Барилга ашиглалт үйлчилгээний I ангийн өвөлжилтийн талаар тус ангийн ерөнхий инженер Б.Машдэлгэрээс тодрууллаа.
-Танай байгууллагын хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?
-Манай анги хойд хэсэглэлийн хэрэглэгчдийг дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усаар найдвартай тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарч буй бохир усыг татан зайлуулан, цэвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэж байна.
Энэ жил халаалтын улиралд бэлтгэн урсгал засвар болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сантехникийн чиглэлээр 57 000 мянган төгрөгийн 52, ашиглалт, машин механизмын чиглэлээр 57500 мянган төгрөгийн 41, цахилгааны чиглэлээр 9 625 мянган төгрөгийн зургаа буюу бүгд 99 ажлыг 123 625 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Одоогоор 99.8 хувийн биелэлттэй байна.
-Хэчнээн аж ахуйн нэгж, айл өрхөд үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Энэ өвөл төмөр замын баланстай есөн аж ахуйн нэгжийн харьяа 121, гадны 76 байгууллага, 1466 айл өрхүүдэд аж ахуйн гэрээтэй ажиллаж байна. Эдгээр байгууллага, айл өрхүүдтэй халаалтын улирал эхлэхээс өмнө гэрээ хийсэн. Эрчим хүчний сайдын тушаалын дагуу есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгч эхэлсэн. Үүний дагуу халаалтын улиралд хэрэглэгдэх нүүрсний нэгдсэн захиалгаа өгсөн ба өнөөдрийн байдлаар 21 хоногийн нөөцтэй байна. Одоогоор хүндрэл бэрхшээлгүй, сэлбэг материалын хомсдолгүй ажиллаж байна.