УБТЗ ХНН-ийн төлөөлөгчид саяхан БНСУ-д ажиллаад ирсэн. Эдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтохоос хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар тодрууллаа.
-УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны хооронд БНСУ-д албан томилолтоор ажиллалаа. Томилолтын үеэр Ёнжу хотын Төмөр замын ахлах сургууль, "DongYang" тээврийн их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийж багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, төмөр замын чиглэлийн төсөл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. УБТЗ ХНН-ийн төлөөлөл БНСУ-ын “DongYang” их сургуулиас зохион байгуулсан БНСУ, Монгол, Вьетнам улсын төмөр замын судлаачдын төлөөлөл оролцсон “Азийн улс орнуудын төмөр замуудын зөвлөгөөн”-д оролцлоо. Зөвлөгөөнд оролцогсдод бид УБТЗ ХНН-ийн талаар болон Төмөр замын дээд сургууль, Төмөр замын Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл, танилцуулга хүргэлээ.
-Хамтын ажиллагааны хүрээнд ямар хөтөлбөр хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн бэ?
-Тэжон хотын “Woosong” төмөр замын коллеж болон “Woosong” их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Политехникийн коллеж БНСУ-ын “Woosong” төмөр замын коллежтой багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төмөр замын төсөл дээр хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Түүнчлэн, БНСУ-ын үндэсний төмөр замын "Korea National Railway “Korail” компанийн дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Уг уулзалтаар УБТЗ ХНН-т төмөр замын мэргэжлийн боловсон хүчин хэрхэн бэлтгэдэг болон ОХУ, БНХАУ-д төмөр замын мэргэжлээр суралцах оюутныг тэтгэлгээр ямар журмаар суралцуулдаг талаар мэдээлэл хүргэв. Цаашлаад, Монгол Улсад шинээр байгуулагдсан бусад төмөр замуудын талаар мэдээлэл солилцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон чухал уулзалт боллоо гэж бид үзэж байна.
Түүнчлэн "DongYang" их сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төмөр замын төсөл дээр хамтран ажиллах асуудлаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар болсон. Улмаар "DongYang" их сургуулийн удирдлагуудыг Монгол Улсад тавдугаар сарын сүүлчээр айлчлахыг урьсан байгаа. Тэр үед тус сургуулийн төлөөлөгчид УБТЗ ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, дээрх асуудлуудын талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.