Жил бүрийн дөрөвдүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ оны аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэнд, ажлын орчны эерэг уур амьсгалд илүү анхаарал хандуулах шаардлага нэмэгдэж байна.
Судалгааны баримтаас: ДЭМБ (2022): Ажиллах насны хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Жил бүр 12 тэрбум ажлын өдөр сэтгэл гутрал, түгшүүрээс шалтгаалан алдагдаж, дэлхийд нэг их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирч байгааг тогтоожээ. EU-OSHA (2014): Ажилчдын 27 хувь нь ажлын байрны стресс, сэтгэлзүйн дарамтад өртдөг байна. Эдгээрээс харахад ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэл нь ажилтны эрүүл мэнд, ажлын бүтээмж, байгууллагын тогтвортой хөгжилд шууд нөлөөлдөг аж. Иймд байгууллага, хамт олон бүр нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, ажлын байрны сэтгэлзүйд ээлтэй орчныг системтэйгээр бүрдүүлэх, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Улаанбаатар төмөр замын хэмжээнд Замын даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн А/233 дугаар тушаалын дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сарын аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, ОХУ-ын РЖД-ийн “Св.Пантелеймон” хөдөлгөөнт клиник оношилгооний төвтэй хамтран ажилтнуудад эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах, ажилтны дархлааг дэмжих зорилгоор хаврын витаминжуулалтыг зохион байгуулна. Мөн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны нөхцөлд тохирсон богино хугацааны дасгал хөдөлгөөнийг өдөр тутам тогтмол зохион байгуулж хэвшүүлэхийг уриалж байна.
