Нүүр МТЗ Бүтээн байгуулалтын хаалттай бүсийн ажил явагдаж байна
МТЗ

Бүтээн байгуулалтын хаалттай бүсийн ажил явагдаж байна

G.Press 8 сарын өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

 Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, одоогийн байдлаар бүтээн байгуулалтын хаалттай бүсийн ажил хийгдэж байна.

Хаалттай бүсийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 инженер, техникийн ажилтан болон 144 ажилчин ажиллаж байгаа аж. Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил 45.5 хувь, арматур бэлтгэх талбайн ажил 81.5 хувь, дайрга хадгалах агуулахын ажил 30.86 хувь, ажилчдын кемп байгуулах ажил 70.83 хувийн гүйцэтгэлтэй байна.

Гүүр-1-ийн 176 дугаар тулгуурын бетон цутгалт бүрэн дуусаж, хэв хашмал задлах ажил хийгдэж байна. Мөн хаалттай бүсийн гаднах есөн байрлалд дугуй болон дөрвөлжин хоолойн тэнхлэг, түвшинг шалгуулж баталгаажуулсан бөгөөд эдгээрт нийт 48.703.77 м³ ухмал ажил гүйцэтгэгдсэн нь 26.71 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс гадна хаалттай бүсэд байгуулсан 54 цэгийн геодезийн хяналтын хэмжилтийг WGS84 датум, UTM48 тусгагаар өндөр нарийвчлалтай хийж дуусгажээ. Дугуй хоолойн суурийн буцаан дүүргэлтэд ашиглах материалыг 28 болон 85 км-ийн зайд байрлах карьераас сонгон авч туршилт, шинжилгээнд хамруулсан аж. Үр дүнд нь төслийн талбайд ашиглагдах төмөр бетонон дугуй хоолойн чанар болон техникийн үзүүлэлтүүд нь зураг, техникийн шаардлагыг бүрэн хангасан болохыг баталгаажууллаа хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.