УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төмөр замын тээврийн тухай хуульд газрын харилцааны асуудлыг тусгаагүй байна. Тэгэхээр тусдаа хууль гаргах юм байна гэж ойлгогдлоо. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой зөвхөн Монгол Улсын иргэн газар эзэмшиж болно гэсэн үг үү. Гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай этгээдийн газрын харилцаа хэрхэх вэ? Үндсэн хуультай зөрчилдвөл бид Үндсэн хуулиа дагах хуультай.
Улаанбаатар төмөр зам Монгол Улсын газрыг хугацаагүйгээр төлбөргүй ашиглаж байгаа. Үндсэн хуульд зааснаар гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг хугацаатай, төлбөртэй ашиглуулах ёстой. Гэтэл Улаанбаатар төмөр замын гэрээ Үндсэн хуульд нийцэхгүй байгаа юм. Энэ талаар арга хэмжээ авахгүй юм уу. Үндсэн хуультай нийцэхгүй олон улсын гэрээ үйлчилж байгааг ярихгүй яваад байх юм уу? Төлбөрийн хэмжээг нь би бол мэдэхгүй. Гэхдээ ямар нэг байдлаар Үндсэн хуульд нийцүүлж нэг ч гэсэн төгрөг авах ёстой" хэмээн асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Улаанбаатар төмөр замын 1949 оны гэрээ гэж бий. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн үеэр газартай холбоотой асуудлыг хэлдэг. Улаанбаатар төмөр замын ашиглаж буй газрыг Газрын тухай хуульд оруулах талаар ярилцдаг. Аж ахуйн нэгжийн хувьд газраа ямар хэлбэрээр ашиглах, төрөөс тодорхой хэмжээний түрээс аваад явах асуудлыг ярьж байгаа.
Харин Оросын талаас 16 мянган ажилчид, тариф, нийгмийн бүтээн байгуулалтыг та нар төрийнхөө хэмжээнд буцаагаад авчих гэдэг. Зөвхөн тээврийнхээ үйл ажиллагааг явуулах талаар ярьдаг юм. Тэгээд газрынхаа асуудлыг шийдье гэдэг. Өчнөөн олон сургууль, цэцэрлэгийг төр өөр дээрээ аваад, ачааллаа дийлэхгүй. Улаанбаатар төмөр замд ачааллыг нь үүрүүлж байгаа.
Өөртэй чинь санал нэг байна. Улаанбаатар төмөр зам ХНН-д газрын асуудлыг дахиж ярина. Бага багаар өөрчлөлт хийж байгаа" гэдгийг хэллээ.
Эх сурвалж: ikon.mn