Дэлхийн хэмжээнд инфляц үргэлжлэн буурахаар байгааг “Bloomberg”-ийн судалгаа харууллаа

Дэлхийн хэмжээнд инфляц 2024 оны IV улиралд 5.4 хувь болж буурна гэж эдийн засагчид тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл инфляц тасралтгүй буурахаар байгаа аж. Энэ оны IV улиралд 6.2 хувь, 2022 оны IV улиралд 9.3 хувьтай байна гэх эдийн засагчдын тооцоолж байснаас  харьцангуй доогуур үзүүлэлт болохоор байна.

Судалгаанаас харвал хөгжингүй орнуудын хувьд инфляц энэ оны эцэст 3.4 хувь хүртэл саарах бол 2024 оны эцэст 2.2 хувь хүртэл буурах төлөвтэй байгаа ажээ. Харин Евро бүсэд үнийн өсөлт ирэх оны долоодугаар сар гэхэд хоёр хувиас доош буух төлөвтэй байгааг тодотгосон байна.

Харин хөгжиж буй орнуудын хувьд өөр төлөвтэй байгаа бөгөөд Турк болон Аргентинд үнийн дарамт хэвээр байхаар буйг анхаарууллаа. БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын инфляц 2023 оны IV улирлын эцэст 14.4 хувь хүрч, 2024 оны I улирлын туршид эргэн өсөхөөр байгаа аж. Харин үүний дараа буюу 2024 оны IV улирал гэхэд 11.8 хувь хүртэл саарна гэж шинжээчид таамаглаж байна.

БНХАУ-ын хувьд 2024 оны I улирал хүртэл дефляци үргэлжлэх эсэх нь 50 хувийн  магадлалтай байгааг онцолжээ.