Бумбардай Нарка (С.Нарантуяа) багшийгаа цэцэрлэгийн эрхлэгч болон дэвшсэнийг сонсоод багшдаа бамбаруушаа бэлэглэнэ гэсэн юм. Бумбардай сурагч болоод гурван жил өнгөрсөн ч цэцэрлэгийн хоёр багшаа, цэцэрлэгээ, найзуудаа одоо ч ярьдаг юм.
Анх Бумбардай цэцэрлэгт явах хачин дургүй хүүхэд байлаа. "Цэцэрлэгтээ явах уу, эмээтэйгээ Шивээговь явах уу?" гэхэд шууд л "Шивээ явъя" гээд л хөдөө явчихдаг байв. Гэтэл нэг өдөр Нарка багш нь над руу утасдаад "Бумбардайд гэртээ хийх дасгал ажлуудыг товхимол болгоод бэлтгэсэн ирж аваарай" гэв. Багш нь хүүд минь зориулан гараа гаргаж хэд хэдэн товхимол, бас ангийн найзуудынх нь өмнөөс захидал бичсэн байсан юм. Ээж нь багшаас нь тэр бүгдийг аваад сум явах таксинд өгч явуулсан. Хүү эмээтэйгээ тэр илгээмжийг хүлээж аваад жигтэйхэн баярлаж, хот руу ирэх хүртлээ багшийнхаа захиаг өдрийн хэд эмээгээрээ уншуулдаг байж. Өглөө, өдөр, орой... Эмээгээ амсхийх зуур л барьж ирээд "Багшийн захиаг уншаад өг" гэсээр хотод ирмэгцээ цэцэрлэгтээ явж эхэлсэн. Цэцэрлэгээ дүүргэтлээ багшийн хамгийн хайртай шавь хамгийн идэвхтэй, хамгийн олон шүлэг цээжилсэн, ангийн гоцлол дуучин, бүжигчин хүү болсон билээ.
Багш гэж ямар их сэтгэлтэй, ухаантай, өгөөмөр, алсын хараатай хүн байдгийг би тэгэхэд Нарка багшаас харж мэдэрч билээ. Нарка багш нь Бумбардайн бамбаруушийг хүлээж аваад "Баярлалаа. Бумбардайнхаа бамбаруушийг зааландаа тавина аа. Хүүхдүүд минь их баярлах байх даа" гэж хүүхэд шиг баярласан.
Гэр хол болохоор хүү минь тэр болгон багш дээрээ ирж уулзаж амждаггүй. Ээж нь багш шавь хоёрын хайр шингэсэн илгээмжийг баяртайгаар зөөгөөд гүйж явдаг. Амьдралд баярлаж талархмаар зүйл ямар олон гэж санана.
УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа "Ирээдүй" цэцэрлэгийн эрхлэгч С.Нарантуяа гэж гайхалтай сайн багш, сайхан бүсгүй байдаг. Олон олон бяцхан зүрхэнд хайр, оюунд нь эрдмийн үр суулгаж буй цэцэлэрлэгийн багш нарын ач гавьяаг мартахын аргагүй дээ.
