Дэлхийн 200 шахам улсын 800 орчим боомттой харилцдаг Тяньжин боомт нь Монгол Улсын хувьд хамгийн дөт далайн гарцын нэг юм. Монгол Улсын экспорт, импортын барааны ихэнх хэсэг нь Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. БНХАУ-аас Монгол Улсыг чиглэсэн нийт чингэлгийн 89 хувь нь зөвхөн Тяньжин боомтоос иржээ. Тус боомтоос Монгол Улс руу тээвэрлэж байгаа ачааны хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа.  2022 онд нийт 720 галт тэрэг аялсан ба 37200 вагоноор 20 футын 8288 чингэлэг, 40 футын 33055 чингэлэг, нийт 41343 чингэлэг ачаа тээвэрлэсэн байна. Тяньжин боомт өнгөрсөн жил 530 сая тонн ачаа, 21 сая TEU чингэлэг боловсруулж нэвтрүүлжээ. Тус боомт нь 213 терминалтай бөгөөд өнгөрсөн жил “Ухаалаг+Ногоон” бүрэн автомажсан эко терминалыг ашиглалтад оруулжээ. Тус боомт нь 22-25 сая TEU чингэлэг нэвтрүүлэх зорилт дэвшүүлж байгаа бөгөөд Ази-Европыг холбосон Монгол Улсын төв коридор, тэр дундаа УБТЗ чухал үүрэгтэйг Тяньжин боомтын төлөөлөгчид онцлон тэмдэглээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ. УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийг тэлж өсгөхөд  чухал үүрэгтэй тус боомттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан саналаа солилцлоо.