Лондоны Металлын биржид хуримтлагдсан зэсийн нөөцийн хэмжээ хоёр дахин өсжээ.

Энэ он гарсаар зэсийн үнэ анх удаа тонн нь 8000 ам.доллароос доош буурлаа. БНХАУ-д эдийн засгийн сэргэлт тааруу байгаа болон АНУ-д бодлогын хүү нэмэгдэх төлөвтэй байгаа нь аж үйлдвэрийн металлын үнийн уналтад голлон нөлөөлсөн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн статистик мэдээллээс харахад БНХАУ-д Covid-19 цар тахлын дараах сэргэлт царцсан нөхцөл байдалтай байгаа аж. Ялангуяа Бээжин хотод дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн салбарт өндөр зардал гаргахгүй байгаа нь эргэн зэсийн ханшид дарамж учруулж байгаа талаар шинжээчид онцолж байна.

Түүнчлэн тус металлын эрэлт сул байгааг дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Лондоны Металлын биржид хуримтлагдсан зэсийн нөөцийн хэмжээ бараг хоёр дахин өссөнөөс харж болно.

Зэсийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэх тусам ханшийн уналтыг улам өдөөж байгаа ба уналт цаашид үргэлжлэх төлөвтэйг металл нийлүүлэлтийн “Yonggang Resources” компани мэдээлсэн байна.

Сүүлийн байдлаар Лондоны Металлын биржид  зэсийн үнэ 1.4 хувиар буурч, тонн нь 7988 ам.доллар боллоо.  Энэ улиралд энэхүү металлын үнэ 11 орчим хувиар буураад байна.