Баянтүмэн тасгийн хамт олон болон ҮЭ-ийн холбооноос зам засварын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Замын даргын нэр дээр удаа дараа хүсэлт тавьж байсныг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон Замын хөдөлгөөны аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн нар хүлээн авч уламжлан шийдвэрлүүлжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн А/822 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, УБТЗ-ын дүрмийн 22 дугаар зүйлийн “А”-д заасныг үндэслэн Баянтүмэн тасгийн замчин, мастер, хэсэглэл хариуцсан инженер нарт зам арчлалтын нэмэгдэл 150 мянган төгрөгийн цалинг үндсэн цалин дээр нэмж олгохоор болсон тухай шийдвэрийг Замын даргын үзлэгийн үеэр Баянтүмэн тасгийн хамт олонд уншиж сонсголоо.

Үзлэгийн туршид “Замчдын орон тоонд тогтвор суурьшилтай ажиллах хүн олдохгүй байна. Шинээр сургаж авах хүн ч ховор байна” гэсэн үгс сонсогдож байв.

Харин энэ шийдвэрийг үзлэгийн анхны өдөр Эрээн цав өртөөний хамт олонд уншиж сонсгосноос хойш төдий л удаагүй байтал дамжин өнгөрсөн өртөөдөд замчнаар ажиллахаар залуучууд хүсэлтээ өгч эхэлсэн тухай мэдээ араас дуулдаж, “Одоо дутагдалтай орон тоо гүйцэх юм шиг байна” хэмээн дөнгөж шинээр томилогдоод байгаа Баянтүмэн тасгийн дарга Д.Батмөнх хэллээ.