УБТЗ-ын Спорт, соёл, аялал жуулчлалын төвөөс ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад зориулсан “Бид ирээдүйн төмөр замчин” танин мэдэхүйн аяллыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Аяллын гол зорилго нь хүүхэд, залуучуудад төмөр замын салбарын үнэ цэн, ач холбогдлыг таниулах, төмөр замын мэргэжлүүдийн талаар бодит ойлголт өгөх, мэргэжлийн сонголтод нь чиг баримжаа олгоход оршиж байна. Аяллын хүрээнд сурагчид Төмөр замын их сургууль, Төмөр замын түүхийн музейгээр зочлон төмөр замын үүсэл хөгжил, түүхэн замнал болон өнөөгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Дархан хотын Хүүхдийн төмөр замтай танилцаж, төмөр замын мэргэжлийн онцлог, ажлын орчинтой ойроос танилцсан юм. Энэ үеэр Дархан хотод байгуулагдаж буй “Ирээдүйн төмөр замчин төгөл”-д хувь нэмрээ оруулж мод тарьцгаажээ. Мөн сурагчид Дархан зангилааны замын бүтэц, зохион байгуулалт, шугам замчдын өдөр тутмын ажил үүрэгтэй танилцаж, зарим ажилд гардан оролцон төмөр замын мэргэжлийн онцлогийг биеэр мэдэрсэн байна. Энэ удаагийн аялалд Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилааны сурагчид оролцож, төмөр замын талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа. “Бид ирээдүйн төмөр замчин” аялал нь хүүхэд, залуучуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм.
