Долоодын хөндий зөрлөгийг онцгой болгодог нэг зүйл бий. Энэ бол тэнд ажиллаж буй залуу төмөр замчдын урам зориг, боловсролын хандлага, бүтээлч санаачилга юм. Тэд зөрлөгийн өнгө төрхийг чимээд зогсохгүй хөгжлийн гол хүч болж байна. Зөрлөгийн залуус энэ онд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөр хариуцлагатай ажиллаж байна. Нийт 68 зүйлтэй төлөвлөгөө гарган, түүнийгээ 100 хувь биелүүлж, өмнөх онтой харьцуулахад арван зүйл заалтаар давуулан биелүүлсэн тухайгаа Замын даргын намрын үзлэгээр удирдлагуудад илтгэж байсан сан. Тэдний нарийн нягт ажиллагаа, нэг секунд ч алдах эрхгүй гэдгийг ухамсарласан мэргэжлийн харизм энэ зөрлөгийг хөдөлгөөний өндөр хариуцлагатай, соёлтой цэгийн нэг болгоод байна. Долоодын хөндий зөрлөгийн дарга Т.Уламбаяр, зөрлөгийн жижүүр Ш.Мөнгөнхуяг, Э.Урангоо, Ц.Банзрагч, Б.Отгончимэг нар ажиллах горимыг оновчтой болгох, жижүүрүүдийн илүү цагийг зохистой цэгцлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сараас томилолтын жижүүр ажиллуулж эхэлжээ. Ингэснээр төмөр замчид илүү цагийг биеэр эдэлж, ажлын тэнцвэртэй орчин бүрдэх алхам болов.
2025 онд хэрэгжүүлж буй “Өглөөний цай”, “Ажлын байрны дасгал” зэрэг хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж, хамт олны эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, ажил эхлэхийн өмнөх сахилга зохион байгуулалтыг сайжруулахад манлайлан оролцож байна. Тэдний санаачилга энгийн нэг дадал биш харин төмөр замын ажлын байранд эрүүл, зөв соёл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй “Хоггүй зөрлөг” санаачилга нь залуу төмөр замчдын бүтээлч сэтгэлгээний бодит үр дүн. Тэд зөрлөгтөө 135 мод тарьж, хогийн цэгийг булж шинэчлэн тохижуулсан. Гар доорх материал ашиглан ахуйн хог шатаах зуух хүртэл хийжээ. Хог ангилан ялгах савнуудыг өөрсдөө угсарч байрлуулсан. Өртөөний ажилчдад зориулсан бохирыг нь соруулдаг 00 шинээр барих ажлыг өөрсдийн гараар гүйцэтгэжээ. Энэ нь залуу ажилчдын гарын ур, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн хариуцлагын ойлголт өсөж байгаагийн тод жишээ юм.
Долоодын хөндий зөрлөгийн дарга Т.Уламбаяр: “Өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд манай технологийн байр цахилгаан халаалттай болсон. Ийм таатай орчин бүрдсэнд бид үнэхээр баяртай байна. Цахилгаан халаалттай болсноор залуу төмөр замчид манай зөрлөгт ажиллах хүсэлт хүртэл өгсөн. Манайх шиг алслагдмал зөрлөгүүд цаашид халаалтад бүрэн шилжвэл их сайхан даа гэсэн бодол төрдөг. Мөн хоггүй өртөө, зөрлөг болоход том түлхэц болсон” хэмээн бахархан өгүүлж билээ.
Өглөөний цайгаар нэгдэж, ажлын байрны дасгал хөдөлгөөнөөр эрч хүчээ дуудсан, эрүүл, зөв соёлын жишиг болсон шинэ үеийнхэндээ ажлын амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
