Замын аж ахуйн албанаас жил бүр "Бригадын дарга нарын ур чадварын тэмцээн”-ийг зохион байгуулдаг. Энэ жил уг тэмцээний зохион байгуулагчаар Замын I ангийнхан ажиллажээ. Ингэхдээ тэмцээнийг шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорьсноо зохион байгуулагчид онцолж байлаа. Тухайлбал, мэргэжлийн ур чадвар, дүрэм журмын мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнийг уламжлалт болон компьютер дээр ажиллах байдлаар хослуулан зохион байгуулсан байна. Тэмцээнд нийт долоон багийн 35 бригадын дарга, мэргэжлийн ур чадвар, дүрэм журмын мэдлэг, авхаалж самбаагаа сорьжээ. Мөн багийн ахлагч нарын дунд зохиосон зам сумын гэмтэл олох тэмцээн нэлээд өрсөлдөөн дунд өрнөлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 35.52 оноогоор Замын IV анги, дэд байрт 34.61 оноогоор Замын II анги, гутгаар байрт 34.07 оноогоор Замын VI ангийн бригадын дарга нар тус тус шалгарлаа.
Ташрамд дурдахад, Замын хэмжээнд 230-аад бригадын дарга ажиллаж байна.
Түүнчлэн, 2024 онд Замын аж ахуйн албаны хэмжээнд "Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах" жилийн зорилт дэвшүүлж, энэ хүрээнд шилдэг салбар нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласнаа саяхан дүгнэж, тэргүүлэгчдээ тодрууллаа. Уг болзолт уралдаанд Мод боловсруулах үйлдвэр тэргүүн байр, Замын II анги дэд байр эзэлжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Замын VI ангийн дарга Т.Лхагвасүрэн “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаасныг гардуулсан байна.