Замын ерөнхий инженер Д.В.Бондарь, Тээврийн хяналтын албаны дарга Ц.Ариунболд нарын ахалсан Замын даргын үзлэгийн комисс энэ сарын 12-13-ны өдрүүдэд Баянтүмэн тасагт ажиллалаа.
Баянтүмэн тасаг нь Эрээнцав өртөөнөөс Баянтүмэн өртөө хооронд нийтдээ таван өртөө, 238 км гол зам, өртөөний болон салаа 33 км зам, 79 суман шилжүүлэг дээр ТЭМ2 маркийн дөрвөн илчит тэрэг, зорчигчийн гурван вагон, тусгай зориулалтын нэг, ачааны паркийн 16 вагонтайгаар тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Баянтүмэн тасаг нь 2025 онд батлагдсан орон тоогоор 235 ажилтан ажиллахаас, ашиглалтаар 208, үйлчилгээний зургаа, нийгмийн салбарын 16, нийт 230 хүний орон тоотой ажиллаж, замчны таван орон тоо сул байна.
Баянтүмэн тасаг нь оны эхний улирлын байдлаар ачаа тээврийн төлөвлөгөөг 101.5 хувиар, ачаа тээврийн орлогын төлөвлөгөөг 135.6 хувиар тус тус биелүүлжээ. Харин орон нутгийн зорчигчдын тоо буурсан байна. Гэсэн ч нийт ачаа тээвэр болон зорчигч тээврийн орлогын төлөвлөгөө 132.7 хувиар биелсэн байна.
Замын V анги нь шугам зам хариуцсан найман хэсэг, авто хэсэг гэсэн бүтэцтэй 121 хүний орон тоотой ажиллаж байна. Дэрийн аж ахуй нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн долоон вагон 2800 ширхэг усан идээлэгтэй модон дэр, 33 вагон CZ маягийн 7392 ширхэг төмөр бетон дэрээр тус тус хангагдсаныг Багануур өртөөнөөс татаж авах ажлыг хийж байгаа ажээ. Нийтдээ 2800 ширхэг модон дэр, 7767 ширхэг төмөр бетон дэрээр хангагдсанаас Багануур өртөөнд 1766 ширхэг дэрний үлдэгдэлтэй байна. Бусад дэрийг бүрэн татаж аваад байна.
Энэ тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ангийн хэмжээнд гол замдаа усан идээлэгтэй 2272 ширхэг модон дэр, 2484 ширхэг төмөр бетон дэрийг сольжээ. Өртөөний болон салаа замдаа усан идээлэгтэй 123 ширхэг модон дэр, 28 ширхэг төмөр бетон дэрийг сольсон байна. УБТЗ-ын даргын 2025 оны нэгдүгээр улирлын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу түймэрт шатсан 187, 188, 189-р км-үүдэд нийт 36 ширхэг модон дэр сольж, бөөгнөрөл болон уулзварын дэрэнд сийрэгжилт хийсэн байна.
Гэхдээ сольсон төмөр бетон дэрийг булж, чигжих ажил хангалтгүй, зарим газарт замын хэвгий, налууг засах хэрэгтэйг Замын ерөнхий инженер Д.В.Бондарь газар дээр нь явж үзээд сануулж, үүрэг даалгавар өгөв.
Зүтгүүрийн аж ахуй нь засварын технологит хугацаа хуваарийн дагуу мөн эд ангийн элэгдлээр ТО-2, ТО-3, ТО-4, ТР-1 засваруудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт бус засвараар ТЭМ2-1240 илчит тэргэнд пирдан диск сольж, ТЭМ2-1237 илчит тэрэгний хоёрдугаар хос дугуй, ТЦХ-ын хөргөлтийн вентлятор, тавдугаар цилиндрийн втулка сольж, ТЭМ2-1258 илчит тэрэгний усны насос, ерөнхий сэнсний редуктор сольсон байна. Мөн ТЭМ2-0883 илчит тэрэгний хоёр, дөрөвдүгээр хос дугуй, хоёрдугаар хос дугуйд зоролт хийж, хос дугуйн хоёр хос МОП шинээр зоролт хийлгэж угсарчээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд Баянтүмэн тасгийн таван өртөө, зөрлөгийн дөрвийг нь төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбоод байна. Энэ хугацаанд 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, нэлээд хэдэн цахилгаан эрчим хүч хуваарилах дэд станц байгуулаад байна.Үзлэгийн үеэр
Мөргөцөг зөрлөгийг байнгын эрчим хүчинд холбох нээлтийн ёслол боллоо. УБТЗ-аас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2.5 км өндөр хүчдэлийн шугамыг татсанаар Замын V ангийн IV хэсгийнхэн найдвартай эрчим хүчинд холбогдлоо. Ингэснээр замчдын ая тух, ажлын нөхцөл байдал дээшилж, зам ангид дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчний хангалт, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас Баян түмэн тасгийн замчдын цалин дээр сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгодог болсноор тухайн үед орон тоогоор 17 замчин дутагдалтай байсан бол одоо гурав болж эрс буурсан байна.
Үзлэгийн комиссоос зарим зөрчил дутагдалд анхаарал хандууллаа. Тухайлбал, өмнөх үзлэгээр Эрээнцав болон Баянтүмэн өртөөнд технологийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн боловч биелэгдээгүй байна. Уг баримт бичгийн төслөө энэ сарын 9-ний өдөр л Тээвэр зохион байгууллалтын алба руу явуулаад байгаа гэнэ. Үүнийг тавдугаар сарын 20-ны дотор албаны зүгээс хянаж, баталгаажуулахаар боллоо. Замын даргын тушаалаар энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Галт тэргэнд олгогдож байгаа анхаарамжийг цахим хэлбэрт шилжүүлэх” ажил Эрээнцав, Баянтүмэн өртөөнд хэрэгжиж эхлээгүй байна. Иймд тодорхой ажилтнуудад сургалт зохион байгуулж, энэ ажлыг эхлэх шаардлагатай байна. Чингисийн далан, Хавирга, Хэрлэн өртөөдэд анхаарамжийг ДС-ийн холбоогоор утсаар авч, сонссон зүйлээ анхаарамжийн бланк дээр буулгаж цааш нь дамжуулж байна. Ингэж шат дамжлага олон байгааг халах цаг болсон. Иймд өртөө зөрлөгүүдэд Able программ суулгасан гурван компьютер байхад л анхаарамжийг цахимаар өгөх боломжтой гэж үзлэгийн комиссынхон зөвлөлөө.
Баянтүмэн тасгийн удирдлагууд үзлэгийн комисст хандаж ТР-3 засварын хугацаа дууссан ТЭМ2 серийн дөрвөн илчит тэргэнд засвар хийлгэх, Замын V ангийн II хэсгийг эрчим хүчинд холбуулах зэрэг асуудлыг хөндөж тавилаа. Түүнчлэн, 2025 оны хөрөнгө оруулалтын саналд анх гурван автомашин худалдан авахаар санал хүргүүлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж нэг автомашин худалдан авахаар төлөвлөгөө батлагдаж ирсэн. Замын II, IV хэсгийн автомашиныг их засварт оруулахад сэлбэг олдохгүй эрсдэл үүссэн учир хөрөнгө оруулалтаар ачааны хоёр автомашин худалдан авах нэмэлт төлөвлөгөөг баталж, эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Замын ерөнхий инженер үүнийг судалж үзээд нийтдээ найман машины асуудлыг шийдвэрлэх болсноо мэдэгдэв.
Ийнхүү Баянтүмэн тасгийнхан өмнөх үзлэгүүдээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа тээврийн бэлэн байдлыг хангах, илчит тэрэгний хурдыг нэмэгдүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Жилээс жилд Баян түмэн тасгийн үйл ажиллагаа сайжирч, жигдэрч байгааг үзлэгийн дүнгийн хурал дээр Тээврийн хяналтын албаны дарга Ц.Ариунболд онцлон тэмдэглэлээ.
Г.Энхбаатар
