“Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг УБТЗ ХНН-ийн хамт олон 2013 оноос эхлэн энэ жил 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын Төмөр замын холбооны гишүүн улс орнууд энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхдээ төмөр замын гарам дээр гарч буй осол, зөрчлийг бууруулахад чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулдаг. УБТЗ-ын хувьд ч уг өдрийг угтаж, жил бүр 4-5 гармын хаалт хамгаалалт, дохиоллыг сайжруулах, тохижилтын ажлыг хийхийн зэрэгцээ тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигчдод гармын аюулгүй байдлын талаар мэдээлэл сурталчилгааг өргөнөөр хийж ирсэн юм.
Энэ жил уг өдрийг угтан УБТЗ ХНН зургаан гармыг “Жишиг гарам” болгон тохижуулж, гармын тоноглолыг сайжруулах ажил хийсэн байна. Тодруулбал, Салхит өртөөний 157 дугаар км, Дархан-2 өртөөний 127 дугаар км, Багахангай өртөөний 508 дугаар км, Айраг өртөөний 753 дугаар км, Өргөн өртөөний 937 дугаар км, Баянтүмэн тасгийн Хэрлэн өртөөний 194 дүгээр км дэх гармуудыг жишиг болгон тохижуулж, ОУ-ын гармын мэдлэг дээшлүүлэх өдрөөр нээлтийг нь хийв.
Багахангай өртөөний 508 дугаар км-ийн жишиг гармын нээлтэд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Замын аж ахуйн албаны дарга, МУГТ Ю.Нямжаргал, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар болон Тээврийн цагдаагийн албаны харьяа Төмөр зам дахь Цагдаагийн газар, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Багахангай өртөөний 508 дугаар км дэх гарам нь төмөр замын гарам, аюултай бүсийн талаарх ойлголт багатай хөдөөний жолооч нар ихээр зорчдог, дээр нь тэсэрч дэлбэрэх аюултай ачаатай сэлгээний зэрэгцээ хөдөлгөөн байнга хийгддэг тул эрсдэл өндөртэйд тооцогддог байна. Тиймээс уг гармыг УБТЗ-ын захиргаа, Багахангай дүүргийн удирдлагуудын удаа дараагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд жижүүрийн зохицуулалттай гарам болгон тохижуулжээ.
Энэ хүрээнд гармын шалавчийг сольж, гармын ойртох хэсгийн асфальтан хучилтыг засаж, тэмдэг тэмдэглэгээг иж бүрэн шинэчилж, чиглэл заагч, чанга яригч, хяналтын камер зэргийг суурилуулж, жижүүрийн байрыг шинээр барьж гаднах тохижилтыг хийсэн байна. Жижүүрийн байрыг доод давхартаа багаж хэрэгсэл хадгалах агуулах болон ариун цэврийн өрөөтэйгөөр барьжээ. Мөн гармын орчинд борооны ус тогтох, үер орж ирэхээс хамгаалж хоёр талд нь ус зайлуулах хоолойг суурилуулсан зэрэг олон шийдлийг нэг дор шийдсэн байна.
Мөн Багахангай-Мааньт хоорондын замын 518 дугаар км-т “Монгол Чех металл” ХХК-ийн дагнасан хэрэглээнд ашиглагддаг нэг түвшний огтлолцол бүхий гармыг хоёр түвшинд шийдсэн хонгилон гарцын ажил эхэлсэн гэнэ. Тухайн гармын талаар Замын захиргаа, ашиглагч компанийнхантай удаа дараа уулзалт зохион байгуулж, хэлэлцсэний үндсэн дээр ажил нь эхэлжээ. Том оврын автомашин нэвтрэхэд зориулсан уг гармыг долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулж, нэг түвшинд огтлолцсон гармыг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
508 дугаар км-ийн гармын нээлтийг Замын II ангиас эл өдөр өргөн дэлгэр тэмдэглэж, Багахангай дүүргийн иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцлоо. Уг өдөрлөгөөр хүүхдийн гар зургийн уралдаан, АХА тэмцээн, дугуйн уралдаан зохион байгуулж, өдөрлөгийн талбайд тоглоомууд суурилуулан үйлчилж, үнэгүй зайрмаг, гарын бэлэг тараасанд Багахангайн багачуудын ёстой “нар нь гарав” бололтой.
Түүнчлэн, Төмөр замын чуулгын уран бүтээлчид хүрэлцэн очиж ая дуугаа өргөсөн юм.
Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн 508 дугаар км дэх гармын өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Уг гарам дээр өнгөрсөн онд найман удаа, энэ он гарсаар хоёр удаа яаралтай тоормос хийлгэсэн өндөр эрсдэлтэй цэг. Тиймээс эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гармыг жижүүрийн зохицуулалттай болгох тохижилтын бүхий л ажлыг төмөр замчид хийлээ.
УБТЗ-ын хэмжээнд нийтдээ 360 гарам байна. Эдгээр гармын эрсдлийг бууруулах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нь сайжруулах, мөн хоёр түвшинд огтлолцуулах арга хэмжээг санаачилан зохион байгуулж байна.
2023 онд 16 гармыг хөдөлгөөнд хаасан. Гурван цэгт хонгилон гарц барих ажлыг Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын захиргаатай хамтран зохион байгуулсан. Энэ жил нийслэлийн санхүүжилтээр 396 дугаар км-т, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Орхон зөрлөг дэх гармыг хоёр өөр түвшинд огтлолцуулах ажилд орон нутгийн захиргаа болон бусад байгууллагуудтай УБТЗ нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байна” хэмээлээ.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Дүүргийн маань нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил биелэлээ олж байгаад баяртай байна. Багахангай дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон бүтээмж хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гармыг УБТЗ маань хаалттай гарам болгон тохижуулж байна. Үүн дээр дүүргээс тодорхой хэмжээний санхүүжилтийг шийднэ. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан төмөр замчдадаа дүүргийн иргэдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье” гэв.
Багахангай дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Билгээ “Энэ гарам бол дүүргийн өндөр эрсдэлтэй цэг. Дүүргийн нэг, хоёрдугаар хороонд тус бүр 2000 орчим иргэд оршин суудаг. Эдгээр иргэд бүгд өдөр бүр энэ гармаар гарч, өдөр тутмынхаа ажил, амьдралыг залгуулдаг. Хамгийн эрсдэлтэй цэг байсныг жижүүрийн зохицуулалттай, хаалттай болгож, эрсдлийг бууруулах ажлыг хийж байгаад талархалтай байна. Энэ гарам дээр өмнө нь зам тээврийн ноцтой ослууд гарч байсан. Бид бас энэ гарам дээр гардаг зөрчил, ослын судалгааг хийж дүүргийн удирдлагуудад танилцуулж байсан. Үүний үндсэн дээр гармыг хаалттай болгох ажлыг хийж байгаад талархалтай байна” гэв.
Өдөрлөгийн талбайд зохион байгуулагдсан тэмцээн уралдааны ялагч нарт гарын бэлэг гардуулсан юм. “АХА” тэмцээний ялагч, супер шагнал болох унадаг дугуйн эзэн болсон Хангай цогцолбор сургуулийн зургадугаар ангийн сурагч Б.Тунанболор охины эмээ н.Хишигсүрэн нь ахмад төмөр замчин аж. Тэрбээр, “Найзуудтайгаа энэ өдөрлөгт оролцож, АХА тэмцээний ялагч болж унадаг дугуйтай болсондоо туйлын баяртай байна. Миний дугуйтай болохсон гэсэн мөрөөдөл минь өнөөдөр биелэлээ.Төмөр замчин ах эгч нартаа баярлалаа. Төмөр замын гармаар гарахдаа зогсоод, галт тэрэг ирж байгаа эсэхийг сайтар харж байж нэвтрэх ёстой гэдгийг мэдэж авлаа” хэмээсэн юм.
Мөн унадаг дугуйн уралдааны ялагч, 12 настай Э.Отгонбилэг “Миний аав Энхбаяр төмөр замын гарам дээр ажилладаг. Аав маань “Өнөөдөр гармын өдөрлөг болно. Миний хүү юмыг яаж мэдэх вэ уралдаан тэмцээнд нь оролцоод үз” гэсэн. Тэгээд найзуудтайгаа ирээд унадаг дугуйтай болсондоо баяртай байна” хэмээгээд инээд цалгиулан шинэ дугуйгаа унан гэрийн зүг одлоо. Мөн гар зургийн уралдааны эзэн бяцхан охин унадаг дугуйтай болоод буцсан билээ.
Ийнхүү бараг Багахангай дүүргийн “Багачуудын наадам” шахуу хөлтэй, хөөртэй, аз одоор дүүрэн өдөрлөг өндөрлөлөө.