Сайншанд Политехникийн коллежийн Вагоны мэргэжлийн багш Б.Чулуунчингистэй ярилцлаа.

 

-Та Сайншанд ТҮГ-т ажиллаж байсан хүний хувьд хүний нөөц бүрдүүлэхэд нь хамтран ажилладаг юм байна. Ер нь, орон нутгаас вагоны мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүд олон байна уу?

 

-Тиймээ, би Сайншанд ТҮГ-аас ажлын гараагаа эхэлж байлаа. Вагончоор 15 жил ажиллаад аймгийн Политехникийн коллежид вагоны мэргэжлийн багш болсон. Вагоны мэргэжлийг сонирхсон цөөн хүүхэд элсэн суралцаж л байна.  Гэвч тэд өндөр шаардлага тавихаар л няцаж, зугтах гээд байдаг талтай. Уг нь, тэдэнд сурахад чадахгүй, мэдэхгүй юм алга. Ер нь, сүүлийн үеийн залуус ном уншиж судлахаа больсон. Цахим ертөнцөд л дийлэнх цагаа өнгөрөөж байна.

 

-Одоо вагоны мэргэжлээр хэр олон хүүхэд суралцаж байна. Ер нь, төгсөгчдөөс жилд хэдэн хувь нь ажилд ордог вэ?

 

-Өнөө жил би дөрөв дэх элсэлтээ авч, 24 оюутантай болсон. Өмнөх жилүүдэд дээд тал нь л 17 оюутан төгсгөж байлаа. Жил ирэх тусам энэ мэргэжлийг сонирхох залуусын тоо нэмэгдэж байна. Манай сургууль төсвийн хөрөнгө оруулалттай болохоор төлбөргүй. Жилд төгсөгчдийн 50-аас дээш хувь нь УБТЗ-д ажилд ордог. Үлдсэн төгсөгчдийн тодорхой хэсэг нь хувийн төмөр зам руу орж байна.

 

-Танай сургууль төмөр замын хэдэн мэргэжлээр сургадаг вэ?

 

-Төмөр замын үндсэн мэргэжлийн таван ангид элсэлт авдаг. Төмөр замын мэргэжлээр насанд хүрэгчдийн ангиуд ч бий.

 

-Та вагоны мэргэжлээр багшлахад ямар байх юм?

 

-2004 оны арванхоёрдугаар сараас 2019 оны есдүгээр сар хүртэл Сайншанд ТҮГ-т ажилласан. Харамсалтай нь аваарт орж, цаашид ажиллах боломжгүйгээс багш болсон. Анх вагон үзэгчийн гурван сарын курст 64-үүлээ сурч байлаа. Тэр цагаасаа л мундаг хүмүүсээр хичээл заалгасан болохоор багшлахад болохгүй юм алга. Тухайлбал, А.Пүрэвбаатар байцаагчийг хараад “Энэ хүн шиг л болох юм сан” гэж бодож байлаа. Ажилд ороод Хуяг-Очирын Баянмөнх гэж хүний удирдлагад их зүйл сурсан. Тэр дундаа надад хүн болохыг маш сайн зааж, хүмүүжүүлсэн. Харин Ж.Өлзийбаатар байцаагч яаж техникт хайртай болох вэ гэдэгт чиглүүлж өгсөн гэж боддог. Энэ мэтчилэн ТҮГ-ынхаа вагон үзэгч, ахлах үзэгч ахмадуудаас их суралцсан. Өнөөгийн ТҮГ-ын дарга Б.Хишигжаргал бид хоёр ч олон жил хамтран ажилласан. Бид хоорондоо ажлаараа цагаахан өрсөлдөж, бурууг нь нэгнээсээ эмээх юмгүй шүүмжилдэг байлаа. Тэгж нэгнээ хөглөж, хурцалдаг байж дээ гэж боддог. Одоо найз маань ТҮГ-ынхаа дарга боллоо. Би найздаа мэдлэг чадвартай вагон үзэгч нарыг бэлтгэж өгөхийг хичээж байгаа. Ер нь, оюутнуудаа онол дадлагыг яаж хослуулан илүү сайн сургах талаар бид ярилцаж байна.