Замын даргын үзлэгийн үеэр МТЗ-чдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Б.Алтанхуяг оролцож, ҮЭ-ийн анхан шатны хороодын үйл ажиллагаа, гишүүдийнхээ ажлын нөхцөлтэй танилцаж, санал хүсэлтийг сонсож, тодорхой мэдээ, мэдээлэл хүргэж явсан юм. Энэ сарын 06-08-ны өдрүүдэд үзлэгийн комисс Баянтүмэн тасагт ажилласан тухай урьд нь мэдээлсэн. Үзлэгийн дүнгийн хурал дээр МТЗ-ын ҮЭ-ны холбооны дарга Б.Алтанхуяг дараах зүйлсийг мэдээлэв. Үүнд,
“Хувь нийлүүлсэн УБТЗ болон МТЗ-чдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2024-2025 оны “Хамтын гэрээ”-г энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Одоогийн байдлаар “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэхийн тулд 214.9 тэрбум төгрөг зарцуулж, гэрээний биелэлт 99.5 хувийн биелэлттэй байна. Оны эцэс гэхэд хүлээгдэж байгаа ажлуудыг зохион байгуулснаар төлөвлөгөө бүрэн биелэгдэх боломжтой.
Замын даргын үзлэгээр гол зам болон Баянтүмэн тасагт ажиллаж байх үед “Хамтын гэрээнд тусгагдсан өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогддог 18 сар хүртэлх сарын цалинтай дүйцэх тэтгэмжийг ирэх жилээс багасгах юм гэнэ. Бүүр олгохоо болих юм байна” гэсэн цуу яриа олон удаа сонсогдлоо. Дээр нь, Нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт орж, тэтгэврийн хэмжээг тогтоох дундаж хугацааг долоон жил болгох юм гэсэн яриа гарсан байна. Үүнээс болж өндөр насны тэтгэвэрт гарах эрх нь үүссэн эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд ажлаа хэвийн хийж байгаа туршлагатай ажилтнуудыг энэ ондоо багтаж тэтгэвэртээ гар гэсэн тохиолдол нэлээд байна.
Хамтын гэрээг Замын дарга болон ҮЭ-ийн холбооны дарга, холбогдох албан тушаалтнууд 2024-2025 онд дагаж мөрдөнө гээд баталсан. Энэ гэрээнд өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогддог 18 сар хүртэлх цалинтай дүйцэх тэтгэмжийг олгоно гээд заачихсан байгаа, энэ заалт өөрчлөгдөхгүй. Харин ирэх 2025 онд Хамтын гэрээний тодорхой зүйл заалтууд дээр нэмэлт хэлэлцээр хийнэ. Тухайлбал, инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлс, хоол, унааны мөнгийг хэрхэн яаж нэмэгдүүлэх тал дээр гэрээг шинэчилнэ.
Нөгөө талаар, тэтгэврийн хэмжээг тогтоох дундаж хугацааг сунгах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад энэ талаар ямар нэгэн асуудал хөндөгдөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Манай төмөр замчид аливаа асуудалд нухацтай хандаж, албан ёсны эх сурвалжаас мэдээллийг тодруулж, ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Хэдийгээр тэтгэвэрт гарах нас нь болсон ч эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжтой, чадварлаг боловсон хүчнүүд маань тэтгэвэртээ гарахыг яаралгүй, ажлын арвин баян туршлагаасаа залуучууддаа өвлүүлэн үлдээх тал дээр дэм болж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.