Энэ сарын 6-нд Багахангай зангилаанд ипотекийн 40 айлын орон сууцны шав тавих ёслол болжээ. УБТЗ ХНН-ийн төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдах 40 айлын орон сууц нь ипотекийн гурван хувийн зээлэнд хамрагдах боломжтойгоороо ихээхэн онцлогтой аж. Шав тавих ёслолд УБТЗ ХНН-ийн Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай, БОС-ны албаны дарга Г.Ганбат, Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт, Төлөвлөлт эдийн засгийн албаны орлогч дарга Ө.Батсүх, Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян, Багахангай дүүргийн Засаг дарга Сүхболд, тендерт шалгарсан “Бүтээмжит хийц” ХХК-ийн захирал Э.Санжмятав нарын албаны хүмүүс, зангилааны төмөр замчдын төлөөлөл оролцсон байна.

“Багахангай зангилааны дарга С.Азбаяр “Манай зангилаанд 176 төмөр замчин ажиллаж, амьдардаг. Үүний 90 орчим хувь нь залуус. Энд орон сууцны хүрэлцээ муу учир залуу төмөр замчид ихэвчлэн түрээсийн байранд, орон нутгийн уугуул ажилчид маань ердийн галлагаатай хашаа байшинд амьдардаг. Замын захиргаанаас Багахангай зангилаанд ипотекийн зээлийн орон сууц барихаар шийдвэрлэсэнд манай төмөр замчид маш баяртай байна” хэмээв. Гүйцэтгэгч компани орон сууцны барилгын ажлыг энэ намар эхлүүлж, ирэх оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар гэрээ хийжээ.