УБТЗ-ын сошиал группуудээр “Төмөр замын эмнэлэг төлбөртэй, хувийн эмнэлэг шиг болжээ, төмөр замчдын төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгө хаачив” гэх зэргээр пост сэтгэгдэл ар араасаа хөвөрч,иргэд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийсэн. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас энэ сарын 1-ээс эхлэн он дуустал улсын хэмжээнд улсын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг 60 хувиар санхүүжүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор иргэдээс үлдэгдэл 40 хувийн төлбөрийг авахаар болсон аж.
Энэ талаар Төв эмнэлгийн ЭМД хариуцсан эмч Б.Анаргүлээс тодрууллаа.
-Төв эмнэлгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг танилцуулна уу?
- ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолын 4.6.2-т “Дараах цочмог үеийн тусламж, үйлчилгээнүүдийг ЭМБ болон ЭМДЕГ хооронд тухайн жилд байгуулсан гэрээнд тусгагдсан тоо хэмжээ хүртэл ЭМДҮЗ-өөс баталсан зардлын хэмжээгээр, гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс хэтэрсэн тохиолдол тус бүрийг тусламж үйлчилгээний төрлөөс хамаарч ЭМДҮЗ-ийн баталсан төлбөрийн хэмжээний 60-80 хувиар тооцон, нэхэмжлэлийн хяналтын үр дүнг үндэслэн санхүүжүүлнэ” гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслээд зөвхөн манай эмнэлэг ч биш улсын хэмжээнд 300-аад эмнэлэг нийт санхүүжих ёстой бүлгийн дүнгээс хасагдаад санхүүжилтийг 100 биш 60 хувиар олгохоор болсон. Энэ тогтоолын хүрээнд ЭМДЕГ-аас нэр бүхий эмнэлгийн удирдлагуудыг дуудан уулзаж, өнгөрсөн сарын 1-ээс энэ сарын оныг дуустал хоёр сарын хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг 60 хувиар тооцон тусламж үйлчилгээг үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд манай эмнэлэг 143 оношийн хамааралтай бүлгүүдээр /ОХБ/ санхүүжилт авдаг байсан бол 70 ОХБ-ээр санхүүжилт авахаар ЭМДЕГ-тай дахин нэмэлт гэрээ хийсэн. Дээрх оношийн хамааралтай 70 бүлэг дотор улирлын чанартай хүүхдийн хатгаа, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламжууд гүйцэтгэлээр буюу 100 хувийн санхүүжилт авахаар, амбулаторийн үзлэг болон багц шинжилгээг арванхоёр дугаар сарын 10 хүртэл 100 хувь, бусад тусламж үйлчилгээг 60 хувиар санхүүжүүлэхээр байгаа. Ирэх 11-нээс дахин гэрээ хэлцэл хийх ба 2025 оны төсөв хэрхэн батлагдахаас хамаарч гэрээнд өөрчлөлт орно гэсэн үг юм. Энэ гэрээ мөрдөгдөж эхлэхээр мэдээж үйлчлүүлэгч иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Төмөр замчид байнга ЭМД-аа төлдөг болохоор энэ нь ч зүйн хэрэг. Гол учир нь тухайн жилдээ хийсэн гэрээний тоог оны өмнө хийдэг ба тэр жилд илүү тоогоор хийх нь амьдралд нийцэхгүй. Өвчлөлийн байдлаас хамаарч хийдэг, мөн өвчлөлийг хэтрүүлэн төлөвлөдөггүйтэй холбоотой тул дээрх заалтыг баримтлан санхүүжилтийг олгодог.
- Ямар өвчтөн даатгалд хамрагдах, хамрагдахгүй байх заалт бий юу?
-2024 оны аравдугаар сард батлагдсан ЭМДҮЗ-ын 06 тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр 3.1.1 заалтад “0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэлх шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг ЭМД-аас санхүүжүүлж, бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө” гэснийг үндэслэн өнгөрсөн сараас иргэд шүдний эмчилгээнд төлбөр төлж үйлчлүүлэх болсон. Монгол Улсын иргэн 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд даатгалд хамрагддаг. Эмнэлгийн байгууллага иргэнд яаралтай түргэн тусламж, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж үйлчилгээг даатгалгүй үздэг. Мөн халдварт өвчин, сүрьеэ, сэтгэцийн эмгэгийн зарим тусламж үйлчилгээ, бие махбодын ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж үйлчилгээнүүдэд тухайн иргэн ЭМД-тай эсэхээс үл хамааран ЭМДС-аас санхүүжүүлдэг.
-Өмнөх жилүүдэд гэрээний тоо хэтэрч байв уу? Энэ заалт хэрэгжиж байгаа анхны тохиолдол уу?
- 2022 оны ЭМДҮЗ-ийн 08 дугаар тогтоолд дээрх заалт мөн тусгагдсан байсан, 2024 онд уг тогтоол шинэчлэгдэн 06 дугаар тогтоол батлагдсан. Өмнөх жилүүдэд гэрээлсэн тоо хэтэрсэн тохиолдол гарч байгаагүй, санхүүжилтээ 100 авдаг байсан. Ковидын өвчлөлтэй холбоотойгоор ЭМД-ын сан хөмрөг багасаж, 2024 онд зайлшгүй нөхцөл үүссэн болохоор улсын хэмжээнд хувийн болон төрийн эрүүл мэндийн байгууллагуудад ижил нөлөөлсөн.
-Иргэдээс төлбөр авч байгаа юу? Авч байгаа бол үнэ тариф нь хэр байх бол?
- Дээр хэлсэнчлэн хэвтүүлэх тусламж үйлчилгээний төлбөр 60/40 харьцаагаар авч байгаа. Өөрөөр хэлбэл оношийн хамааралтай бүлгийн ЭМД-аас санхүүжих дүнгийн 40 хувийг иргэдээс авч байна. Ойролцоогоор 96 мянгаас 360 мянгын хооронд хэлбэлзэх болов уу.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.