Нүүр Ярилцлага Б.Галсандорж: Уулзалтууд өгөөжөө өгч, гадаад харилцаа сэргэсэн жил байлаа
Ярилцлага

Б.Галсандорж: Уулзалтууд өгөөжөө өгч, гадаад харилцаа сэргэсэн жил байлаа

G.Press 3 сарын өмнө 210 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

УБТЗ-ын Гадаад харилцааны албаны 60 жилийн ойг угтан тус албаны дарга Б.Галсандоржтой сар шинийн босгон дээр цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Байгууллагын төдийгүй, улсын хэмжээнд гадаад харилцаатай холбоотой хамтын ажиллагаанууд цар тахлаас үүдсэн царцанги байдлаасаа гарч чадалгүй их удсан. УБТЗ-ын гадаад харилцааны салбар ч гэсэн энэ бэрхшээлийг тойроогүй байх?

 

-Ковидоос хойш Монгол Улсын нийгэм эдийн засаг, үүн дотроо төмөр замын салбарын гадаад харилцаанд эрчимтэй сэргэлт явагдаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр ихэнх хурал зөвлөгөөн, олон улсын арга хэмжээнүүд цахим хэлбэрт шилжсэн. Харин сүүлийн хоёр жилд нүүр тулсан уулзалтууд олширч, томхон хурал зөвлөгөөнүүд ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй болж эхэлж байна. Тэр хэрээрээ аливаа асуудлыг нухацтай зөвшилцөх, оновчтой шийдвэр гаргах, үүнийг дагаад тээврийн хэмжээ нэмэгдэх таатай суурь нөхцөл бүрдэж байгаа.

 

-2025 онд УБТЗ-ын гадаад харилцааны салбарт онцлох сонин сайхан зүйл олон л болж өнгөрөх шиг боллоо?

 

-Тийм ээ. Өнгөрөгч онд УБТЗ салбарын болон олон улсын томоохон хурал зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхэн жил байлаа. УБТЗ-ын Ерөнхий хорооны ээлжит хурлыг хоёр ч удаа хийлээ. Тухайн хурлуудаар нийгэмлэгийн цаашдын ирээдүйд чухал ач холбогдолтой олон шийдвэр гарсан. Мөн оны гуравдугаар сард Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын Гуравдугаар комиссын Гадаад худалдааны ачааны хэмжээ тохирох зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулсан. Энэхүү том арга хэмжээнд найман улсын 130 гаруй зочид төлөөлөгч оролцож тус онд тээвэрлэх ачааныхаа хэмжээг эцэслэж тохирсон. Нүүр нүүрээ харалцан хуралд оролцох, тэр тусмаа тухайн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахын давуу талыг мэдрүүлсэн онцлог зөвлөгөөн болсон. Нүүр тулсан амьд харилцаа гэдэг аливаа нэг шийдвэрийг гаргах, өөрийн талд ашигтайгаар эргүүлэхэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Цахимаар, дэлгэцийн хоёр талаас ямар нэг хүндрэлтэй асуудлыг шийднэ гэдэг амаргүй. Тиймээс УБТЗ-ын дарга Х.Хэрлэн болон Монгол Улсын Зам, тээврийн сайд ч тус хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг маш сайн хангах үүргийг өгсөн. Үүний дагуу Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, төмөр замчид нэг санаа бодолтойгоор том зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан нь талархмаар. Гадны зочид төлөөлөгчид ч гэсэн Улаанбаатарт зочлоод, тээврийнхээ хэмжээг тохироод өндөр сэтгэгдэлтэй буцсан. Манай УБТЗ-ын хувьд тус том зөвлөгөөнийг өөрийнхөө эх оронд зохион байгуулсан болохоор экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийнхээ хэмжээг өмнөх онуудаас мэдэгдэхүйц түвшинд өндрөөр тохирч чадсан.

 

-Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнөөр гурван улсын төмөр замын удирдлагууд биечлэн уулзсан уу? Манай зүгээс энэ арга хэмжээнд ямар байр суурьтай оролцдог вэ?

 

-Өнгөрөгч оны наймдугаар сард мөн Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр гурван улсын төмөр замын удирдлагууд нүүр тулан уулзсан. Энэ бол хилээр хоногт солилцох галт тэрэгний тоо болон технологийн процессыг хөрш замуудтайгаа тохирдог чухал арга хэмжээ. Орос, Хятадын төмөр замын дарга нар төлөөлөгчдөө ахалж ирсэн. Манай УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн зүгээс тус хуралд онцгой ач холбогдол өгч маш өндөр түвшинд зохион байгуулсан. Үүнийхээ хүрээнд бас 2026 онд хилээр дамжуулах галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлж чадсан. Ингэснээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүн, Европ-Хятад-Европ чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бололцоо нээгдэж байгаа.

Харин Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачаа тээврийн хэмжээ тохиролцох зөвлөгөөнөөр хилийн өртөөдөд гардаг техникийн болон бусад хүндрэлүүдийг шийдвэрлэх чиглэлээр манай Тээвэр зохион байгуулалтын алба болон бусад албад өөрсдийн талд ашигтай тодорхой шийдвэрүүдийг гаргуулж чадсан. Гадаад худалдаа /эскпорт, импорт, дамжин өнгөрөх/-ны ачааны хэмжээг 600 гаруй мянган тонноор нэмэгдүүлсэн амжилт биднийх.

 

-Өнгөрөгч онд баталсан дамжин өнгөрөх ачааны хэмжээ төлөвлөсөн үзүүлэлтдээ хүрч чадсан уу?

 

-Чадсан. Түүгээр ч барахгүй төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн.

 

-Энэ жил дамжин өнгөрөх ачааны хэмжээ батлагдсан уу?

 

-Ерөнхий хорооноос ачаа тээврийн төлөвлөгөө батлагдсан байгаа. Дээр дурдсан хилийн төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хөрш замуудтай хоногт солилцох галт тэрэгнийхээ тоог баталсан. Харин энэ жилийн ачааны хэмжээг ирэх гуравдугаар сарын эхээр ОХУ-ын Сочи хотноо болох ТЗХАБ-ын Гуравдугаар комиссын гишүүн төмөр замуудын гадаад худалдааны ачааны хэмжээ тохирох зөвлөгөөнөөр хэлэлцэж батална. Өнгөрсөн жил манайд болсон зөвлөгөөнтэй адил шүү дээ. Энэ жил Оросын талд болж байгаа юм. Энэ хуралд Монголын талаас УБТЗ-ын дарга, Зам тээврийн сайд нар онцгой ач холбогдол өгч байгаа. Улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудал учраас эртнээс чиглэл удирдамжаар хангаж ажиллаж байна. Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан бүрэлдэхүүн хэлэлцээрт ажиллах бэлтгэлээ хангаад явж байгаа.

 

-УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээг 2030 он гэхэд 50 сая тонн болгох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

 

-Гурван улсын Засгийн газрын хамтарсан шийдвэрийн дагуу Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байгаа. Зам, тээврийн яаман дээр байгуулагдсан ажлын хэсэгт манай Замын ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Техникийн бодлого стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар тэргүүтэй төлөөллүүд оролцоод, ТЭЗҮ-ийг нь төслийн нэгж боловсруулаад, одоо хоёр талтайгаа ТЭЗҮ-ээ нэгтгэн тохироод явж байна. Манай албаны зүгээс ТЭЗҮ-ийг шуурхай нэгтгэхэд хэлний туслалцаа үзүүлж, мэргэжилтнүүдтэй нь холбогдох, онлайн хэлэлцүүлэг болон бусад хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ хөтөлбөр батлагдчихвал хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг дамнан Улаан-Үдээс Жинин хүртэлх зам буюу УБТЗ-ын гол шугамыг шинэчлэх ажил хийгдэнэ. Тухайн үндэслэлийн дагуу хөрөнгөө хаанаас босгох вэ, энэ ажлуудыг хэрхэн хийж гүйцэтгэх вэ гэсэн дараагийн асуудлууд яригдана.

 

-Хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөрш орнуудтай хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, манай зүгээс хамтын ажиллагаа ямар явцтай байна вэ?

 

-Замын-Үүдийн төмөр замын хилийн боомтоор Хятадын талтай нарийн царигийн хоёр дахь гол замын холболтын ажил хэлэлцээрийн шатанд явж байгаа. Нарийн царигийн хоёр дахь гол замын холболтын хэлэлцээрийг Засгийн газрын түвшинд байгуулахаар Монгол Улсын Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, УБТЗ-ын хамтарсан ажлын хэсэг Хятадын төмөр замууд болон Хөх хотын төмөр замын хамтарсан ажлын хэсгүүдтэй ажиллаж байгаа. Хэлэлцээрийн төсөл ерөнхийдөө бэлэн болсон. Бидний зүгээс шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хэлэлцээр байгуулах л дутуу байгаа гэж ойлгож болно. Олон улсын хэлэлцээр учраас тухайн улс орнуудын эрх баригч байгууллагууд соёрхон батална шүү дээ. Тэдгээр ажил нь хүлээлтийн шатанд байна. Энэ онд багтан уг хэлэлцээр батлагдчихвал одоогийн өргөн царигийн хос замаас гадна нарийн царигаараа мөн хос замтай болно гэсэн үг. Ингэвэл мэдээж өргөн, нарийн царигаар галт тэрэгний солилцоо нэмэгдэнэ. Хоёр улсын төмөр зам, Монгол Улсын Зам, тээврийн яам болон Хятадын төмөр замын корпорацийн хамтарсан Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Судалгааны ажлууд хийж байна. Эдгээр ажил цэгцэрчихвэл нарийн царигийнхаа паркийг цахилгаанжуулах, зам сумаа уртасгах, ачих буулгах терминалыг нэмж байгуулах, өргөтгөх зэрэг ажлуудыг бас хийгээд явах юм.

 

-Хүлээлт ихтэй том ажлууд ид явагдаж байгаа юм байна даа. 2026 он тэгвэл бас түүхэнд үлдэх онцгой жил болох бололтой?

 

-2026 он ер нь түүхэн жил. Саяхан, нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-Эрээний хилийн гарц нээсний 70 жилийн ой болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Монгол Улс, ОХУ, БНХАУ төмөр замаар холбогдсоны 70 жилийн ой тохиож байгаа. Тиймээс нарийн царигийн хэлэлцээр байгуулах ажлуудаа түргэтгэхийн төлөө тал талаасаа ихээхэн чармайлт гаргаж байна. Тэгш ойн жил тохиож байгаатай холбоотойгоор манай албаны зүгээс хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөн саналаа боловсруулаад Замын удирдлагуудад танилцуулахаар бэлдчихсэн байгаа. Замын удирдлагаас баталчихаар нь хөрш замуудтайгаа харьцаад дараа дараагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр ажиллана даа. Энэ жил бас ТЗХАБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Варшавт төвтэй энэхүү олон улсын байгууллагын анхны арван гишүүний нэг нь манай УБТЗ. Монгол Улс 70 жилийн өмнө гишүүнээр элссэн гэсэн үг. Тиймээс энэ жилийн дөрөвдүгээр улиралд ТЗХАБ-ын Дөрөвдүгээр комиссын гишүүн төмөр замуудын зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүн тохиролцох зөвлөгөөнийг бас Улаанбаатар хотод зохион байгуулахаар болоод байна. Ер нь, том хурлууд зохион байгуулна гэдэг том ачаалал байдаг. Гэхдээ үүнийг дагалдах өгөөж, үр дүн нь ч том л байдаг юм.

 

-Сүүлийн үед ОХУ-д төмөр замын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна? Угаасаа ч манай хоёр улс энэ талын асар том уламжлалтай даа?

 

-Монгол Улсын Зам, тээврийн яам ОХУ-ын төмөр замын агентлагууд жил бүр гэрээ байгуулаад Засгийн газрынх нь тэтгэлгээр монгол оюутнуудыг ОХУ-ын Зам харилцааны их сургуулиудад үнэгүй сургадаг. Энэ ажлыг манай Хүний нөөцийн алба гардан зохион байгуулдаг. Манай алба Хүний нөөцийн албатайгаа хамтраад дээрх оюутнуудыг хилийн чинадад суралцахад дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, ОХУ-ын Зам харилцааны их сургуулиудад ирэх жилээс элсэж орох монгол оюутнуудад “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд УБТЗ ХНН-ийн Оросын талын ерөнхий хувьцаа эзэмшигч Олег Валентинович Белозеровын нэрэмжит тэтгэлгийг олгуулах талаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ. ОХУ-ын Засгийн газрын 2000 рублийн тэтгэлэг дээрээ Ерөнхий захирлын 10 мянган рублийн тэтгэлэг нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бол оюутнуудын нийгмийн асуудалд маш тодорхой дэм болно. Манай оюутнууд Москва, Санкт Петербург, Новосибирск, Омск, Самара, Эрхүү хотууд дахь ОХУ-ын Зам харилцааны улсын их сургуулийн салбаруудад суралцдаг. Цаашдаа ч монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхол Оросын талд байгаа. Манай Зам, тээврийн яам, агентлагууд энэ чиглэлээр ажиллаж байна.

 

-Төмөр замын боловсон хүчнүүдийг бэлтгэх чиглэлээр өөр ямар улс орнуудтай хамтран ажиллаж байна вэ?

 

-Төмөр замын хамтын ажиллагааны чиглэлээр Хятадтай байгуулсан гэрээний дагуу Бээжингийн зам харилцааны их сургуульд оюутнуудаа сургадаг. Элсэгчдийн тоо жил бүр харилцан адилгүй байдаг ч төмөр замын мэргэжлээр суралцагчид боломжийн түвшинд байгаа. Жилдээ Орост 60 гаруй, Хятадад 20 гаруй оюутан сурдаг. Гэрээг манай Хүний нөөцийн алба хариуцан байгуулдаг. Гадаад харилцааны алба нь гэрээ байгуулахын өмнөх процесст дэмжлэг үзүүлдэг. Гэрээ байгуулсны дараа тэдэнд хэлний дэмжлэг, сургууль, багш нартай нь холбох, очоод хэрхэн амьдрах нөхцөлийг нь дэмжих талаар хамтран ажилладаг. Тухайн улс орон дахь УБТЗ-ын Төлөөлөгчийн газрууд энэхүү ажлыг хариуцдаг. Төлөөлөгчийн газрууд жилдээ хоёр гурван удаа уулзалт хийж дүнг нь аваад бидэнд илгээдэг. Тэгсний дараа УБТЗ-ын зүгээс тэтгэлгийнхээ анхны зарласан шалгуурт тухайн хүүхэд тэнцэж байна уу гэдгийг үнэлдэг. Мөн оюутнууд манай төлөөлөгчийн газраар дамжуулан Хүний нөөцийн албанд хандаж төгсөлтийн дипломын ажлын сэдвээ сонгодог.  Ташрамд хэлэхэд, УБТЗ-аас хилийн чанадад суугаа төлөөлөгчийн газрууд манай зардлаар суралцаж байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэхээс гадна нийгэмлэгийг төлөөлөөд шаардлагатай уулзалтуудыг зохион байгуулах, яаралтай үүрэг даалгавар биелүүлэх, шуурхай арга хэмжээ авах, гэрээ хэлцэл байгуулах, тусламж дэмжлэг үзүүлэх, Замын хэмжээнд шаардлагатай судалгааны ажлуудыг хийх үүрэгтэй байдаг. Манай төлөөлөгчид ганц төмөр замаа төлөөлөөд суухгүй. Зам, тээврийн яам болон бусад харьяа байгууллагуудад тодорхой дэмжлэг үзүүлж ажилладаг. Шаардлагатай үед нь орчуулгад орох, уулзалтуудыг нь зохион байгуулах, томилолтын багийг зорилтот байгууллагатай нь холбох, за тэгээд салбарын албан айлчлалууд гээд л маш их ажил хариуцаж нугалж байдаг даа.  

 

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

 

-Замын захиргаанаас 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Манай алба ч гэсэн өнгөрсөн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилтаа бататгаж энэ жил илүү шаргуу, бүтээмжтэй ажиллана гэсэн зорилт тавьсан. Үүний хүрээнд бид алба дотроо нийт ажиллагсдын ачааллыг зөв хуваарилах, дотоод үнэлгээний системийг туршилтаар хэрэгжүүлж үзье гэж тохироод явж байгаа. Энэ маань үр дүнд хүрвэл цаашдаа Замын хэмжээнд хэрэгжүүлж болохоор сайн жишээ ч болох юм билүү. Мөн энэ жил манай албаны 60 жилийн ой тохиож байна. “Ган зам” сониныг уншиж байгаа нийт төмөр замчид болон УБТЗ-ын Гадаад харилцааны албаныхаа ахмадууд, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа чадварлаг хамт олондоо 60 жилийн ойн мэнд хүргэе ээ. 

 

 

Б.Занданхүү

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.