Замын даргын намрын үзлэг энэ удаад Баянтүмэн тасгаас эхэллээ. Үзлэгийн комиссыг Замын I орлогч дарга О.А.Казаковоор ахлуулсан Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг тэргүүтэй алба, хэлтсийн дарга нар, Тээврийн хяналтын байцаагч нар ажилласан юм. Баянтүмэн тасгаас намрын үзлэг яагаад эхэлж буйг үзлэгийн комисс “Өвлийн бэлтгэл хангахад та бүхэнд юу хэрэгтэйг дулаан цагт үзэн шалгаж, шаардлагатай зүйлсийг боломжийнхоо хэрээр нийлүүлэх зорилготой” хэмээн тайлбарлав.
Баянтүмэн тасгийн хувьд экспортын цайр, хар тугалга ачиж, импортын нефть, буудай, мазут, битум зэрэг бүтээгдэхүүн буулгадгаараа онцлогтой. Тус хамт олон оны эхний найман сарын байдлаар нэг гологдол, дөрвөн дутагдалтай ажиллаж байгаа аж. Ачаа тээврийн төлөвлөгөө нь олон улсын буулгалт, зорчигч тээвэр хоёроос бусад нь давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, олон улсын ачаа 912 вагонд 58368 тонн ачиж, төлөвлөгөөг 132 хувиар биелүүлжээ. Харин 891 вагоноос 53599 тонн ачаа буулгаж төлөвлөгөөг 95.7 хувиар биелүүлсэн байна. Орон нутгийн ачаа 178 вагонд 7487.1 тонн ачиж 110 хувиар биелүүлсэн байна. Ингэснээр эхний найман сард нийт 119454 тонн ачиж төлөвлөгөөг 111.8 хувиар биелүүлснээ танилцууллаа.
Орон тооны хувьд тасгийн хэмжээнд Замын V анги нийт 17 хүн дутуу байна. Тиймээс орон нутгийн залууст төмөр замын байгууллагын давуу талыг сурталчилж танилцуулах, сум орон нутагтай хамтран ажиллаж дутуу орон тоогоо нөхөх арга хэмжээ яаралтай авахыг үзлэгийн комисс санууллаа. Одоогийн байдлаар Баянтүмэн тасгийн Замын II хэсэг буюу Хөх нуурт эрчим хүчгүй, бусад нь бүгд эрчим хүчинд холбогдсон учир тус хэсгийг сэргээгдэх буюу нарны эрчим хүчний үүсгүүртэй болгох ажлыг судалж буйгаа Эрчим хүч, ус хангамжийн төв /ЭХУХТ/-ийн дарга П.Баяржаргал хэллээ. Учир нь, төвлөрсөн шугамаас эрчим хүч татвал хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөв гарах бол сэргээгдэх эрчим хүчээр шийдвэл 10 дахин хямд өртөгтэй болох аж. Үүнээс гадна өмнөх жилд Хавирга өртөө эрчим хүчинд холбогдсон ч хуучин тулгуур шонгууд нь илжирч муудсан тул бороо ороход гэмтэх, хөндлөвч хугарах, газардуулга гарах зэргээр үе үе тог цахилгаангүй болж буйг тасгийн удирдлагууд танилцуулав. Уг шугамыг хэвийн болгоход эхний ээлжинд 25 шон, 37 хөндлөвч солих шаардлагатайг танилцуулсан ч ЭХУХТ-ийн дарга “Түр зуур аргалах ажил хийвэл дахиад л үлдсэн шонгуудад нь асуудал гарсаар байх болно. Тиймээс нэг мөр их засвар хийх ажлын төлөвлөгөөнд оруулж өгөхийг Замын I орлогч даргаас хүсье” гэсэн юм. Тиймээс комиссын ахлагч уг ажлыг судалж үзэх үүргийг холбогдох хүмүүст өглөө.
Харин замчдын зүгээс “Цалин бага, ажиллах нөхцөл хүнд учир шинэ залуус ажилд орсон ч удаан тогтохгүй гарч байна” гэв. Замын V ангид жил бүр Замын захиргаанаас бетон болон модон дэрээр тодорхой хэмжээнд хангадаг. Энэ онд гэхэд л агуулах дахь өмнөх жилийн үлдэгдэл 375 төмөр бетон дэр дээр нь нэмж 11872 төмөр бетон дэр олгосон байна. Үүнээс есдүгээр сарын 09-ний байдлаар 10641 дэр сольжээ. Мөн 3200 модон дэр өгснөөс 3099-ийг нь сольж, үлдсэн дэрийг нь үер усны бэлэн байдалд хадгалж байгаа аж. Үзлэгийн үеэр дахин төмөр бетон дэрээр хангахаа комиссын ахлагч хэлсэн юм. Баянтүмэний төмөр замын хувьд бетон болон модон дэрээр жил бүр ийнхүү хүчжүүлэн сольж байгаа ч шаардлага хангахгүй дэрийн тоо төдийлөн буурч, эрсдэл багасахгүй байгааг мастерууд нь хэлж байлаа. Энэ онд замын бүх хэсэг наймдугаар сараас бусад сард нь баллын төлөвлөгөөг барьж ажиллажээ. Харин наймдугаар сард бороо их орсны улмаас замын баллын дундаж нь 49.1 болсон байна. Тиймээс хүйтрэхээс өмнө суулт өгсөн хэсгүүдийг өргөн чигжиж, шаардлагатай дэрнүүдийг солин баллаа бууруулж, өвлийн тээвэрт бүрэн бэлтгэх үүргийг Тээврийн хяналтын албаны салбар зам хариуцсан байцаагч Д.Баттулга өглөө.
Тус тасгийн хөдлөх бүрэлдэхүүний хувьд гэвэл ашиглаж буй дөрвөн зүтгүүрийн ТР-3 засварын хугацаа дуусаад 1.2-3.9 хүртэл жилээр хэтэрсэн байгааг Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагч Б.Батбаатар танилцуулав. ТР-3 засварын хугацаа хэтэрснээр далд гэмтлүүд ихээр гарч байгаа аж. Үүнд анхаарч илчит тэрэгнүүдийг Дархан татах хэсэгт аваачиж засварлуулах ажил зохион байгуулж өгөхийг комиссынхноос хүссэн юм. Зорчигчийн вагоны төлөвлөгөөт депо засварыг Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргын 40б цахилгааны дагуу энэ сарын 04-17-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа аж. Ачаа болон зорчигчийн вагоны сэлбэг материалын бууршгүй нөөцийг тогтмол шалгаж, тухайн жилд баталгаажсан сэлбэг материалаар тогтмол сэлгэн ажиллаж буйгаа Вагоны аж ахуйн дарга Т.Төмөртогоо танилцуулав.
Баянтүмэн-Эрээнцав хоорондын бүс нутагт ургац арвинтай байдаг тул гал түймэр гарах тохиолдол их. Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд гэхэд л Чойбалсан сумын хогийн цэгээс гарсан гал түймрийн улмаас Замын VI хэсгийн 187-190 дүгээр км-ийн 354 модон дэр, агаарын шугамын нэг модон шон шатсан байна. Энэ мэтчилэн гал түймэрт дэр мод олноороо шатаж, асар их хохирол учирдагтай холбогдуулан Баянтүмэн тасгийг галын галт тэрэгтэй болгох Замын даргын тушаал гарчээ. Үүний дагуу 60 тоннын багтаамжтай усны вагон, ус шахах 200 метр хоолой зэрэг тоноглол бүхий чингэлэгтэй тавцант вагон зэргийг тоноглосон байна. Үзлэгийн үеэр ЦХОБА-ны орлогч дарга Ю.Баяржаргал өртөөд, замын хэсгүүдийн ажлын байр, ажилчдын технологийн сууцууд төмөр замаас хэд орчим метр зайд байрладагтай танилцаж, ус шахах хоолойг дор хаяж 500 метр болгох зайлшгүй шаардлагатайг хэлсэн юм. Мөн уг галт тэргийг одоогийн байдлаар зөвхөн Баянтүмэн өртөөнд усаар зэхэх боломжтой аж. Тиймээс Хэрлэн, Хавирга, Чингисийн далан, Эрээнцав өртөөдөд усаар зэхэх нөхцөлийг бүрдүүлэх, галын галт тэргийг шаардлагатай багаж хэрэгслээр бүрэн тоноглох, мэргэжлийн бус гал сөнөөгчдийг сургаж дадлагажуулах шаардлагатайг Тээврийн хяналтын албаны Гал, харуул хамгаалалт хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд гамшгийн нарийн бичгийн дарга Б.Гансүх анхаарууллаа.
Удирдах болон шинэ төмөр замчдад ХАБЭА-н сургалт хийлээ
Үзлэгийн үеэр ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан, ХАБЭА хариуцсан инженер Т.Мөнхчин, Өргөх механизм, даралтат савны инженер-байцаагч Ц.Мөнхбаяр нар “Нэн тэргүүнд ХАБЭА” сургалтыг гурван сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Сургалтад тасгийн нэгж, хэсгийн дарга, ажил удирдагчид болон шинээр ажилд орсон ажилтнуудаас бүрдсэн нийт 30 ажилтан хамрагдлаа.
Хамт олноо манлайлан ажилласан төмөр замчдын шагнав
Замын даргын тушаалаар хамт олноо манлайлан ажилласан зарим төмөр замчдын шагнаж урамшууллаа. Тодруулбал, “Төмөр замчны алдар” тэмдгээр ДГКУ мотовозын машинч Г.Баярхүү, Зүтгүүрийн депогийн хүлээн авагч машинч Б.Батхуяг, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын VII хэсгийн замчин Н.Алтансүх, Баянтүмэн тасгийн их эмч Г.Болод нарыг шагналаа. Мөн “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын IV хэсгийн бригадын дарга Г.Бат-Эрдэнэ, I хэсгийн замчин Д.Уранбор нарыг шагнаж урамшуулав.
Мөн замын даргын гарын бэлэг болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны ойн медалиар цөөнгүй төмөр замчныг шагнаж урамшуулсан юм.
Ахлах ангийн сурагчидтай уулзлаа
Үзлэгийн үеэр Замын I орлогч дарга О.А.Казаков, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт, Баянтүмэн тасгийн дарга Д.Батмөнх нар Хэрлэн сумын ерөнхий боловсролын II сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр хүүхдүүдэд төмөр замын мэргэжлийн онцлог, давуу тал, ажлын байрны баталгаатай байдал зэрэг мэдээллийг олгож, хэрэв ЭЕШ-ын оноо өндөр бол дотоод, гадаадын их сургуульд төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэн суралцах боломжтойг танилцуулж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Тус сургуульд төмөр замчдын хүүхдүүд цөөнгүй суралцдаг аж. Тэднээс удам дамжсан төмөр замчин болох сонирхолтой хүүхдүүд хэд хэд байгааг сургуулийн захирал онцолж байлаа.
М.Наранболд
