Бид ажлын байранд ихэнх цагаа өнгөрүүлдэг. Ажил дээрээ айх айдасгүй, аюулгүй, чөлөөтэй сэтгэл амар байсанаар ажлын бүтээмж цаашлаад амьдралын чанарт нөлөөлдөг. Ажлын байранд дарамт мэдрэх, гадуурхал, үл хайхрах, харилцааны зөрчил, хамт олны зүгээс дэмжлэггүй байх нь ажлын байрны стресс, ажлаас халшрах хам шинжид хүргэх нь бий. Ингэж таагүй байдлыг байнга мэдэрсэнээр ажилдаа дур сонирхолгүй болох, ажил хийх хүсэл сонирхолгүй болж, улмаар ажлаас гарахад хүргэнэ. Мөн сэтгэл зүйн тогтворгүй байдлаас ажлын алдаа дутагдал, үйлдвэрийн осол гарах эрсдэл нэмэгддэх талтай. Ажилчин албан хаагч бүрийн цаана хүн, хүний амьдрал байдаг. Сэтгэл тайван хүн илүү бүтээмжтэй ажилладаг.
Ажилтны сэтгэл зүй, сэтгэцэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт байгууллагад 2.30-5.0 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй тэнцэх үр өгөөжтэй байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс байгууллагаас ажилтнуудынхаа сэтгэл зүйдээ анхаарал хандуулах нь маш үр өгөөжтэй ажил болно.
Хэрэв ажлын байранд тань таагүй уур амьсгал бий болбол ажилтан та яах вэ?
Тайвшрах аргууд: • Амьсгалын дасгал, мэдрэлийн дасгалын арга гэх мэт янз бүрийн тайвшрах аргууд байдаг. Хурцадмал байдлыг сарниулах нь чухал. Хэрэв өдрийн турш өөрийгөө түгшүүртэй байгааг мэдэрвэл угаалгын өрөөнд ороод гүнзгий амьсгаа авах, эсвэл хөнгөн дасгал хийж богино хугацаанд амрах зэргээр сэтгэл санаагаа сэргээхийг хичээгээрэй.
• Сэтгэлд байгаа янз бүрийн түгшүүр, бухимдал зэрэг мэдрэмжийн талаар ярихад сэтгэл сэргэх болно. Өөртөө хадгалж байсан санаа зовнилоо үгээр илэрхийлж гаргаснаар тайвширдаг гэж үздэг. Түүнчлэн, ярилцсанаар та мэдрэмжээ цэгцэлж, өөрөө шийдвэр гаргаж, зарим үед сайн зөвлөгөө авах боломжтой.
• Инээхийг зөвлөж байна. "Инээд"-ийг өдөр тутмын амьдралдаа шингээж, эрүүл, хөгжилтэй амьдарцгаая.
• Ажилтай холбоогүй хоббитой байх. Ажлаас гадуур хоббитой байх нь сэтгэл сэргээж, стресс тайлах мэдрэмж төрүүлдэг. Ганцаараа эсвэл найз нөхөдтэйгөө хамт хийх гэх мэт янз бүрийн хоббитой байх нь таны амьдралыг хөгжилтэй болгож, өдөр тутмын амьдрал нь сэтгэлзүйн хувьд баялаг болдог.
• Зохистой дасгал хийснээр сэтгэл ханамж, чөлөөтэй байдал, сэтгэл сэргэх мэдрэмжийг төрүүлж бие махбодын болон сэтгэл санааны стрессийг тайлахад тусалдаг. Спорт гэхээр зарим хүмүүс ялж ялагдах, ур чадвараараа өрсөлдөх ойлголттой байдаг боловч стрессээ тайлахын тулд "таашаал авах" мэдрэмж авах нь чухал байдаг. Танд таалагдсан дасгалыг хялбар, хөгжилтэй орчинд хамт олноороо хийж болно.
• Стрессийг зөв аргаар тайлах. Хэрэв та стресстэй байдлаас зугтахыг хүсэж архи, тамхи хэрэглэдэг бол эцэст нь хэрэглэх хэмжээ нэмэгдэж, зарим тохиолдолд та донтох, бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэндээ муутгана. Стрессээ тайлахын тулд архи, тамхинд найдахаас болгоомжил!
УБТЗ-ын Төв эмнэлгийн сэтгэл зүйч Т.Батцэнгэл
