Нүүр Сурвалжилга Б.Ган-Эрдэнэ: Зам дээр ажиллачихаад багажаа үүрээд явах нь замчин хүний жаргал
Сурвалжилга

Б.Ган-Эрдэнэ: Зам дээр ажиллачихаад багажаа үүрээд явах нь замчин хүний жаргал

G.Press 6 сарын өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замын IV анги, бүх хэсгийн ажлын байрны соёл 5S хөтөлбөрийн хэрэгжилт, эмх цэгц нь байгууллагын үүднээс нь л мэдрэгдэнэ. Тус ангийн нийт ажлын гүйцэтгэлээр 199 ажлын байрнаас өнгөрсөн онд “1S” гэрчилгээг 36, “2S” гэрчилгээг 61, “3S” гэрчилгээг 69 ажлын байрандаа тус тус авчээ. Өнгөрсөн жил биелэлт нь 72.3 хувьтай дүгнэгдсэн байна. Ажлын байрны соёл 5S хөтөлбөрийн хэрэгжилт, явцын идэвхжүүлэх үйл ажиллагааг сайжруулан 4S-г горилж ажиллаж байгаа хэсгүүдийн нэг нь XII хэсэг. Энэ хамт олны уур амьсгал эерэг, нэгдмэл байдал, замын мастер, бригадын даргын ажлын уялдаа холбоо сайн, хамт олноо зангидаж ажилладаг нь шууд анзаарагдана. Энэ хэсэглэл Сайншандын төвдөө есөн гар сум, гэрээт, салбар зам хариуцдаг. Зүүнбаянгийн 2-25 дугаар км-ийг хариуцдаг энэ хэсэг 14 замчин, хоёр тор засагч, замын мастер, бригадын дарга, жолооч гээд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Замын IV ангийн XII хэсгийн бригадын даргаар Б.Ган-Эрдэнэ ажилладаг. Түүнийг 1996 онд тус I хэсэгт замчнаар анх ажилд ороход Р-43 зам төмрийг Р-50 зам төмрөөр сольж байлаа. 2000-аад оны эхнээс Р-50 зам төмрөө Р-65 зам төмрөөр сольж эхэлжээ. “Замын аж ахуйн хөгжил дэвшилд гар бие оролцож яваа минь бахархалтай санагддаг” хэмээн Б.Ган-Эрдэнэ ярилаа. Тэрбээр, цааш нь “Манай гэр бүлийн хүнийг Ж.Мөнхзаяа гэдэг. Замын техникч мэргэжилтэй. Замын шалгалтын бригадын дарга, Замын мастераар ажиллаж байсан. Одоо Замын II хэсэгт замчин хийдэг, удам дамжсан төмөр замчин. Намайг УБТЗ хэмээх их айлтай холбосон хүн бол Замын IV ангийн ахлах мастер, Замын ангийн орлогч даргаар ажиллаж байсан нагац ах Л.Баатардорж юм. Өдий зэрэгтэй яваа маань тэр хүний буян. Төмөр замд ажиллаж байгаагаараа маш их бахархдаг. Орох орон, унах унаатай сайхан л амьдарч байна. “Говийн төмөр замчин” хөтөлбөр сайн хэрэгждэг. Залуус хүч түрэн орж ирж байна. Анх шугам замд ажиллахад амаргүй байсан ч одоогийн сайхан амьдрал, зорьсон зорилгодоо би хүрсэн. Тухайн үед II хэсэг 40 хүнтэй бүх сумыг хариуцдаг байлаа. Эхнэртэйгээ төмөр замын ид ажлын үеэр ажилд орж байжээ. Сардаа 3000-4000 дэр мод солих төлөвлөгөөтэй. Өглөөнөөс орой нар жаргатал төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажилладаг байв. Хийсэн ажлаа эргээд харах шиг аз жаргалтай мөч байдаггүй. Зам дээрээ ажиллачихаад багажаа үүрээд явах нь замчин хүний жаргал юм. Тэр сайхан дурсамжаа ажлын практик, туршлага болгон залуустаа ярьдаг. Ажлаа өөрийн биеэр гардаж, дурлаж шамдаад хийхээр амтанд нь ордог. Тухайн үед төмөр замд ажилд орно гэдэг ховор олдох боломж байлаа. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Өндөр босгыг нь давж замчнаар ажилд орж байсан” гэж дурсав. Б.Ган-Эрдэнэ өнөөдөр хэсгийнхээ залуу төмөр замчдыг удирдан чиглүүлж, өөрийн ажлын туршлага дээрээ үндэслэн тэдэнд зааж сургаж, халамжлан хүмүүжүүлэх ажлыг давхар хүлээн ажиллаж байна. Түүний ярианы өнгөнөөс өнөөгийн УБТЗ ын, ялангуяа говийн нөхцөлд залуу төмөр замчдын хэрхэн ажиллаж, амьдарч байгааг товч тодорхой илэрхийлж байсан нь бахархал төрүүлж байв. Өнөөдөр шугам зам, хэсэглэлд интернэт орчин бүрдсэн, байр орон сууц, цэцэрлэг сургууль гээд нийгмийн асуудлаа шийдэж өгч байна. Мөн орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж байна. Энэ хэсгийн 90 хувь нь нас тогтсон хүмүүс ажиллаж байсан бол 2019 оноос хойш залуус хүч түрэн орж ирсэн. Ялангуяа, тамирчин залуус орж ирж байна. Гар бөмбөг, сагс, үндэсний бөх, олс таталт зэрэг бүхий л спортоор хичээллэдэг дунд, залуу үеийн төмөр замчид зонхилох болсныг тэрбээр олонтаа дурдаж байв. Хамгийн залуу ажилтан болох Ш.Нямхүү 2003 оных, техникч мэргэжлээр суралцаж байна. Тэд техникийн шалгалтаа 89 хувьтай өгцгөөжээ. Б.Ган-Эрдэнэ “Одоогийн залуус хурдтай, юмыг амархан сурдаг, би өдрийн найман цаг тэднийг дагаж ажилладаг. Өглөөний 06:00 цагт ажилдаа гарна, өдөр 15:00 цагт орж ирнэ. Үдийн цайгаа ууж амраад, хийж чадахгүй зүйлсийг сургана. Нэг ажилтан бүх зүйлийг хийж чадахгүй тул чадах, чадах ажил дээр нь хуваарилж, сургаад явахаар урам зоригтой ажилладаг. Кабель ингэж татна, хуваарилах хайрцгийг ингэж барина, ядарч болохгүй, өглөө ажилд гарахад нь технологи танилцуулж зааварчилгаа өгнө. Өглөө гэрээс инээж гарчихаад орой нь бэртэх эсвэл ядарсан харивал хэцүү. Бэртэл гэмтэлгүй, аз жаргалтайгаар ажлаа хийх орчинг бүрдүүлэхийн төлөө технологи, зааварчилгааг өдөр бүр уншуулна. Зарим нь эргэж асууж шалгаад явахаар энэ зааварчилгааг өдөр бүр уншуулж, гарын үсэг зурах ямар шаардлагатай юм. Энэ технологийг бид яагаад мөрдөх ёстой юм бэ гэнэ. Учир байдлыг тодорхой хэлээд өгөхөөр өөрөөр хүлээж авдаг. Өглөө гэрээс инээгээд гарна. Өдөр ажлаа хийж байхдаа технологийн алдаа гарснаар хуруугаа, хөлөө урах гэмтээх зэргээр орой ядарсан өвдсөн очвол гэрийнхэн чинь яаж угтах вэ. Эсрэгээрээ чи аз жаргалтайгаар ажлаа хийчихээд гэр бүлдээ инээгээд эрч хүчтэй орвол гэр бүл чинь сайхан угтана. Ерөөсөө технологи мөрдөлтийг хялбар, энгийнээр тайлбарлахад сайн хүлээж авдаг. Загнаж зандраад байвал ойлгохгүй. Одоогийн хүүхдүүдийн сэтгэхүй тэс ондоо. Дэс дараалалтайгаар заагаад өгвөл сайн хүлээж авна. Одоо техник технологи хөгжчихсөн. Хүнийг бурхан нөөц эрхтэнгүй бүтээсэн. Тиймээс технологийг мөрдөөд зөв арга барилаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг мөрдөх нь л чухал. Бид “Аз жаргалтай ажиллаад гэртээ инээмсэглэж очно” гэсэн уриатай ажилладаг. 

Манай байгууллагын дарга их мундаг хүн. Айл гэрийн аав л гэсэн үг. Төмөр замчдын амьдрал ахуй, нийгмийн байдлыг бүхий л талаас нь харж үзэж, залуучуудаа байнга дэмждэг. Замын албаны аварга шалгаруулах тэмцээнд жил бүр манай хэсгийнхэн оролцдог. Түрүүлнэ л гэж яваад амжилттай оролцоод ирдэг. Би хэсгээрээ бахархдаг. Уур амьсгал их сайхан бидний ажиллаж байгаа арга барил, шаардлага зөв байна. Манай замын мастер надаас насаар дүү ч хэсгээ сайхан удирддаг. Бидний ажил өглөө мэндлэхээс эхэлнэ.Мэндлэх гэдэг учиртай. Гэрээсээ стресстэй ирлээ гэхэд хамт олон нь “Сайхан амарсан уу“ гээд угтахад “Сайхан амарсан” хэмээн хариулахад л хамаг стресс бухимдал тайлагдаад мартагдчихна. Хамт олны эерэг уур амьсгал нэгдүгээрт тавигддаг. Өвдсөн зовсон үед туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Манай замын мастер, нийгмийн идэвх сайтай. Бие биенээсээ үлгэр дууриалал авч, өөр өөрийн чиглэл, хүсэл тэмүүллээр хөгжөөд явчихна. “Замын мастер маань сагсны эмэгтэй, эрэгтэй багаа дасгалжуулаад албаны аварга шалгаруулах тэмцээндээ аваад явчихна. Жил бүр амжилттай оролцдог” хэмээн хамт олноо урамшуулж, магтаж хүүрнэсээр бидний яриа өндөрлөсөн билээ.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.