Засгийн газрын шийдвэрээр Богдхан төмөр замын төслөөс Бодь Интернэшнл ХХК-ийг хасаж, оронд нь Улаанбаатар төмөр зам ХНН гүйцэтгэгчээр сонгосон байна. Цаашлаад Богдхан төмөр зам төсөл дээр оросуудтай хамтрах санал тавиад байгаа гэж салбарын сайд мэдээлэв. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "Богдхан төмөр замыг Бодь Интернэшнл ХХК тэрбум 900 сая доллараар барина гэсэн байсан. Нэг км-ийг нь 10 орчим сая доллараар барина гэсэн үг. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын нэг км-ийг нь бид нэг сая орчим доллараар барьсан. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй барихаар гэрээлсэн. Хамгийн гол нь энэ гэрээг хийхдээ УБТЗ ХНН-тэй яриагүй. Богдхан төмөр замаар УБТЗ ХНН-ийн ачаа тээвэрлэнэ. Гэтэл ОХУ-ын 50 хувийг нь эзэмшдэг талтайгаа ярилцахгүй, зөвшөөрөл авахгүйгээр ажил эхэлсэн байсан юм. Үүнийг би хоёр үндэслэлээр зогсоосон. Нэгд, ОХУ зөвшөөрөхгүй бол энэ төмөр зам хэнд ч хэрэггүй үхмэл  хөрөнгө болно.  Хоёрт, төмөр замыг маш өндөр үнээр барих гэж байсан. Ийм байж болохгүй гээд гэрээг зогсоосон. Ингэхдээ бид УБТЗ ХНН-ийг ОХУ-тай хамтран эзэмшдэг тул Богдхан төмөр замыг ОХУ-тай хамтарч барина гэж байгаа юм. Мөн төсөвт өртгийг нь бууруулна. 1.9 тэрбум доллар гээд байгаа төсвийг нь 1.5 тэрбум доллар болгохоор ТЭЗҮ-ээ бэлдээд ОХУ-д хамтрах хүсэлтээ тавьсан. ОХУ хариу өгөөгүй байна. ОХУ хамтрахгүй гэвэл өөрсдөө барина" гэлээ.