Нүүр УБТЗ ХНН Зурмагийн тасалдлаас шалтгаалан 15 галт тэрэг 900 минут зогссон
УБТЗ ХНН

Зурмагийн тасалдлаас шалтгаалан 15 галт тэрэг 900 минут зогссон

G.Press 11 цагийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын I орлогч дарга О.А.Казаков удирдлаа.

26 дахь долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 26-ны 06.35 цагт Улаанбаатар өртөөний Дунд голын гарам дээр ТЭМ2 1250 илчит тэрэгний урдуур автомашин орж, яаралтай тоормос хийж зогссон байна.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон хоёр, Замын аж ахуйн албанд нэг, Эрчим хүч, ус хангамжийн төвд нэг, бусдаар тооцогдсон гурав, нийт долоо гарчээ. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хоёр нэгжээр өсөж, дутагдал 13 нэгжээр буурчээ.

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 25-ныг дуустал 17033.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 107.1 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 1123.1 мянган тонноор илүү байна. Оны эхнээс 12036.9 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 105.7 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөнөөс 655.6 мянган тонноор илүү байна. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 4829 вагон буулгаж, хоногт дунджаар 33 вагон дутуу буулгажээ. Орон нутгийн 166900, транзит 115100, экспорт 230500, импорт 70200 тонн буюу нийт 582700 тонн ачаа тээвэрлэжээ.

Орон нутгийн нүүрс ачилтын хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 38 вагон дутуу буюу 2812 вагон ачсан байна. Харин “Шивээ-Овоо” ХК таван вагон илүү буюу 1551, “Эрдэнэт” үйлдвэр 59 вагон илүү буюу 673 вагон ачсан бол “Шарын гол” ХК төлөвлөгөөний дагуу 897 вагон ачсан байна. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.46 км/цагаар, галт тэрэгний дундаж жин 3312.1 тонноор, зүтгүүрийн бүтээмж 1477.8 мянган бохир тонн/км-ээр, вагон эргэлт 4.6 хоногоор тус тус биелэв.

Зурмагийн тасалдлаас шалтгаалан 15 галт тэрэг 900 минут зогссон байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 114 галт тэрэг /хоногт дунджаар 730.4 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /746.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2 галт тэрэг болов. Нарийн царигаар 59 галт тэрэг /458.7 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /456.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.1-8.4 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар 59 галт тэрэг /329.1 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /352 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8-8.4 галт тэрэг солилцжээ.

Чингэлгийн 80 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү, оны эхнээс нийт 1926 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 157 галт тэргээр давсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2450, импортын 679 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 64, импорт 72 чингэлгээр дутуу байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 491 чингэлэг, 3290 вагон ачаа байгаа аж.

Түүнчлэн, нэгдсэн хурал дээр Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны албаны дарга нар ажлаа танилцуулав. Өнгөрсөн долоо хоногт Р65 маягийн бетон ялуутай гурван суман шилжүүлэг шинээр тавьж, Чулуут-Цагаанхяр хооронд 3463 пог.м зам шинэчилж, 2360 пог.м зам өргөж чигжсэн байна. Мөн Агуйт-Наран-Элгэн хооронд хоёр гүүрийн 4.7 метр дам нуруу сольж, Эмээлт өртөөний өргөтгөлд Р65 зам төмөртэй нэг үе тавьжээ. Баяр наадмын өдрүүдэд бороо ихээр орох төлөвтэй байгаа учраас үер усны аюулаас урьдчилан сэргийлж ачаатай ХДВ, Думпкар вагонуудыг Салхит, Толгойт, Олон-Овоо өртөөдөд бэлэн байлгахаар болсноо З.Отгонтөр дарга танилцууллаа.

Дохиолол холбооны албаны хувьд тайлант долоо хоногт нэг гэмтэл, зурмагийн нэг тасалдалтай ажиллажээ. Зурмагийн тасалдал өмнөх оны мөнгө үеэс дөрвөн нэгжээр нэмэгдсэн байна. Дохиолол холбооны I ангийн хэсэглэлд ашиглалтаас гарсан агаарын шугам хулгайд алдагдаж буй тул Орхон-Ерөө хоорондын замын 70-73 км боронзон шугамуудыг хэсэгчлэн хураажээ. Мөн Дохиолол холбооны II анги Эмээлт, Туул зөрлөгт агаарын шугам хураасан байна.

Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков нийт удирдлагууд баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллах, Тээвэр зохион байгуулалтын албаны даргад өндөр ашигтай тээврийн талаар судлах зэрэг үүргийг өглөө.

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.