Багануур зангилаанд зохион байгуулсан “Гурван үеийн уулзалт зөвлөгөө”-нд ахмад дунд залуу үеийн нийт 65 хүн оролцлоо. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр ахмад төмөр замчин Б.Дугарсүрэн Багануур зангилааны төмөр замчдад өөрийн ажлын арга туршлагаа хуваалцлаа. Тэрбээр  Зүүнхараагаас ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр Сайншандад депод ажиллаж байхдаа ХЗЭ-ийн гишүүний хувиар илчит тэргэнд ганц туслах машинчтай ажиллах санаачилга гаргаж байсан, энэ үед машинч н.Нацагдорж “Хөдөлмөрийн баатар”цолыг хүртсэн зэрэг залуу насныхаа алтан дурсамжийг хуваалцаад. Төмөр замчин залуусаа чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөхийг уриалсан юм. Мөн дунд үеийн төлөөлөл болох УБТЗ-д 26 жил ажиллаж байгаа Ю.Гантулга өнөөгийн түүхийг бүтээсэн ахмадууд болон ирээдүйн залгамж халаа болохоор хөдөлмөрлөж байгаа залуу үеийнхэнтэйгээ нэгэн дээвэр доор чуулж, өмнөө тулгамдсан асуудал болоод түүнийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцаж буйдаа халуун талархал илэрхийллээ. Түүнчлэн, “Аливаа хүн хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах нь хамгийн чухал. Нэгэнт зорьсон бол эзэмшсэн мэргэжилдээ маш сайн дадлагажиж, гартаа оруулах хэрэгтэй” хэмээн залуучууддаа захилаа. Мөн залуу үеийн төлөөлөл болох галт тэрэгний туслах найруулагч Б.Ганчөдөр өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн хөдөлмөрлөж байгаадаа туйлын баяртай явдгаа бахархан ярьсан билээ. Уулзалт зөвлөгөөний төгсгөлд болсон шинэ ажилтны сургалтад нийт 35 хүн оролцож, хувь хүний хөгжлийн сэдвээр хамтдаа суралцлаа.