Дэлхийн олон улс оронд жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ сарын хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Хүүхдийн сектор хамтран цэцэрлэгийн 4-5 насныхан болон Сурагчдын дотуур байрны бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарладаг уламжлал тогтоод буй юм. Хоёр дахь жилдээ “Бидний ирээдүй – Миний төсөөлөл” сэдэвтэй зарлагдсан уг уралдаан МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болов. Энэ удаад Хүүхдийн секторын харьяа 13 цэцэрлэг, сурагчдын дотуур байрны 1-5 ангийн хүүхдүүдийн 143 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг тодруулан, дөрөвдүгээр сарын 18-нд шагналт байрт шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
Тухайн өдөр уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэгийн урлаг зааланд дэлгэн үзүүллээ. Гар зургийн уралдааны шүүгчээр НЕБ-ын 73 дугаар сургуулийн сэтгэл зүйч, дизайн технологийн багш нар ажилласан байна. Шүүгчид өнөөгийн бидний амьдралын нэг хэсэг болсон цахим ертөнц, хиймэл оюун ухаан, технологийн нөлөөллийг багачууд хэрхэн хүлээн авдаг, мөн тэдний ирээдүйн тухай төсөөлөл бүтээлүүдэд тун гэгээлгээр буусныг олзуурхаж буйгаа илэрхийлэв.
Уралдаанд тэргүүлсэн хүүхдүүийн шагналыг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, УБТЗ-ын ХАБЭА-н албаны орлогч дарга А.П.Датков нар гардуулсан юм.
Уралдаанд дөрвөн настнуудаас “Солонго” цэцэрлэгийн Ш.Сүндэръяа, Ц.Буянхишиг нар нэг, хоёрдугаар байрт, “Моносхон” цэцэрлэгийн Б.Дөлгөөн гуравдугаар байрт, “Ган зам” цэцэрлэгийн А.Энхлэн тусгай байрт шалгарчээ.
Таван настнуудаас “Моносхон” цэцэрлэгийн Б.Сарангуа тэргүүлж, “Ирээдүй” цэцэрлэгийн Н.Төгс-Эрдэм дэд, “Улиасхан” цэцэрлэгийн Г.Оюунгэрэл гутгаар,
“Ирээдүй” цэцэрлэгийн О.Минжүүлэн тусгай байрын шагнал хүртлээ.
Дотуур байрны бага ангийн сурагчдаас 73 дугаар сургуулийн IV ангийн сурагч А.Энхбат, V ангийн сурагч Н.Сондор, А.Гэгээнмарал нар эхний гурван байрт шалгарч, тусгай байрын шагналыг V ангийн сурагч Б.Буянжаргал хүртлээ.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос цаашид ч хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдэнд урам зориг өгөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаа мэдэгдлээ.
