Нүүр Ярилцлага Б.Ууганбаяр: Захиалгаа бид цахимаар авдаг болох шаардлагатай байна
Ярилцлага

Б.Ууганбаяр: Захиалгаа бид цахимаар авдаг болох шаардлагатай байна

G.Press 1 жилийн өмнө 138 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаяртай ярилцлаа. 

 

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ оны ажил үйлчилгээ, бараа материал худалдан авах тендерүүд зарлагдаж, түрүүчээсээ гэрээ байгуулах шатандаа явааг та Замын нэгдсэн хурлын үеэр товч танилцуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Он гарсаар тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 398 тендерийн төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулсан. Эдгээр төлөвлөгөөг хуулийн дагуу “tender.gov.mn”-д зохион байгуулж байна. Үүний 40 хувь нь тендер зохион байгуулагдаж үр дүнд хүрсэн. Зарим тендер нь үнэлэгдэх шатандаа явна. Тодорхой танилцуулбал, дээрх 40 хувиас хүлээн авч байгаа есөн хувь буюу 38 тендер байна. Нээлт хийсэн, үнэлгээ хийж байгаа есөн хувь буюу 35, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэн, үр дүнг нийтэлсэн найман хувь буюу 36, гэрээ байгуулсан таван хувь буюу 21, дахин зарлах долоон хувь буюу 30, зарлахаар бэлтгэж байгаа 59 хувь буюу 238 тендер байна. Тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногт нийтэд урилга нийтэлсэн 12, нээлт хийсэн 12, үнэлгээ хийж буй 35, мэдэгдэл нийтэлсэн төлөвтэй 36, гэрээ байгуулсан гурван тендер байгаа. Үүнээс тендер зарласан томоохон гэвэл Зорчигч тээврийн албаны захиалгатай зорчигчийн вагоны халаалт, усан хангамжийн системийн сэлбэг, мөн цахилгаан тоноглолтын системийн сэлбэг, дотоод тоноглолын болон тэргэнцрийн сэлбэг, ниших татах байгууламжийн сэлбэг худалдан авах тендерийг хоёр дахь удаагаа зарласан. Мөн Замын аж ахуйн албаны зам шинэчлэлт болон урсгал засвартай холбоотой модон дэр худалдан авах тендерийг зарласан. АРС-4 бэхэлгээний цариг баригч хуванцар болон резинэн жийрэг, пүршин даруулга авах тендерийн үнэлгээг хийж байгаа. Зүтгүүрийн аж ахуйн албаны волл шүүр угаах бодис, Вагоны аж ахуйн албаны ачааны вагоны шингээх аппаратын сэлбэг худалдан авах тендерийг дахин зарлалаа. Түүнчлэн, Д49 дизель хөдөлгүүрийн болон нарийн хэмжүүрийн, явах эд ангийн сэлбэгүүд, шүүх элмент худалдан авах гэхчлэн нийт 35 тендерийн үнэлгээг хийж байна. Үүнээс зарим томоохон захиалгыг дурдвал Дохиолол холбооны албаны шилэн кабель, сувагчлалын хоолой, Эрчим хүч, ус хангамжийн төвийн төмөр бетон тулгуур, Зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгний өвөл, зуны түлш болон зарим албадын гар станц худалдан авах зэрэг тендерүүд бий. Мөн салбар нэгжүүдийн авто машин, хүнд машин механизмуудын шатахуун, түлш худалдан авах гэх мэт томоохон тендерүүдийг зарласан. Зүтгүүрийн аж ахуйн албаны захиалгатай руков, Барилга орон сууцны албаны захиалгатай таазны материал, “Ган зам” цэцэрлэгт зориулах фасад худалдан авах хоёр тендер амжилтгүй болж, үүнд анализ хийгээд дахин зарлалаа. Харин суман шилжүүлэг, тусгаарлагч будаг, төмөр бетон дэрний CZ бэхэлгээ, зорчигчийн вагоны сэлбэг зэргийг худалдан авах тендерүүдийн гэрээ байгуулах шатандаа яваа.

 

-Гэрээ байгуулсан гэвэл юу худалдан авах тендерүүд байна вэ?

 

-Төмөр замын хориг хашааны өргөст тор, тусгай зориулалтын ачааны автомашин, шуурхайн ажлын болон суудлын автомашин, түлшний группийн холхивч зэргийг худалдан авах тендерийн гэрээ байгуулсан. Замын их засвартай холбоотой зам төмрийн хоёр багц гэрээ байгуулсан. Нэгдүгээр багц буюу Бугатын үйлдвэрээс нийлүүлэх эхний ээлжийн 1500 тонн зам төмөр Хөтөлд ирсэн. Хоёрдугаар багцын 1500 тонн зам төмөр Хятадын “Аншан” үйлдвэрээс ирэх ёстой. Суман шилжүүлгийн хувьд бетон дүнзтэй, модон дүнзтэй гэсэн хоёр төрлийг худалдан авна. Энэ хүрээнд модон дэртэй 25 иж бүрдэл суман шилжүүлгийн тендер амжиллтай болж гэрээ байгуулсан.

            ВПО-3000, ВПР машинуудад их засвар хийх ажлыг Замын үнийн комиссоор шийдсэн ч ОХУ-ын үйлдвэр хоригоос болж банкны асуудал үүссэн учраас гэрээ зурагдаагүй. Тиймээс Замын аж ахуйн алба, ЗЗМС-аас эдгээр машины тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг хэсэгчлэн худалдаж авъя гэсэн санал өгсөн. Үүний дагуу боломжит сэлбэгүүдийг нь манай албаны дотоод комисоор хэлэлцүүлж шийдвэрлэсэн.

 

-Замын засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэн тул сэлбэг материалын хангалт бэлэн байх нь чухал. Өнөө жил хэчнээн модон дэр худалдаж авах вэ?

 

-Модон дэрийн хувьд 45 мянган модон дэр худалдан авахаар тендер зарласан. Тавдугаар сарын 23-нд нээгдэхээр байна. Сумын модон дүнз худалдан авах тендер амжилттай болсон. Зам шинэчлэлттэй холбоотой сэлбэг материалуудыг нийлүүлэх ажлыг бид шуурхай зохион байгуулж байгаа. Одоохондоо санаа зовоох асуудал гараагүй байна.

 

-Салбар нэгжүүд “Тендерийн явц, гэрээний хэрэгжилтэд хяналт сул байна. Гэрээ байгуулсан хэр нь захиалгыг хугацаандаа нийлүүлсэнгүй” гэх гомдол цөөнгүй гаргадаг. Энэ талд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

 

-Та бүхэн мэдэж байгаа байх. Манай алба энэ оноос дотоод бүтэц зохион байгуулалтаа өөрчлөөд тендер зохион байгуулж буй Худалдан авах ажиллагааны хэлтэс болон худалдан авахаар хийгдсэн гэрээнүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор гэрээний хэсэг гэж хуваасан. Он гарсаар 2024, 2025 он дамжаад нийт 45 гэрээ хийсэн. Үүний арав нь гадаад, бусад нь дотоод гэрээ. Гэрээний хэрэгжилт, биелэлтэд хяналтыг нэлээд сайжруулж байгаа. Гэвч гэрээнд хяналт сайжруулаад ирэхээр тулгамдах асуудал бас гарч байна. Нэгдүгээрт, гадаад гэрээг төгрөг, валютын алинаар нь хийх вэ гэдэг асуудал. Өнгөрсөн жил энэ асуудал гарсан ч шийдвэрлэсэн шүү дээ. Гэтэл энэ жил буруу ойлголцсон уу дахин сөхөгдлөө. Төлөвлөлт эдийн засгийн болон манай алба хоёр үүн дээр илүү анхаарч, хамтарч ажиллахгүй бол болохгүй нь. Ер нь, бид хуулийн дагуу бүх тендерийг төгрөгөөр зарлаж байгаа. Гадаад компаниудаас валютаар хийх санал ирдэг. Үүнийг нь бид тухайн зарласан өдрийнх нь ханшаар төгрөг рүү хөрвүүлдэг. Хэрвээ гадаад компани шалгарвал валют болон монгол төгрөгийг хослуулан мэдэгдлийг нь өгч байгаа.

Мөн гэрээний виз олгох гэж их уддаг. Энэ асуудлаар Хууль зүйн албанд саналаа удаа дараа өгсөн. Ер нь, гэрээний виз авахад Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн хийсэн Гэрээний программыг ашиглая л даа. Шугам замаас ч салбар нэгжийнхэн гэрээний виз авах гэж ирээд Удирдах газраар олон хоног л явах юм. Хэрэв энэ программыг ашиглавал цахимаар визээ авчихна. Мөн гэрээний драфтууд цахимаар гарч ирэх зэрэг олон давуу тал бий болно.

 

-Дизелийн түлш, тос маслын хувьд бас хугацаа хоцрох асуудал их байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Дөрөвдүгээр сард “Шунхлай” компани сардаа багтаагаад 9000 тонн түлш нийлүүлсэн. Ер нь, энэ оноос улирлаар нь захиалгаа өгч байгаа. Энэ дагуу тав, зургаа, долдугаар сарын захиалгыг өгсөн. Өнөөдрийн байдлаар 6200 тонн түлшний нөөцтэй байна. Тосны хувьд Г2 тос авахаар “Шунхлай” компанитай гэрээ байгуулсан. Энэ талд асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна.

 

-Нөгөө талдаа тендерээр нийлүүлсэн зарим сэлбэг материал, техник, тоног төхөөрөмжийн төлбөрийг манай талаас төлөөгүйгээс өр үүсэх, дахин тендерт оролцохгүй байх зэрэг асуудал гардаг шүү дээ. Одоогоор төлөгдөөгүй өр байгаа юу?

 

-Манай албанд санхүүгийн дотоод өглөг 11.6 тэрбум төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны арав, 11 нэгдүгээр сараас эхэлсэн өглөг. Сүүлийн үед санхүүжилтийг маш сайн өгч байгаа. Агуулахын үлдэгдэл, татан авалтын хувьд харьцангуй сайжирсан. Албадууд захиалсан зүйлсээ хугацаандаа хурдан авч буйд талархаж байна. Бид агуулахын үлдэгдлийг бууруулахад нэлээд анхаарч ажилласны үр дүнд одоо агуулахад СИРДП-Е, Зорчигч тээврийн алба, Барилга орон сууцны албаны холбоотой барилгын, вагон, зүтгүүр, замынхны шатах тослох материал нормативээсээ хэтэрсэн байна.  Хөдөлмөр хамгааллын зуны хувцасны үлдэгдэл бага зэрэг ихэссэн байгаа. Салбар нэгжүүд хуваарийн дагуу татан авалтаа хийж байна. Бид энэ онд худалдан авалтын төлөвлөгөөтэй уялдуулж нормативаа шинэчилсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар норматив 20 тэрбум байсныг 35 болгож нэмэгдүүлснийг бид 20, 15-аар нь хоёр хувааж, 15 тэрбумыг нь зөвхөн СИРДП-Е-д тавьж өгсөн. Учир нь СИРДП-Е-ийн үлдэгдэл сүүлийн хоёр жилд гарахгүй байгаа. Үлдсэн 20 тэрбумыг нь албадад хуваарилсан. Агуулахын үлдэгдэлийг нормативт барьж ажиллах мөн удаан гүйлгээтэй сэлбэг материал үүсгэхгүйн тулд Замын I орлогч даргын гаргасан шийдвэрийн дагуу ажлын тав хоногт комисс гаргаад, ирсэн бараа материалын хүлээн авалтын акт хийдэг. Дээр нь энэ бараа материалаа хэзээ хэрхэн зарцуулах вэ гэсэн хуваарийг бас авч байгаа.

 

-Сэлбэг материалын хангалтыг илүү сайжруулах талд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

-Хөдөлгөөтэй холбоотой албадтай цаашид хэрхэн хамтарч ажиллахад нэлээд анхаарч байгаа. Аль аль талдаа алдаа бий. Тиймээс Зүтгүүрийн, Вагоны, Зорчигч тээврийн, Замын, Дохиолол холбооны албад, Эрчим хүч, ус хангамжийн төвтэй нийлүүлэлтийн хурлуудыг хийж байгаа. Энэ оны эхний улиралд гэхэд л 16 удаагийн хурал хийсэн. Замын их засвартай холбоотойгоор Суурь бүтэц хариуцсан орлогч даргаар ахлуулан долоо хоног бүр хуралдаж, ажлаа шуурхай зохион байгуулж байна. Өнгөрсөн сард бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт сургалтад хамрагдсан. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль дахин шинэчлэгдэж байгаа юм билээ. Нэгдүгээрт, чанартай худалдан авалт хийхэд нэлээд анхаарахгүй бол чанаргүй бараа материал худалдан авч байна гэдгийг онцолсон. Өмнөх хуульд тусгасан хэдий ч амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байна гэж үзээд илүү боловсронгуй болгох юм байна. Хоёрдугаарт, дотоод худалдан авалт буюу үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг бодит ажил хэрэг болгох. Гуравдугаарт, томоохон төслүүдийн худалдан авалтыг хэрхэн хийх вэ гэсэн заалт орж байна. Дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаан. Одоохондоо Эрдэнэт үйлдвэр хиймэл оюун ухаан ашиглаж хурлын шийдвэрээ гаргаж байгаа. Тиймээс улсын хэмжээнд тендерийн үнэлгээ болон бусад шийдвэр гаргалт дээр хиймэл оюун ухаан ашиглах зэрэг дээрх дөрвөн асуудлыг ярилцаж, шийдлүүд нь гарсан юм байна. УБТЗ-ын зүгээс тендерт одоогийн байдлаар гарч буй хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа өгсөн. Удахгүй хууль нь батлагдвал бид бас хэрэгжүүлэх ёстой.

 

-Танай хувьд агуулахдаа шатах тослохоос авахуулан олон төрлийн сэлбэг материал, бараа бүтээгдэхүүн гээд асар их зүйл хадгалдаг учир аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг байх. Энэ хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?

 

-ХАБЭА-н сарын аяны хүрээнд манай алба төлөвлөгөө гаргаж ажилласан. Тухайлбал, ЦХОБА-тай хамтраад галын аюулгүй байдлыг хангах биет сургалтыг хийж, гарсан дутагдлуудыг арилгаж байна. Үүнээс гадна Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын төлөвлөгөө болон Амгалангийн дулааны станц хүчин чадлаа нэмэгдүүлсний хүрээнд Амгалан дахь бааздаа нүүрс түлж, зуух ажиллуулдгаа больё гэж байгаа. Эхний ээлжинд техникийн нөхцөл, холбох цэгүүдээ авсан. Манайх руу дулаан болон цэвэр, бохир усны шугам татахад дунд нь хувийн аж ахуйн нэгж, компаниуд олон байдаг. Тиймээс хоёр ч компанитай уулзаж “Зураг төслөө танайх гарга. Төсөв мөнгө, зардлаа бууруулах талд бүгдээрээ хамтарч ажиллая” гэдэг саналыг тавьсан. Эхний ээлжинд манай баазын яг хажууд байдаг “Металл Ремикон” ХХК зургаа хийлгэж, төсвөө гаргасан. Дулааны шугамын хоолой татах ажлын төсөв зардал хэр гарах вэ гэсэн хэлцэл хийж байна. Энэ ажлыг хөөцөлдөөд явж байхад нөгөө талдаа бас эрсдэл байна. Учир нь, хувийн компаниуд манай Замын II анги, Зураг төслийн төвтэй хамтраад төмөр зам доогуур, ялангуяа манай баазын доогуур оруулах зураг аль хэдийнэ хийлгэсэн байх юм. Дээр нь байгаа манай бааз өөрөө мэддэггүй. Дотоодын зардлаа бууруулах санаачилга гаргасан бидний зургийг болохоор Зураг төслийн төв хийдэггүй. Төсөв төлөвлөгөөнд нь байдаггүй. Тэгсэн хэр нь хувийн компанийнхыг хэзээний хийсэн байдаг. Үүнд цаашид анхаарч, дотоод уялдаа холбоогоо сайжруулмаар байна. Манай зураг төсөв хийгдээд гарчихвал цаашид дулааны шугамд холбосноор эдийн засгийн асар их үр өгөөжтэй ажил болно. Олон орон тоо хэмнэж, нүүрсний хэрэглээ багасаж, эрсдэл буурна. Улмаар УБТЗ-ынхаа тэнд байдаг АБТЭМА-ийн талбай руу ч дулаан татах боломжтой.

 

-Тулгамдаж буй, шийдвэрлүүлэх шаардлагатай өөр ямар асуудлууд байна вэ?

 

-Захиалгыг цахимаар авах асуудал тулгамдаж буйг би дээр дурдсан. Дахин энд онцолж хэлье. Замын даргын тушаалаар 2024 оны хоёрдугаар сарын 27-нд Замын I орлогч даргаар ахлуулсан комисс байгуулагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 30-нд бид Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэст техникийн даалгавраа хүргүүлсэн. Дөрөвдүгээр сард тус хэлтсээс дөрвөн хүнийг Эрдэнэт рүү туршлага судлуулахаар явуулсан. Улсын хэмжээнд хиймэл оюун ухаан яригдаад байтал бид захиалгаа цаасаар авсаар л байна. Тиймээс энэ программыг хийе гээд тус хэлтэс 1.3 жил боллоо. Программ хийх ажил 90 хувьтай явна гэсэн хэр нь нэг ч үзүүлэхгүй өнөөг хүрлээ. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөх шаардлагатай байна. Программыг ашиглалтад оруулснаар бид замын хэмжээний худалдан авалтыг цахимаар авах давуу талтайгаас гадна захиалгыг агуулахуудын үлдэгдэлтэй уялдуулан хянаж, үр ашиггүй худалдан авалтыг бууруулах зэрэг эдийн засгийн их ач холбогдолтой ажил байгаа юм.

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.