Замын даргын намрын үзлэгийн үеэр Баянтүмэн тасгийн ҮЭХ-ны дарга Ш.Энхтүвшин үзлэгийн комисст УБТЗ-ын ХНН-ийн 75 жилийн ой, Баянтүмэн төмөр замын 85 жилийн ой, МТЗ-чдын ҮЭ-холбооны 70 жилийн ойг тохиолдуулан Баянтүмэн тасгийн ҮЭ-ийн хорооноос хоёр сарын хугацаатай зарласан “Бүтээлч хамт олон” шалгаруулах болзолт уралдааныхаа үр дүнг танилцуулсан юм.
“Нийтдээ гурван сая төгрөгийн шагналын сантай энэ уралдаанд манай тасгийнхан олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэж, санаснаас хэд дахин илүү өндөр үр дүн үзүүллээ. Уралдаанд есөн бүтээлч ажил ирүүлснээс гурван бүтээлийг шалгаруулж, урамшуулсан. Үүнд:
Нэгдүгээр байрт, Замын V ангийн хамт олны зүгээс Замын дөрөвдүгээр хэсэгт шинээр барьсан автомашины гаражийн барилгын ажил шалгарчээ. Тус хамт олон өөрсдөөсөө 14 сая төгрөгийн хандив, тусламж босгож, 5 Х 8 метрийн хэмжээтэй гараж барьсан.
Хоёрдугаар байрт, Баянтүмэн өртөөний авто аж ахуйн 10 машины гаражид агааржуулалтын шинэ шугам хоолой байрлуулж, оффисийн өрөө тасалгааг шинээр тусгаарласан ажил шалгарсан. Энэ ажилд тус хамт олны зүгээс 3.2 сая төгрөгийн хандив, тусламж босгосон.
Гуравдугаар байрт, Зүтгүүрийн депогийн хамт олноос элс хуурах төхөөрөмж хийж, байрных нь хамт ашиглалтад оруулсан нь шалгарлаа. Үүнд тус хамт олны зүгээс 2.6 сая төгрөгийн хандив, тусламж босгосон.
Энэ болзолт уралдаанд манай Баянтүмэн тасгийн ҮЭ-ийн гишүүд маш их идэвх санаачилгатай оролцлоо. Ингэснээр ҮЭ-ийн гишүүд өөрсдийн нөөц боломжийг ашиглаж, шийдвэрлэж болохуйц бүтээлч санаачилгаа ажил хэрэг болгож, замчдын ажлын нөхцөлийг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг хэмнэсэн үр дүнтэй зүйлсийг хийж чадлаа” гэж УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхтүвшин хэллээ.
Ташрамд дурдахад Замын дөрөвдүгээр хэсэгт 14 сая төгрөгийн хандив, тусламжаар шинээр барьж ашиглалтад өгсөн 5 Х 8 метрийн хэмжээтэй автомашины гаражийг албан ёсоор байгууллагын хөрөнгийн бүртгэлд тусган авч, цаашид гарах зардлыг тооцож явах ёстой гэдгийг Замын даргын үзлэгийн комиссынхон зөвлөв.