Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэг жил бүрийн сар шинийн өмнөхөн “Би Монгол хүн” сэдэвт тайлант өдөрлөгийг уламжлал болгон зохион явуулсаар гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хүрээнд дунд бүлгийнхэн “Монгол дээл” ахлах бүлгүүд “Монгол гэр”, бэлтгэл бүлгүүд “Таван хошуу мал” гэсэн сэдвээр сурсан мэдсэнээ эцэг эхчүүддээ тайлагнан тоглолт хийжээ.
Бэлтгэл бүлгийн хүүхдүүд үндэсний дээл хувцсаараа жигдрэн АУЗ Т.Галсангийн “Монгол хүмүүний зүрхний бичээс” шүлгийг нийтээрээ бүтэн бадгаар уншиж өдөрлөгийг нээлээ. Бэлтгэл бүлгийнхэн “Таван хошуу мал” сэдвийнхээ хүрээнд “Дөрвөн бэрх” зохиож, баг болон хуваагдаж танин мэдэхүйн асуултад хариулан уралдлаа. Багш заасан сэдвийнхээ дагуу нас сэтгэхүйд нь зориулж малын зүс, нас, үр төл, аж байдлын талаар асуухад хүүхдүүд ам уралдан хариулж байлаа. Тоглоомын аргаар, тайлант төсөл байдлаар зохион байгуулж байгаа энэ ажил хүүхдүүдэд монгол зан заншил өв уламжлалыг өвлүүлэх, үлдээх, зөв монгол хүн төлөвшүүлэх сайн талтай аж. Мөн “Солонго” цэцэрлэгийнхэн хүүхдүүдийнхээ хийж бүтээсэн зүйлсээр нь үзэсгэлэн гаргажээ. Урласан үйл явцыг харуулсан фото зургууд ч энд багтсан байна. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж өв уламжлалаа таниулж байгаа энэ өдөрлөг хүүхдэд өгөөжтэйгээс гадна эцэг эхчүүд сэтгэл өндөр байна хэмээн цэцэрлэгийн удирдлага онцоллоо. Ийнхүү “Солонго”-ын авьяаслаг багачууд гурван өдөр дараалан ардын уламжлалаасаа суралцаж, дуу бүжиг сурсан мэдсэнээ бататгасан байна. “Солонго” цэцэрлэг энэ хичээлийн жилд тоглоом, хөдөлгөөн, танин мэдэхүйд суурилсан технологиор төсөлт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
