Чойр зангилааны дарга Б.Удамбуян ярьж байна
-Чойр хэсэглэлд, энэ он гарсаар ачилт, буулгалтын хэр хэмжээтэй явна вэ?
-Чойр өртөө, хэсэглэлийн хамт олон энэ он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар ачилтын төлөвлөгөөг 85.41 хувь, буулгалтыг 134.51 хувьтай биелүүлсэн. Тодруулбал, 18704 вагонд 1223031.93 тонн ачиж өмнөх оны мөн үеэс 4263 вагон, 253043.88 тонноор илүү ачаа ачсан. Харин 5929 вагон буулгасан нь төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлт ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1719 вагоноор дутуу буулгасан байна. Тээврийн орлого оны эхний дөрвөн сард 50 тэрбум 857 сая төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 23.8 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт. Цаашид манай хамт олон орлого нэмэгдүүлж, ачилт буулгалтын сул зогсолтын цагийг бууруулж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
-Танайд уул уурхайн бүтээгдэхүүний ачилт их байна уу?
-Манай хэсэглэлийн өртөөд уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, жонш, төмрийн хүдэр, мөнгөний хүдэр гол төлөв ачдаг. Харин эдгээр ачилтын 77 хувийг экспортын нүүрс эзэлдэг.
-Орон нутгийн ачилт, буулгалт хэр байгаа вэ?
-Ачилтын таван өртөө бүгд экспортын ачаа ачдаг. Харин Шивээ-Овоо өртөө Улаанбаатар хотын цахилгаан дулааны их үүсгэвэр болох ТЭЦ-4-т хоногтоо 100 гаруй вагон нүүрс ачиж, тээвэрлэж байна. Мөн Олон-Овоо өртөөнөөс замын хэмжээний их барилга, их засварын элс, шорооны ачилтыг хийдэг онцлогтой.
-Ачааны хуримтлал үүсэж байна уу?
-Өнөөдрийн байдлаар Чойр өртөөний нунтаг нурмаг ачаа ачиж буулгадаг 10 салбар замын талбайд нүүрс 229 мянга орчим тонн байна. Мөн жонш, төмрийн хүдэр, мөнгөний хүдэр зэрэг ачаа 50 гаран мянган тонн бий. Олон-Овоо өртөөний дөрвөн салбар замын талбайд 110 гаруй тонн ачаа, Бор-Өндөр өртөөнд уул уурхайн бүтээгдэхүүн 30 гаруй мянган тонн орчим хадгалагдаж байна. Манай өртөөд ачилтыг хурдан шуурхай хийж байгаа хэдий ч уурхайгаас ачаа талбай дээр бууж нэмэгдсээр байна.
-Ачаа тээврийн үйлчилгээг Замын хэмжээнд цахим болгож байгаа. Энэ ажлын хүрээнд танай өртөөний ачилт, буулгалтын үйл ажиллагаа үйлчлүүлэгчдэд нээлттэй болж чадсан уу?
-Олон-Овоо, Чойр өртөөнд ил тодын дэлгэц байрлуулсан. Энэ дэлгэцнээс үйлчлүүлэгч байгууллагууд ачилт, буулгалт болон ирж яваа цувааны дараалал, мэдээллийг харж байна.
-Цаашид ачилтын хэмжээ өсөхөөр байна уу?
-Урин дулаан цаг ирж байна. Манай өртөөдийн гол ачилтыг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг учраас ачилтын хэмжээ нэмэгдэнэ. Бид эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 4263 вагон, 25.3 мянган тонн илүү ачаа ачсан. Тээврийн орлогыг 23 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн амжилттай ажиллаж байна.
М.Наранболд