Эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн болон зөв зохистой хэрэглээ, хэмнэлтийн талаар УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвийн Эрчим хүчний хэмнэлтийн менежер Б.Тамираатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа, нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.2-т Эрчим хүчний хэмнэлт гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг хэлнэ гэж заасан байдаг. Байгалийн нөөцийг зохисгүй ашиглаж, агаар, орчны бохирдол, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэг арга зам нь эрчим хүчээ хэмнэх юм. Эрчим хүчээ хэмнэх шаардлага жил ирэх тусам, улс орон бүрд өсөн нэмэгдэж байна. Эрүүл аж төрж, байгальд ээлтэй байж, ирээдүй хойчдоо илүү боломж үлдээх санхүүгийн хэмнэлт гаргахын тулд эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй. Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь салгахгүйгээр, ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг ашиглаж бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байдаг. Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл, тоос сорогчийн хогийн уут хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүч бага зарцуулдаг.
-Ахуйн хэрэглээнд эрчим хүчээ хэмнэх энгийн өөр ямар аргууд байж болох вэ?
-Ашиглаагүй гэрлээ унтраах, эйр кондейшн ажиллуулж байгаа бол цонхоо хаах, шүршүүрт орох хугацаагаа багасгах, зөөврийн компьютерээ хэмнэлтийн горимоор ажиллуулах, шатыг түлхүү ашиглах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах хэрэгтэй. Мөн угаалгын машиныг бүрэн ачааллаар нь ажиллуулах, лед гэрэл ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл худалдаж авах, хоол хийж буй савныхаа тагийг тавих, дулаан алдагдлыг бууруулах гэх мэт олон арга байдаг. Мэдээж эрчим хүч хэрэглэгч хүн бүхэн хэмнэх эрмэлзэлтэй байх нь чухал. Гэр бүлийн таван гишүүний нэг нь л эрчим хүчийг хэмнэх тухай ойлголтгүй бол бусад гишүүний хичээл зүтгэл талаар болно.
-УБТЗ-ын хэмнэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 232 дугаар тогтоолоор УБТЗ ХНН нь “Үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь хуульд заасны дагуу эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх, өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, эрчим хүчний аудитын тайлан, хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Бид эдгээр үүрэг чиглэлийн биелэлтийг хангаж ажиллахаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 10.1, 10.2 дугаар заалтыг үндэслэн Замын даргын 2019 оны есдүгээр сарын 25-ны өдрийн А-451 тоот тушаалаар Замын түлш-эрчим хүчний зөвлөлийг шинэчлэн байгуулж түлш, эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
-Эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотой мэдээлэл өгөөч?
-Эрчим хүч бол үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Үнэ цэн нь тодорхой өртөгтэй байж хэмнэх эрмэлзэл төрнө. Гэтэл манай улсад эрчим хүч маш хямд. Эрчим хүчний салбар нь шинэ мөрдөгдсөн тарифаар дөнгөж бодит өртгөндөө хүрч байна. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Зохицуулах хорооны бүрэн эрх 9.1.5, Эрчим хүчний тухай хуулийн 26.2.1, 26.2.8 заалтыг үндэслэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэсэн. Энгийн болон цагийн ялгаварт тоолууртай аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тариф болон чадлын тарифыг шатлалгүй болгосон. Мөн цахилгааны тарифын ангилалд өөрчлөлт орж, сэргээгдэх эрчим хүчний тарифыг тусад нь тооцохгүйгээр цахилгааны тарифт шингээсэн байдлаар тооцдог болсон. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг. Нэг сарын цахилгааны төлбөр 36220 төгрөг байсан нь 15887 төгрөгөөр нэмэгдэж 52107 төгрөг болох юм. Аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар нэмэгдүүлсэн. Хэрэглэгчид үнэ тариф бодох аргачлалаа мэдэх, төлбөр их гарсан тохиолдолд гомдол саналаа хангагч байгууллагтаа гарган шалгуулах бүрэн боломжтой.
-Оргил ачаалал хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ?
-Монгол Улсын Эрчим хүчний системийн хувьд оргил ачаалал 17.00-22.00 цагт хамгийн дээд түвшиндээ хүрдэг. Эдгээр цагт гаднаас импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг худалдаж авдаг. Тиймээс “Тогоо тохируулъя 17.00-22.00 цаг” аян зарлагдсан байгаа. Энэ нь оргил ачааллын үед иргэдийн амьдралын хэв маягийг шууд өөрчлөхөөс илүүтэй үр ашиггүй хэрэглээг багасгахыг уриалсан ажил юм. Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний муруй нь ахуйн шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, орой хүмүүс ажлаа тарж ирээд хоолоо хийх, гэрэлтүүлэг асаах, телевизор үзэх, угаалгын машин ажиллуулах зэргээр 17.00-21.00 цагт хэрэглээ огцом нэмэгддэг. Шөнө хүмүүс унтахаар хэрэглээ буурдаг. Тиймээс хэрэглэгчид бид энэ цагаар хэрэглээгээ зохицуулснаар оргил ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулан эрчим хүчээ хэмнэж, зохистой хэрэглэж хэвшицгээх хэрэгтэй байна.
-Эцэст нь та манай уншигчдад хандаж юу гэж хэлмээр байна?
-Зөвхөн хэрэглээг дэмжих бодлогоос татгалзаж, хэмнэлтийг дэмжих бодлого руу шилжье. Эрчим хүчгүй бол амьдрал зогсоно гэдгийг ойлгож салбарын тогтвортой байдлыг хангахын төлөө хүн бүрийн оролцоо чухал тул ухаалгаар хэрэглэж заншицгаая.
Хүн бүр эрчим хүч хэрэглэгч болохоор
Хүн бүр эрчим хүчийг хэмнэж чадна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа!
М.Наранболд