БНХАУ хэдийгээр хилээ нээсэн ч таваарын эргэлт сулрах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн тул Covid-19-ийг Үл тэвчих бодлогыг эцэслэснээр зах зээл эргэн эрчимжинэ гэсэн хүлээлт ч дагаад буурч эхэлжээ. БНХАУ-ын эдийн засаг энэ онд эргэн сэргэх нь шинжээчдийн хувьд эргэлзээгүй зүйл боловч сэргэлт хэр хэмжээнд, хэдий хугацаанд явагдах тухай тодорхойгүй байдал нь зэс, газрын тос, нүүрс зэрэг түүхий эдүүдийн үнэ өсөхөд саад болж байгаа юм.
Лхагва гарагт “Caixin”-ийн тайланд мэдээлснээр нэгдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц зургаа дахь сардаа дараалан буурсан байгаа нь өмнөх өдөр нь тус улсын Үндэсний Статистикийн товчооны гаргасан өөдрөг төсөөллөөс зөрсөн байна.
Covid-19-ийг Үл тэвчих бодлого зөөлөрч эхэлсэн 11 дүгээр сараас хойш зэсийн фьючерс үнэ 20 хувиар өсөөд байна. Тиймээс хэрэв эрэлтийн нөхцөл байдал сайжрахгүй бол үнэ нь буцаад унах эрсдэл байгааг “Yonggang Resources”-ийн шинжээч Жянь Хан онцолсон байна.
Түүнчлэн БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ ч гэсэн уналттай байгаа нь цаг агаар дулаарснаас, мөн Сар шинийн баярын амралтын дараа үйлдвэрүүдийн хэрэглээ төдийлөн сэргээгүй байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia