Төмөр замын дээд сургууль, Политехник коллежийн төгсөх ангийн оюутнууд  УБТЗ-аас төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудтай уулзлаа. Энэ уулзалтыг  "Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбоо"-ноос зохион байгуулсан юм. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Хөдөлмөрийн баатар Ц.Бумцэнд, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, Л.Мөнхбаяр, Г.Вандандагва, Ю.Нямжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Х.Сүрэнжав, Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ,  Гавьяат барилгачин Ж.Энхтуяа, Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Энхтуяа, УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдорж нар оролцож ажлын туршлага, зөвлөгөө өгөв. Мөн ХНН УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг, Төмөр замын дээд сургууль, Политехник коллежийн удирдлагууд, багш нар оролцсон юм. "Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын холбоо"-ны дэд тэргүүн Л.Мөнхбаяр уулзалтыг хөтөлж, дөрвөн үндсэн чиглэл сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд өөрсдийн түүхэн замнал, туршлага зөвлөгөө өглөө. Сургууль төгссөн шинэ боловсон хүчинтэй төмөр замын байгууллагын захиргаа хэрхэн ажиллах сэдвийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Монгол Улсын гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, Г.Вандандагва нар  сургамж, зөвлөгөө өгч сонирхолтой яриа өрнүүлэв. Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал: -"... Ажлын гараагаа эхэлж байгаа хүн хөдөлмөрийн хамт олноос их зүйл сурч, бойжиж, чиглүүлэгч нь болдог.  Миний хувьд 1987 онд Москва хотын Төмөр замын дээд сургуульд төгсөөд Замын III ангид замчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.  Бригадын дарга, зам хариуцсан мастер хийж байсан. Шинээр төгсөж ирсэн залуучуудыг дэмжиж хүлээж авдаг.  Замын мастер галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй аюулгүй найдвартай байдлыг хангахын тулд  20-35 км замаа бүрэн хариуцаж,  эрдэм мэдлэгтэйгээс гадна хариуцлагатай сэтгэлийн тэнхээтэй байх. Бэрхшээл тулгарна үүнийг даван туулах сэтгэлзүй бэлтгэлтэй байх ёстой. Инженерүүд олон улсын болон дотоодын томоохон төсөл хөтөлбөрт оролцож хэрэгтэй..."  хэмээн зөвлөв. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ :-"...Холбооны ажил гэдэг бол хариуцлагатай нягт нямбай нарийн байхыг шаарддаг. Үйлдвэрийн дадлагаа чин сэтгэлээсээ хийж их зүйлийг  сурч аваарай. Улаанбаатар төмөр замын  захиргаа залуучуудыг сурч боловсроход дэмждэг. Ажил дээр гараад сурч боллоо гэж зогсохгүйгээр цаашид сурах нөхцөлөө эрэлхийлж байгууллагын захиргаанд хүсэлтээ тавьж, зөвхөн үндсэн мэргэжлээр биш өөрийн сонирхсон чиглэлээр суралцахыг хүсвэл боломжит нөхцөлөөр хангадаг ач гавьяатай байгууллага..." гэж онцолж байсан.  

Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ:-"...Төмөр замын байгууллагад тууштай идэвх зүтгэлтэй,  сэтгэлтэй ажилласнаар өнөөдөр би хожсон.  55 насандаа тэтгэвэрт гарч,  гурван сая төгрөгийн тэтгэвэр авдаг.  Та нарыг сайхан хамт олон угтана. Галт тэрэгний хөдөлгөөний схем зургийг  анх зурахад хэцүү санагдавч амтанд нь ороод ирэхээр мэргэжилдээ  улам дурладаг..."

Хөдөлмөрийн баатар Ц.Бумцэнд:- "...Би энэ сургуулийг 1961-1965 онд төгссөн. Миний ач, зээ нар шиг та нарт сурсан мэргэжилдээ үнэнч сайхан ажиллаж сурахыг захья. Илчит тэрэгний машинч жирийн хүний ажилтай харьцуулалтгүй тул сайн сурах хэрэгтэй. галт тэрэг, вагон дүрэм заавар, техник ашиглалтын гурван дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй..." сургамжлав. Гавьяат тээвэрчин Ё.Баяраа ажилдаа үнэнч байх, мэдлэгээ сайжруулах,  Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Энхтуяа нэг зорчигчтой ам зөрвөл аяллын явцад сайн үйлчилж харьцсан ч үр дүнгүй болдог. Анх төрсөн сэтгэгдэл чухал тул зан харьцаандаа анхаарах хэрэгтэй гэж зөвлөв. Гавьяат барилгачин Ж.Энхтуяа: "..шугам замд их зүйл сурдаг. Хүний үг дааж сурах, зүтгэлтэй тууштай байснаар сайн ажилтан, боловсон хүчин болно" гэсэн юм..

Гавьяат тээвэрчин Л.Болд:-"...Хүний амьдрал 24 цагийн хэмнэлтэй найман цаг унтана, найман цаг ажиллана,  найман цаг гэр бүлтэйгээ өнгөрөөнө.  Суралцаж байгаа цаг хугацаагаа үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Мэдээллийг хэзээ, яаж, ямар хугацаатай олж авах, багш нар, ээж, аав нарын хэлсэн үгийг сайн сонсож хоногшуулж ав.  2-3 гадаад хэлтэй болсноор дэлхийн хүн болно. Эрчтэй хүчтэй үедээ биеэ дайчлан суралц. Өөрийн бие бялдар, оюун ухааны өгөгдлөө байнга сайн судал. Хоббитой байх ёстой. Хобби биеийн алжаал, ядаргааг тайлдаг..." зэрэг сонирхолтой зөвлөгөөг өглөө.

МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг:-"Манай залуучууд подкастыг янз бүрийн чиглэлээр сонсож байгаа.  мэргэжлийн чиглэлээр нэг танхимд мэргэжлээрээ амжилт олсон ийм хүмүүсээс халуун дулаан үг сонсоно гэдэг та бүхний хувьд хамгийн үнэ цэнэтэй цаг байх. Халуун дулаан яриа сонсоно гэдэг энэ цаг үед хамгийн үнэ цэнэтэй цаг байсан гэдэгт итгэлтэй байна. Би 13 хөдөлмөрийн баатар, найман гавьяатуудыг хүлээн авч уулзаж байсан. Үнэхээр домог шиг яригддаг хүмүүс. Мэргэжлээрээ,  ажил үйлсээрээ, биеэ авч явах, хамт олон дотор үнэлэгдэх  гэдгийг үлгэрлэж ирсэн Улаанбаатар төмөр зам гэлтгүй Монгол Улсын төмөр замын салбар дахь гайхалтай хүмүүсээс хоёр цагийн хугацаанд мэдээлэл авна гэдэг гайхалтай цаг мөч. Төмөр замын салбарт үнэт зүйл бол ажилтан та бүхэн. Замын Захиргаа, ҮЭ-ийн байгууллага нийт ажилчдын цалин хөлс, ажлын орчин, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн хувьд хөгжих дэвжих, амьдралын хувьд сэтгэл ханамжийн хувьд баталгаатай байх ёстой . Энэ бүхнийг биелүүлэхийн тул байгууллагын захиргаа, ҮЭ жил бүр хамтын гэрээгээ байгуулж дүгнэж ажиллаж байна. Төмөр замын ирээдүй сайхан байгаа. Энэ бүс нутаг дахь төмөр замын хөгжил, тээврийн хэмжээ, технологийн шинэчлэл гээд маш сайхан гэрэлт ирээдүй харагдаж байна. Энэ ирээдүйг та бүхэн түүчээлж авч явна. Шугам замын амьдрал үнэхээр сайхан. Ажлын хүнд бэрхийг сурах хэрэгтэй. Ийм арга хэмжээнд анх удаа оролцож байна. Үр дүнтэй уулзалтай ярилцлага боллоо" гэж дүгнэв.

ХНН УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт:-"Монгол Улсын хөдөлмөрийн баатар хоёр, 11 гавьяатай нэг дор уулзаж байгаатай баяртай байна. Баатар гавьяатуудын ярианаас 24 ишлэлийг хүлээн авлаа. Өөрөө өөртөө эзэн байна гэдэг хамгийн чухал нь. Хөдөлмөрлөсөөр хөдөлмөрлөсөөр амжилт ирнэ. Өөрийгөө хуурч өглөө босож чадахгүй, өөрийгөө хуурч утсаа байнга оролдоод байвал чиний ирээдүй хаа хүрэх вэ. Хүн асар том зорилготой байх ёстой. Энэ гол агуулгыг  оюутан залуус бодож яваасай гэж хүсэж байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллана. УБТЗ-д ажилд орно гэж бодож байгаа байх. Энэ чухал асуудал. Хүн аливаа зүйлийг эхнээс нь зөв сурах ёстой. УБТЗ-ын  карьер төлөвлөлтийн хувьд хөрвөн ажиллах чадварын бодлого явагдаж байгаа. Та нар хэсэг хугацааны дараа албан тушаал дамжаад явах хугацаандаа суралцах бүрэн боломжтой. Байгууллагын соёлыг өндөр түвшинд авч үзэх тодорхой хэм хэмжээ тогтсон байдаг, Тухайн хүн ажлын хувцсаа авахаас эхлээд ажилд гарах зааварчилгаа өгөх, хэрхэн аюулгүй ажиллаж сурснаар дараагийн алхам албан тушаалын талаар бодох хэрэгтэй. Хүн  аливаа зүйлийг сайн, зөв хийж сурах ёстой.  Өөрийнхөө аюулгүй ажиллагаа, ирээдүйд сайн ажиллах баталгааг олж авах ёстой. Тийм ч учраас Хөдөлмөрийн баатар Гавьяатууд хэрхэн сайн ажилтан болох, зөв хүн болохын, хэрхэн өөрийг удирдана чиглүүлэх вэ гэдгийг зааж нэлээдгүй алтан сургуулийг хэллээ.  Энэ сургааль үг залууст заавал хүрэх ёстой..." гэж уулзалтыг дүгнэлээ.  Уулзалт амжилттай болж өндөрлөлөө.  

 

 П.Түмэндэмбэрэл