээр хүчтэй өрсөлдөгч. Тэднийг ялчихвал алтан медалийн төлөө, ялагдвал хүрэл медалийн төлөө тоглоно доо.
-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна вэ?
-Манай багийн 15 тамирчин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн өглөө 07.00, өдөр 13.30 цагаас буюу өдөрт хоёр удаа бэлтгэлд орлоо. Манай багийн тамирчид ихэвчлэн III, IV курсийн оюутнууд. Нэгдүгээр курсын оюутан ганц хоёр л бий. Тэд маань мэргэжил бүрийн төлөөлөл.
- Баг тоглолтын тактикаа хэрхэн боловсруулдаг вэ?
-Бид юун түрүүнд өрсөлдөгч багийнхаа тоглолтын бичлэгийг үзэж байж, тоглох тактикаа боловсруулдаг. Манай багийнхан голчлон хамгаалалтдаа төвлөрч тоглодог. Дээр нь, тухайн үед дасгалжуулагчийнхаа гаргасан шийдвэрийн дагуу талбай дээрх тоглолтоо явуулдаг.
-Багийн амжилтад дасгалжуулагч маш чухал нөлөөтэй шүү дээ. Бусад багууд ихэвчлэн сайн дасгалжуулагчтай гэрээ байгуулж, ажиллуулдаг байх?
-“Жигүүртэн” багийн дасгалжуулагчаар улсын дээд лигт 10-аад жил тоглосон туршлагатай тамирчин Очирхүүгийн Хүдэрбат ажиллаж байна. Дасгалжуулагч маань ТЗДС-д үндсэн ажилтан болж байгаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд биднийг цалин хөлсгүй сайн дураараа дасгалжуулсан. Бид өмнө нь бас түүнтэй хамтран ажиллаж байсан болохоор бие биенээ сайн таньдаг болсон.
-“Жигүүртэн” багийн ойрын хугацааны зорилт?
-Ирэх тавдугаар сарын эхэнд Сайншанд хотноо Залуучуудын УАШТ болно. Бид энэ тэмцээнээ дуусгаад тийш явцгаах төлөвлөгөөтэй байгаа.
-Танай багийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Мэдээж, бусад сургуультай харьцуулахад манайх салбарын хэмжээний сургууль. Тамирчид нь цомхон хүрээнээс шигшигддэг гэсэн үг л дээ. Дээрээс нь, манай багийг ивээн тэтгэгч байхгүй. Гэсэн хэдий ч бид нэгдмэл нэг зорилгын төлөө явдаг болохоор сахилга бат, хувийн зохион байгуулалтаараа эрс ялгардаг. Сэтгэл зүйн хувьд ч илүү тогтвортой, хүчтэй байдаг учраас илүү амжилт гаргадаг юм болов уу.
-Хөгжөөн дэмжигчид бас багийн тоглолтод нөлөөлдөг байх?
-Тийм шүү. Сагсан бөмбөгийн спортод хөгжөөн дэмжигчдийг зургаа дахь тоглогч гэж нэрлэдэг шүү дээ. Хэдийгээр цөөн оюутантай ч гэлээ биднийг төмөр замчин ах эгч нар маань хүртэл ирж дэмждэгт их баярладаг. Дашрамд дурдахад, өнөөдөр “UG Ariana”-д болох тоглолтыг маань ирж дэмжээрэй гэж уриалъя. Энэ бол бидний хувьд маш чухал тоглолт.
-Ярилцанд баярлалаа. Өнөөдрийн тоглолтод нь амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг