Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан улиран одож буй жилийнхээ  тэргүүний сайчуудыг алдаршуулдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын дагуу салбартаа мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж онцгой гавьяа байгуулсан нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшууллаа. Тэдгээрийн дундаас улиран одож буй бар жилд мэргэжлийн ур чадвар, сонор соргог байдлаа өндөр түвшинд ашиглан ГТХАБ ноцтой нөлөөлөхүйц гэмтэл саатлыг цаг алдалгүй илрүүлж, оновчтой арга хэмжээг авч ажилласан төмөр замчдын энгэрийг мялаасан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Үүнд, “Төмөр замчны алдар” тэмдгээр Улаанбаатар татах хэсгийн I цувааны машинч Д.Эрдэнэбат, туслах машинч Г.Соёл-Эрдэнэ, Замын II ангийн XI хэсгийн замчин Д.Шижиртуяаг, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Улаанбаатар татах хэсгийн машинч Ө.Рагчаасүрэн,  “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын I ангийн сэв шалгуурын тэргэнцрийн ахлах операторчин В.Үүрцайх, Дархан татах хэсгийн машинч Л.Алтантулга, тус татах хэсгийн туслах машинч А.Алтанбагана нарыг тус тус шагнасан юм. 

Эдгээр тэргүүний төмөр замчдын ажлын амжилтаас дурдвал,  Улаанбаатар татах хэсгийн I цувааны машинч Д.Эрдэнэбат, туслах машинч Г.Соёл-Эрдэнэ нар энэ сарын 24-25-нд шилжих шөнө Улаанбаатар довд байсан вагон өөрөө хөдөлгөөнд орсныг гярхай ажиглан, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, ивүүр тавин хоорондын замд гарахаас нь өмнө зогсоож чаджээ. Замын I ангийн замчин Д.Шижиртуяагийн хувьд 2022 оны долдугаар сарын 3-ны 18.35 цагийн орчимд үерийн эргүүлээр ажиллаж байх хугацаандаа Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476 дугаар км-ын хоёрдугаар зуутад зам угаагдсныг илрүүлж, хэсгийн мастертаа мэдээллийг шуурхай дамжуулан зорчигчийн галт тэргийг болзошгүй аюулаас аварчээ.Замын I ангийн сэв шалгуурын тэргэнцрийн ахлах операторчин В.Үүрцайх нь 2022 онд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нийт 12 хурц гэмтлийг илрүүлэн ГТХАБ-ыг бүрэн хангаж ажилласнаараа мэргэжил нэгтнүүдээ манлайлсан байна. Харин Дархан татах хэсгийн машинч Л.Алтантулга, тус татах хэсгийн машинч А.Алтанбаганын хамт өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд Зүүнхараа-Цагаанхаалга чиглэлд аялж явахдаа Орхон зөрлөгч явах эд ангийн үзлэг хийж, Б секцийн тавдугаар дугуйн туслах машинч талд хос дугуйн бандаж тасарсан байсныг илрүүлж, ГТХАБ-ын бүрэн ханган гарч болохуйц сүйрлээс урьдчилан сэргийлжээ.