Нүүр Спорт Б.Дашням: Миний дараагийн зорилго Ази, дэлхийн аваргын дэвжээ
Спорт

Б.Дашням: Миний дараагийн зорилго Ази, дэлхийн аваргын дэвжээ

G.Press 11 сарын өмнө 110 үзэлт 0 сэтгэгдэл

 

-Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн зааварлагч Батсайханы Дашнямтай ярилцлаа. Тэрбээр, саяхан болж өнгөрсөн Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.

 

-Юуны түрүүнд, танд Бодибилдингийн спортын улсын аварга болсонд баяр хүргэе?

 

-Баярлалаа.

 

-Бодибилдингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байж улсын аваргын алтан медаль хүртэв?

 

-Анх 2018 оноос бие бялдраа хөгжүүлье гэдэг зорилгоор найз нартайгаа хамт фитнест явж эхэлсэн. Тухайн үед тамирчин болох талаар бодож байгаагүй. Ажлын ачааллаас шалтгаалаад зарим сард нь зааланд очиж амждаггүй үе ч цөөнгүй байсан. Ер нь, завтай үедээ эрүүл мэнддээ анхаарч, фитнес зааланд очдог байлаа. Харин жилийн өмнөөс тэмцээн уралдаанд орох зорилго тавиад бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сараас бодибилдингийн спортын тамирчин болъё гэдэг тодорхой зорилго өмнөө тавиад бэлтгэлээ эрчимтэй хийсэн.

 

-Тэгвэл маш богино хугацаанд том амжилт үзүүлжээ. Тамирчин болъё гэж яагаад шийдэв?

 

-Фитнессийн маань захирал надад өнгөрсөн оны нэгдүгээр сард тэмцээнд ороод үзээч гэдэг санал тавьсан. Тэр үеэс бэлтгэж байгаад гуравдугаар сард анхны тэмцээндээ орсон ч амжилт гаргаагүй. Гэхдээ тамирчин хүний хор шар гэж байдаг юм билээ. Түүнээс хойш дэглэмээ алдалгүй бэлтгэлээ сайн хийж байгаад энэ оны нэгдүгээр сард “Ирээдүйн мистер” тэмцээнд орж гуравдугаар байрт шалгарч, их урам авсан. Тэгээд тавдугаар сарын 24-нд болсон Бодибилдингийн улсын аваргын тэмцээнд орж, алтан медаль хүртлээ.    

 

-Ийм богино хугацаанд амжилт гаргасны нууц бий юу?

 

-Мэдээж, бэлтгэлээ чанартай хийх нь амжилтын үндэс. Үүний зэрэгцээ хувь хүний бие бялдарын онцлог ихээхэн нөлөөлдөг гэж бодсон. Тухайлбал, булчингийн хөгжил сайтай, өөхлөлт багатай байх нь гол давуу тал. Фитнесийн захирал маань миний бие бялдрын давуу талыг ажиглаад тэмцээнд орохыг санал болгосон байх. Миний хувьд анхнаасаа өөхлөлт бага, булчингийн хөгжил сайтай байсан.

 

-Бодибилдингийн спортоор хичээллэсний ач холбогдол нь юу вэ?

 

-Хүний хамгийн үнэ цэнтэй баялаг бол эрүүл мэнд. Залуу хүний хувьд эрүүл чийрэг бие бялдартай, бусдад үлгэр дууриалал болж явахыг эрмэлздэг. Нөгөө талд нь, амьдралын эрүүл, зөв дадал хэвшлийг бий болгож, гэр бүлдээ ч сайнаар нөлөөлөөд явж байгаа. Төмөр замчдын ажил хүнд шүү дээ. Тэр тусмаа Ачааны вагон засварын депо маань ажлын нөхцөл хүнд учраас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, спортоор хичээллэхийг зорьсон. Тэмцээнд орсон нэг зорилго нь хүн өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээд эрүүл, идэвхтэй амьдрах боломжтой шүү гэдгийг харуулахыг зорьсон.

Ер нь, ямар нэгэн спортоор тууштай хичээллэдэг хүн тэсвэр хатуужилтай, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, стресс багатай, хорт зуршлаас хол, цагийг зөв төлөвлөж, маш үр бүтээлтэй ашигладаг гээд олон талын ашиг тустай.

 

-Улсын аваргын тэмцээнд ороход гэр бүл, байгууллага хамт олны зүгээс хэр дэмжив. Ажлын хажуугаар хэрхэн бэлтгэлээ хангав?

 

-Тэмцээн уралдаанд ороход ханийн маань дэм тус, хамт олны маань дэмжлэг маш их байсан. Өглөө ажилдаа явахаас өмнө, орой ажлаасаа буугаад бэлтгэлээ хийдэг байсан. Эхнэр маань хоол ундыг минь бэлтгэж өгнө. Хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөх, ар гэрийн бүх ажлыг амжуулж байсан. Тэмцээнд бэлтгэж байгаа учраас хамт олон маань ажилд минь тусалж байлаа. Хань ижил, хамт олныхоо дэмжлэгтэйгээр бүх анхаарлаа бэлтгэлдээ зориулсан.

 

-Улсын аваргад түрүүллээ гээд зогсчихгүй байх. Дараагийн зорилго юу вэ?

 

-Бодибилдинг бол маш хүнд спорт шүү дээ. Маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Дээрээс нь, хоолны дэглэм барих гээд хувь хүний хариуцлага сахилга их шаарддаг спорт. Хоёр ойрхон тэмцээнд орчихлоо. Одоо хэсэг биеэ амраагаад дараагийн тэмцээнүүдэд оролцох бодол бий. Ази, дэлхийн аваргын тэмцээний дэвжээнд гарахыг хүсэж байна.

 

-Ингэхэд танай депогийнхон спортоор хэр хичээллэдэг вэ?

 

-Манай депогийн залуус их спортлог. Сагс, волейбол, хөл хөлбөмбөг гээд нийтийн биеийн тамираар их хичээллэдэг. Манайхан насны ялгаагүй спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог. Бодибилдингийн спортоор тууштай хичээллээд амжилт үзүүлж байгаа анхны хүн нь би боллоо.

 

-Танай депод фитнесийн заал бий юу?

 

-Байхгүй. Энэ талаар удирдлагууддаа санал тавья гэж бодож байгаа. Манай депогийн удирдлага ажилтнуудаа спортоор хичээллэхийг дэмждэг. Тийм ч учраас хамт олныхоо хүчээр билльярд, ширээний теннис, дартс, шагайн харваа зэргээр хичээллэх заал танхимыг байгуулсан.

 

-Ингэхэд та төмөр замчин болоод хэдэн жил болж байна вэ?

 

-Төмөр замын МСҮТ-ийг вагон үзэгч- засварчнаар 2015 онд төгсөөд Ачааны вагон засварын депогоос ажлын гараагаа эхэлсэн. Арав дахь жилдээ ажиллаж байна. Анх Тэргэнцрийн цехэд авто тоормосны засварчнаар ажилд орж байсан. 2021 оноос авто тоормосны үндсэн засварчин болсон. Одоо зааварлагчаар ажиллаж байгаа.

 

-Удам дамжсан төмөр замчин уу?

 

-Үгүй ээ, аав, ээж хоёр маань төмөр замчин биш. Гэхдээ авга ах нар маань төмөр замчид. Мэргэжил сонгоход тэд нөлөөлсөн байх. Нөгөө талаар, Зүүнхараад төрж өссөн болохоор галт тэргээр байнга нааш цааш явдаг минь төмөр замчны мэргэжил сонгоход нөлөөлсөн. Төмөр замчин болсондоо баяртай явдаг.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

 

Б.Гүнжинлхам 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.