Бяцхан түүх сөхөхөд, 1985 онд УБТЗ-ын ҮЭ-ийн зөвлөлийн дарга Бөхийн Бөмбөг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бурхантын хөндийд орших Бөөрөлжүүтийн нуурын рашааныг ээж болон гэргийн хамт зорьжээ. Ээжийнх нь элэг томорч хатуурсан, хэвлий нь устай. Харин эхнэр нь хоол унданд тааруу, цээж хорсож шар өнгийн шингэнээр огих зовиуртай байсан аж. Сайн гэгдсэн өөр рашаан усыг уусан ч тусыг олсонгүй. Ийн хайртай хүмүүсээ эрүүл болгохоор сураг ажиг тавьж яваад нутгийн иргэн н.Наваанцэрэнгээс Бөөрөлжүүтийн нуурын рашааны талаар дуулсан гэдэг. Зорьж очсон хүмүүс уг рашааныг хүртээд долоо хоноход өвчтэй улсын зовиур намдсан төдийгүй сэтгэл санаа нь ч сэргээд иржээ. Ийнхүү рашааны ач холбогдлыг өөрийн амьдралаар нотолсон болохоор өөр өвдөж шаналсан хүмүүст тус болохсон гэсэн хүсэлд хөтлөгдөж, илүү нарийн судалж эхэлсэн байна. Улмаар, тэртээх 1680 оны үед Өндөр гэгээн Занабазар нуурын рашааны нууцыг тайлж, эмчилгээний өндөр тустайг тайлбарласан талаар ч мэджээ. Б.Бөмбөг нуурын рашааны ач холбогдлыг тухайн үеийн албан тушаалтнуудын сонорт хүргэж, олны төлөө уйгагүй гүйснээр МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга н.Лувсанцэрэнгийн шийдвэр гарч, сувилал байгуулагдах болсон түүхтэй. Төмөр замын тухайн үеийн монгол, орос дарга нар ч сувилал байгуулахыг дэмжиж, уг ажлыг Б.Бөмбөг гуайд хариуцуулжээ. Сувилал байгуулах үйл явц Багануурын төмөр замыг барьж байсан цагтай таарч, 12 айлын орон сууцтай ч болоод амжжээ. Улмаар, 1991 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс УБТЗ-ын харьяанд шилжүүлсэн байна.
Түүнээс хойш “Булагтай” сувилал нь урин дулааны улиралд төмөр замчдадаа сувилгаа үйлчилгээ үзүүлж байгаад 2010 оноос жилийн дөрвөн улиралд буюу байнгын ажиллагаанд жилжсэн юм. Ийнхүү үйл ажиллагааг нь өргөтгөхөд тухайн үеийн сувиллын хамт олноос маань өндөр ур чадвар, уйгагүй хөдөлмөр шаардсан билээ. Тухайн үед Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтар болон Ахмадын холбооны дарга асан Н.Жанчив нар сувиллын үйл ажиллагааг ихээхэн дэмжиж, бодит туслалцаа үзүүлэн ажиллаж байв. Өдгөө “Булагтай” сувиллыг эх орны өнцөг булан бүрээс зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо өсөж, үйл ажиллагаа өргөжин тэлсэн нь сувиллын үе үеийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр бүтээл, Замын захиргааны дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.
Тус сувилал нь Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн батламжийг тус бүр таван удаа авснаас гадна Ахмад настанд сувиллаар үйлчлэх тендерт есөн жил дараалан шалгарсан нь хамт олны минь ажлын амжилт байлаа.
Байлаа гэсний учир нь хэдхэн жилийн өмнө 130 ортойгоор, ээлж бүр дүүрэн, дараалал ихтэй ажиллаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан сувилал одоогийн байдлаар 50 орны хяналтын тоотой болсон байна. Түүнчлэн, магадлан итгэмжлэлийн батламжаа авч чадалгүй, зөвхөн нэг жилийн давтан авч, халамжийн тендерээс хоцорсон нь үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэжээ. Цаашлаад, 2022 оны наймдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарыг хүртэлх есөн сарын хугацаанд хүн эмчлэх эрхийн гэрчилгээтэй болон гэрчилгээгүй 11 эмчийг ажиллуулсны сөрөг тал их юм. Үүнээс гадна, төлөвлөгөө тооцоо, зураг төсөв, дулааны шугамгүй, технологийн зөрчилтэй барилга барьж, хүний эрхийн зөрчил гаргаснаас гадна төсөв, зардлаа хэтрүүлж алдагдалд орсноор бие даан ажиллах чадваргүй болсон тухай дуулдана.
Сувиллын удирдлага нь эмчилгээний арга барил, эмнэл зүй,норм норматив, стандартыг мэдэхгүйн зэрэгцээ хувийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, зөрчил дутагдлаа нууснаас дээрх алдаа гарав уу?
Энэ байгууллага хамт олонтойгоо нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байсны хувьд “Булагтай” сувиллын 40 жилийн хөгжлийн түүхэнд хар толбо үлдэнэ хэмээн ахмад төмөр замчин би сэтгэл хөндүүрлэж, цаашдын үйлсэд нь бага ч болов дэм болох санааг төмөр замчдадаа сонин хэвлэлээрээ дамжуулан хүргэж байна.
Юуны өмнө, Эрүүл мэндийн яамны ажил хариуцсан албанд сувиллын одоогийн нөхцөл байдал, учир шалтгааныг танилцуулж, жилд ажиллах орны тоог нэмэгдүүлэн баталгаажуулах нь зүйтэй юм. Цаашлаад, эмч, сувилагч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх нь чухал санагдана. Улмаар, уламжлалт анагаах ухааны өргөн мэдлэгтэй, оношлох арга ухаанд мэргэшсэн өндөр ур чадвартай, гадна өвчтөн, үйлчлүүлэгчидтэй боловсон харьцах зөв хандлагатай мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлэх нь сувиллын үйл ажиллагаа хэвийн явагдахад шууд нөлөөлнө гэж бодож байна. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 92 дугаар тогтоолын заалтыг нарийн судлан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, урьд хийж байсан эмчилгээний нэр төрлийг бууруулахгүйгээр хадгалах, иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй эмчилгээ, сувилгааг сэргээх нь чухал. Сувилал одоо Төв эмнэлгийн харьяанд байгаа ч бие даасан байдалд нь хэр нийцтэйг ярилцаж, шийдэх шаардлагатай. Эдгээрээс гадна жижиг гэхгүйгээр асуудалд анхаарч, хүнийг дээдлэх цаашлаад тогтсон дадлыг сэргээх ёстой юмсан. Сувиллыг зорих хэн ч “хаан” эрх эдлэхээр ирдэггүй. Харин энэрэл эрж ирдгийг мартаж болохгүй.
Түүнчлэн, бие даасан тайлан тэнцэлтэй хуулийн этгээд байсан тус сувилал юуны учир цех хэлбэрээр ажиллах болов гэдэг нь анхаарал татна.
Төгсгөлд нь, Замын захиргаа 40 жилийн түүхтэй “Булагтай” сувиллынхаа үйл ажиллагаанд үнэлэлт өгч, үе үеийн ажилтан, албан хаагчид болон олон мянган үйлчлүүлэгчдийн итгэл, сэтгэлийг дээдлэн сувиллын өнөөдрийн байдлыг анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.
Ахмад төмөр замчин Д.Даяндорж
