Тэрбумтан Уоррен Баффетын "Berkshire Hathaway" компанийн төмөр зам, даатгал зэрэг гол нэгжүүдийн орлого буурснаар улирлын тайлан нь буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэхүү үр дүн шинжээчдэд АНУ-ын эдийн засгийг цаашид хүндхэн үе хүлээж байна гэх болгоомжлол төрүүлсэн бол тэрбумтан Уоррен Баффетын хувьд өөдрөг итгэл найдвар тээсэн хэвээр байна. IV улиралд тус компанийн үйл ажиллагааны орлого 14 хувиар буурч, 6.7 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь бараа материалын үнэ, ажиллах хүчний зардал өсөн нэмэгдэж, тус компанийн төмөр зам, даатгал зэрэг гол нэгжүүдэд хүндээр нөлөөлснөөс болсон байна. Хэдий нөхцөл байдал ийм байгаа ч Уоррен Баффет хөрөнгө оруулагчдыг АНУ-ын эдийн засагт итгэж, өөдрөг хүлээлттэй байхыг уриалж байна. Тэрбээр энэ онд 30.8 тэрбум ам.долларын ашиг олж, дээд үзүүлэлтдээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. "Berkshire Hathaway"-ийн төмөр замын бизнесийн үйл ажиллагааны ашиг 1.5 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны 1.7 тэрбум ам.долларын орлогоос бага байлаа. Харин даатгалын нэгжийн орлого нь 372 сая ам.доллароос 244 сая ам.доллар болон буурчээ. Улирлын тайлангийнхаа тухайд “Berkshire Hathaway” мэдээлэхдээ “2022 онд бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт харьцангуй сайн байсан. Харин оны хоёрдугаар хагасаас манай зарим нэгжийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт суларч эхэлсэн” хэмээсэн юм. "Berkshire Hathaway" өнгөрсөн оны эцсээр 128.6 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгөтэй байсан нь 2014 оноос хойших хугацаанд есдүгээрт орох их дүнтэй хуримтлал байcныг мэдээллээ. Тус компани санхүүгийн энэ эрчээ цаашид хадгална хэмээн Уоррен Баффет онцолж байв.